Хэдий хэмжээний ургац авахаа салбарын яам мэдэхгүй сууна
-Улсын хэмжээнд энэ жил 328.6 мянган га-д үр тариа тариалжээ-
Монгол орны нийт нутгаар сүүлийн өдрүүдэд бороо хуртай байна. Хур бороо орж, ган гачиг тайлагдлаа хэмээн ярьж буй ч энэ нь малд ямар ч шим тэжээлгүй өвс байдаг гэнэ. Нэг ёсондоо мал өөхөн тарга авахаас махан тарга авч чадахгүй өвөлтэй золгодог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Газар тариалан ч сэргэхгүй. Хадлан, газар тариалангийн бүс нутаг болох Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн ихэнх нутгаар гантай байгаа учир ургацаа алдахад хүрээд буйг тариалан эрхлэгчид ярьж эхэлсэн. Долоодугаар сард орсон бороо тариа будааны ургалтад нөлөөлдөггүй аж.
Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын эхний 15 хоногт үр тарианы бутлалт явагдах үед бороо хур элбэг байвал тариа сайн ургадаг гэдгийг Төв аймагт сурвалжлагаар ажиллаж байх үед тариалан эрхлэгчид хэлж байсан. Харамсалтай нь зургаадугаар сард хэт их халж, тэнгэр хангай хураа хайрлаагүй учир энэ жил ургацынхаа ихэнхийг нь алдахад хүрээд буйгаа тэд халаглан өгүүлж байв.
Энэ жил ган болж байгаа учир ирэх өвөл айхтар бичин жилийн зуд болох нь гэж хөгшчүүл ярьцгааж байна. Мэргэжилтнүүд ч үүнийг баталж, өвлийг өнтэй давахын тулд хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, хадлан тэжээлээ сайн базаахыг анхааруулж эхэллээ. Тиймээссалбарын яамнаас "Өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс сэргийлэх арга хэмжээ”-ний төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барихад бэлэн болж. Төсөлд 100-150 мянган тонн улаанбуудайн нөөц дотоодоос бүрдүүлэх талаар тусгажээ.
Улсын хэмжээнд энэ жил 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай,13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 500.2 мянган тонн үр тариа, 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ хурааж авахаар төлөвлөөд байсан юм. Харамсалтай нь энэ тоо зөвхөн цаасан дээр үлдэх нь.
Газар тариалангийн гол бүс нутгуудад тарианы ургалт ердөө 20-хон хувьтай байна гэсэн. Өдийд багсайж байх ёстой тариа будаа дөнгөж цухуйсан маягтай байх. Тав, зургаадугаар сард чийгээ сайн авч чадаагүй учир намар ургац авна гэж найдалгүй зарим тариаланч газартаа уринш хийж эхэлжээ.
Бороо орсонгүй гэсээр манайх хамаг ургацаа ийн алдаж байна. Хэрэв зарим газарт усалгаатай газар тариалан нэвтрүүлсэн байсан бол ирэх намар гурилын үнэ тэнгэрт хадна, гаднаас буудай, гурил авна хэмээн ярьж суухгүй байж болох байв. Тариа будааг ургуулах арга нь ердөө усалгаа аж. Манайх жилдээ 400 гаруй мянган тонн улаанбуудай хурааж авдаг. Үүнийгээ энэ жил авч чадахгүйд хүрчихээд сууж байна. Хэрэв усалгаатай газар тариаланг ядаж 100 мянган га-д ашиглаж байсан бол энэ хэмжээний буудайг өлхөн хурааж авах боломж байжээ.
Долоодугаар сар шувтарч байна. Нийт ургацынхаа хэдэн хувийг авах эсэхээ салбарын яам мэдэхгүй сууна. Зарим тариалан эрхлэгчид нийт ургацын 80 хувийг алдсан хэмээж байгаа бол салбарын яам энэ тоо ирэх сарын 10-15-ний хооронд тодорхой болно. Урьдчилж хэлэх боломжгүй хэмээх. Ургацынхаа 80 биш юм аа гэхэд 30-50 хувийг алдахад Монгол Улс гурил гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангаж чадахгүйд хүрнэ. Гаднаас улаанбуудай, гурил импортоор оруулж ирнэ. Энэ нь мэдээж үнэд нөлөөлж, эдийн засаг хүнд байгаа энэ үед ард иргэдийн амьдралд дарамт болох нь.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Ш.Гунгаадорж "Зургаадугаар сарыг алдсан бол тариа болдоггүй гэдгийг онол, практик баталчихсан. Ган, зуд гэдэг бол хариуцлагын том шалгуур. Хаана хариуцлага муу байна тэнд илүү нүүрлэнэ. Хэн намар залхуурсан, тэрний мал үхнэ. Зөв бодлоготой газарт харьцангуй бага тусдаг. Тэгэхээр байгалийн үзэгдэл хувь хүн бүрээс шалтгаална. Цаашлаад төрийн хариуцлагыг шалгадаг зүйл. Үүнийг сайн ойлгохгүй, хүсэн хүлээж байсан бороо орчихлоо гээд баяр наадмаа үргэлжлүүлэх маягтай байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Хаврын тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргажээ. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 20, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосон байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 57 аж ахуйн нэгж, иргэн 1.8 мянган тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгж 444 тонн шатахуун авахаар гэрээ хийжээ. Төлөвлөсөн ургацаа авч чадахгүй аж ахуйн нэгжүүд өр зээлээ хэрхэн төлөх вэ хэмээн толгойгоо гашилгаж сууна.
Үүнээс гадна ирэх жил ашиглах үр тарианы нөөцөө хэрхэн бүрдүүлэх вэ. Хаврын тариалалтад нийт 48.0 мянган тонн буудайн үр шаардагдаснаас аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаас 45.0 мянган тонныг нөөцөлсөн байсан. Тиймээс үлдсэн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж, хаврын тариалалт хийсэн. Ирэх жилийн нөөцийг яаж бүрдүүлэх нь тодорхойгүй байна.
С.Заяа