Хумсаа нуусан муур шиг татварынхнаас хэдий болтол айх вэ
Зам тээврийн сайд М.Зоригт ажлаа авангуутаа "Төрөөс төрсөн тэрбумтан” хэмээн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Занданбат гэгчийгээ нэрлэсэн. Энэ хүн нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа сүүлийн хоёрхон жилд л гэхэд 1 тэрбум 418 сая төгрөгийн урамшуулал авч байжээ. Ардын нам Засгийн газарт хамтарч, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүүг томилогдсоны дараа Б.Занданбат дээрх албан тушаалд очсон нэгэн аж. Энэ бол ердөө л нэг жишээ. Татварын төлөвлөгөө нэрээр татварын байгууллагууд бие биенээ их хэмжээний мөнгөөр шагнадаг байсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илэрсэн. Тодруулбал, Нийслэлийн татварын газар л гэхэд 771 сая төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтэс 1.1 тэрбум төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 1.4 тэрбум, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 1.3 тэрбум, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2.6 тэрбум төгрөгийг өөрсдөдөө урамшуулал нэрээр олгосон нь тогтоогдсон. Татварын байцаагч нарын дунд "Ядарч байна аа, цалин руугаа орохоос” гэдэг яриа байдаг юм билээ. Тэгэхээр цалингаараа амьдардаг. Цалингаасаа татвар төлдөг иргэд тэдний цалингаас гадуурх орлогыг бүрдүүлэх гэж ажилладаг гэсэн үг болж таарч байна уу, эрх мэдэлтнүүд ээ. Татварыхан хэрхэн идэж уудаг нь хэд хэдэн жишээгээр батлагдсан. "Exclusive” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан Майцэцэг хэмээх бүсгүй энэ талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээх хангалттай ярьж, татварын байцаагч нарыг хэлэх үггүй болгож байгаа. Татварын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх, хүү болон нууц амрагтайгаа нийлж шамшигдуулсан 10 гаруй тэрбум төгрөгийн хэрэг ч үүнийг гэрчилнэ. Татварын байгууллагуудаа анхааралдаа авахгүй бол төсвийн орлогыг бүрдүүлэгч биш, шамшигдуулагч болж хувираад байгаа юм биш үү, төрийн толгойд сандайлсан улстөрчид өө. Хумсаа нуусан муур шиг татварынхнаас хэдий болтол айж амьдрах вэ. У.Жанцан |