Х.Баттулга: Өрөө хаахын тулд Тавантолгойн ордыг төмөр замтай нь өгөх наймаа юм

845

Х.Баттулга: Өрөө хаахын тулд Тавантолгойн ордыг төмөр замтай нь өгөх наймаа юм

 

Төмөр замыг тойрсон шуугиан тариад байгаа асуудлаар Х.Баттулга гишүүнээс тодруулга авлаа.  

 

-Та болон тантай хамт ажиллаж байсан хүмүүсийн талаар маш их шуугиан дэгдээсэн мэдээлэлүүд хэвлэлээр гарч эхэллээ. Өдрийн сонины 2015 оны 11 дүгээр сарын 19-ны дугаарт нэр бүхий 5 хүний  дансаар мөнгө угаагдсан гэдэг мэдээллийг маш тодорхой нэр устай бичлээ. Таны нэр тэнд байна?

 

- Энэ бол гүжир гүтгэлэг гэдгийг шууд хэлье. Би тус сонинд хандаж гүтгэлэг болохыг хэлсэн, мөн шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болохоо хэлсэн. Сонины зүгээс тайлбар хийж чадахгүй байна. Харин тус материалыг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг хэллээ. Тэгэхээр зохион байгууллалттай бөгөөд  захиалагч нь ямар ч байсан тодорчихлоо. Өмнө нь Үндэсний шуудан сонин бас цуврал гүтгэлэг нийтэлсэн. Би шүүхэд өгсөн. Үндэсний шуудан сонин шүүхэд тайлбараа ч гаргаж өгч чадахгүй л байна шүү дээ. Тэр сонин захиалгаар гүтгээд одоо шүүхэд хэлэх үггүй л зугтаад байж байна.

 

-Та тэгвэл өөртөө итгэлтэй байна уу ?

 

- Мэдээж, бүрэн итгэлтэй байна. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг. Би өмнө нь хэлж байсан даа. Энэ асуудал цаашдаа улс төрийн зорилготой болж хөврөх байх гэж.. Тэмээ хариулсан хүн буурийн зангаа андахгүй гэж нэг үг бий байх аа. Цаашдаа юу болохыг ч би хэлж чадна.

 

- Юу болно гэж ?

 

- Тавантолгойн ордыг төмөр замын хамт луйварын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайрсан дайралт болж байна. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна. Энэ хүмүүсийг Нүүрсчин нам гэж улс төрийн хүрээнд нэрлээд байгаа.

 

-"Нүүрсчин нам” гэж хэн гэж ?

 

- АН, МАН дамжсан бүлэглэл. Ард нь Хятадтай хамтарсан манай нэг компани байдаг. Тэд өрөнд ороод дампуурлын ирмэгт байгаа. Эзэд нь мөнгөө нэхээд, эд нар болохоор өрөө хаахын тулд Тавантолгойн ордыг төмөр замтай нь өгөх наймаа юм даа

 

-Хөрөнгө оруулалт орж ирэх юм биш үү ?

 

- Хөрөнгө оруулалт гэдэг гоё үгээр халхавчилсан Монгол Улсад ашиггүй, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хортой  үйл ажиллагаа. Энэ бүхнийг хэлж ярьж байгаа цөөхөн хэдэн хүнийг хүчний байгууллагыг ашиглаж дарж аваад дуугаргах хүнгүй болсны дараа Тавантолгойн ордыг авна схемээр л ажиллаж байна. Одоо хэлэхгүй бол болохгүй юм байна.

 

-Тухайлбал ?

 

- Маш тодорхой бөгөөд энгийн хэлье. Тавантолгойн ордыг харийнханд өгч өрнөөс гарах гэсэн энэ үйлдэл нь Монгол улсыг эдийн засгийн хувьд гадаад улсын бүрэн хараат байдалд оруулж улмаар цаашдаа улс төрийн тулгалт орж ирэх нөхцлийг бүрдүүлэх юм. Тийм учраас л тэр хүмүүсийн хүслээр явж болохгүй болоод байгаа юм. Эхлээд хуурах гэж үзээд бүтээгүй. Одоо болохоор хуурамч хэрэгт гүтгэж, цагдаагаар айлгаж байгаад зорилгоо биелүүлэх арга сонгожээ гэж харж байна.

 

1911-1919 он хүртэл Монгол улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэж байсан бүх эх орончид бусдад хорлогдож дууссаны дараа тусгаар тогтнолыг устгаад, дахин 1915 оны автономи эрхийг 1919 онд  устгасан түүх давтагдаж байна.  

 

Ярилцсан Б.Ширнэн 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

845 сэтгэгдэл