1206 оноос хойш Чингис гэдэг нэртэй хүүхэд 1933 онд төржээ
800 жилийн өмнө Чингис гэдэг догшин нэрийг "дааж” чадах хүн хорвоо дэлхийд ганцхан байжээ. Хорвоо дэлхий гэдэгт мэдээж, Африк эсхүл Шинэ Зеландыг хэлээгүй. Монголчуудын эзэмшил дэх Ази Европыг дамнасан асар уудам нутагт Чингис ибн Сина, Чингис бин Ладен, Чингисишвили, Чингис Ду Хан гэхчлэнгийн нэртэй хүн тухайн үед байсан нь эргэлзээтэй. Чингис хэмээх нэрээр бусдыг нэрийдэх нь байтугай "Чингис нэрийг хэлдэг хүн ч тусдаа, цөөхөн байсан гэж өвөө маань дурсдаг байлаа” гэж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа номч Б.Ринчений ач хүү Б.Дэнзэн дурсчээ. Албан ёсны данс харааг үзвэл өнгөрсөн зуунд Чингис нэртэй анхны хүүхдийг 1933 онд бүртгэсэн байна. Олон зуун жил нэгэндээ өгөх нь цээртэй явсан энэ дагшин нэрийг хэдийгээр Зөвлөлтийн буулганд орсон ч de jure тусгаар тогтносон шинэ Монгол улсын үед хэн нэгэн "бөх зүрхтэн” үр хүүхэддээ ийн хайрласан нь, хэрэг дээрээ бол (de facto) нухчин дарагдаж эхэлсэн тусгаар тогтнол, үндэсний үзлээ хамгаалах гэсэн нэгний эсэргүүцэл, ямар нэгэн хүсэл мөрөөдлийнх нь илрэл ч байсан байж мэдэх юм. Үүнээс хойш 1939 он хүртэлх хугацаанд дахин нэг, дараагийн арван жилд гурав, 1950-59 онд тав, 1960-69 онд 23 гэхчлэн нэмэгдсээр 1990-99 онд гэхэд л Монголд 183 хүүхэд Чингис гэдэг нэрийг авчээ. Судлаач Ц.Сувдын энэ сэдвээр хийсэн эрдэм шинжилгээний ажилд дүгнэснийг үзвэл 2007 он хүртэлх хугацаанд Монголд Чингис нэртэй хүн 385 байжээ. Чингис нэрийг дангаар нь өгөхөөс гадна Чингисмягмар, Чингисжав, Чингиснамжил, Оюунчингис, Шинэчингис, Наваанчингис зэрэг нийлмэл нэртнүүд олон байсан нь сонин. Тухайн үед, мөн одоо ч Эзэн Богдын нэрийг зүүсэн монголчуудаас олны танил болсон нь хуруу дарам цөөн. Ардын жүжигчин Д.Жаргалсайханы хүү, дуучин Ж.Чингисийг энд нэрлэж болох бөгөөд мөн ЦЕГ-ын дарга Р.Чингис гэж бий. Энд цухас дурьдахад Чингис гэдэг нэрийн үүсэл гарлын талаар олон таамаг буй нь одоо ч нэг мөр болоогүй байна. Үзмэрч Ч.Дашцэрэн агсан "чанга-ас” гэдэг монгол үг хэмээн үнэмшил муутайхан тайлбарласнаас авахуулаад монгол, түрэг хэлний "тэнгис” гэсэн үгийн сунжирсан хэлбэр гэх хүртэл өдий төдий хувилбар бий. Энд нэгэн баримтыг сонирхуулахад, Хүннүгийн хаан Аттила гурван хүүтэй байсан бөгөөд дундахыг нь (?-468 он) Денгизик гэдэг байжээ. Англиар Dengizich, германаар Dengesich, польшоор Dengizek гэхчлэн бичдэг энэ үг ядаж үгийн бүтцийнхээ хувьд Их Монголын хаан Чингисийн нэрний уг гарал байж тун болохоор харагддаг. Аль дивангарын Аттила энэ тэрийг Чингисийн үеийнхэн хэрхэн мэдэх билээ хэмээн мэтгэх хүн гарах нь зүй. Тэгвэл өөрөөсөө 800 шахам жилийн өмнө байсан Аттилаг байтугай, 1400 гаруй жилийн өмнө байсан их Модун шаньюй өвгөө Чингис хаан мэдэхээр барахгүй "Бид Модун шаньюйн үйл хэргийг үргэлжлүүлж буй” гэсэн утгатай үг хэлсэн нь 1221 онд Чанчунь бумбатай түүний уулзсан тэмдэглэлд буй.
Чингисийн багын нэрийг монголчууд мөн л өнгөрсөн XX зуунаас үр хүүхэддээ өгч эхэлсэн бололтой. Ардын хувьсгал ялаад удаагүй байсан 1923 онд Гадаад Монголд мэндэлсэн нэг хүүхдэд энэ нэрийг өгчээ. Дараагийн бүхэл бүтэн арван жилд Тэмүүжин хэмээх эрхэм нэрийг мөн ганцхан хүүхэд л хүртсэн байна. 1940-49 онд гурав, 1950-59 онд ийм нэртэй хоёрхон хүүхэд бүртгэгдсэн бол удаах 10 жилд нь 19 болж "суга” өсчээ. Энэ мэтчилэн аажмаар өссөөр зөвхөн 1990-2000 онд 1709 хүүхэд энэ нэрийг авснаар XX зууны Монголын Тэмүүжин 2208 болсон байна. Энэ олон Тэмүжингээс нэрд гарсан ганц нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин л байх шив дээ. "Люмино” гэдэг хамтлагийн МС хэмээх Далайцэрэнгийн Тэмүүжинг эс тооцвол.
Тухайлбал Чингис хааны нэрийг авсан пүүс компани дэлхий дахинд хэдэн зуугаараа бий. Ердөө сүүлийн хэд хоногт гэхэд л зөвхөн Америкийн хэвлэлийн мэдээнд ийм нэртэй бизнесийн байгууллагын нэр хэдэнтээ дурьдагдсан байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид хандив өргөсөн байгууллага, хүмүүсийн нэрийг саяхан зарлажээ. Ардчилсан намын нэр дэвшигч Б.Обамад мөнгө хандивласан хүмүүсийн дунд "Genghis Khan Inc.” компанийн захирал Роберт Т.Као гэдэг хүний нэр бичигдсэн байх бөгөөд тэрбээр Б.Обамагийн төлөө 2500 доллар хандивласан байна. Мөн аяны үүргэвч хийдэг "Genghis Khan USA Inc.” гэдэг компани Вермонт мужид бий. "Genghis Khan Freight Service Inc.” гэдэг тээвэр зуучийн компани Нью-Йоркт байгаад тун саяхан дампуурсан мэдээтэй. Ингээд тоочвол Чингисийн нэрийг янз бүрээр авсан компани ганц Америкт л 100 шахна. Харин Чингисийн нэртэй хоолны газар гэвэл үй түмээрээ бий. "Genghis Grill” гэх мэтийн нэртэй хэдэн зуун салбартай "гуанз”-ны сүлжээ АНУ-т олон бий бөгөөд харин эдгээрт шарсан махыг л монгол гэхгүй юм бол жинхэнэ монгол хоолны үнэр ч байхгүй.
Б.Бат
Эх сурвалж: тоншуул.мн