Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг шинэчилнэ Онцлох мэдээ 2016/01/08 0 Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.08/ Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид өргөн мэдүүлэв. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.2-т заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг "Эрдэнэс Монгол” ХХК хариуцан хэрэгжүүлдэг. Тус компанийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийг томилж, чөлөөлөх, компанийн үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг уг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.2-т "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, түүний гишүүдэд нэр дэвшүүлэх ажиллагаа, тэдгээрийг томилох тухай, мөн хуулийн 10.3-т Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилох тухай, мөн хуулийн 10.9-т компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх тухай харилцааг тус тус зохицуулсан бөгөөд уг албан тушаалтнуудыг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр заасан байна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.2-т "Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус бүр 1 хүний, Засгийн газар 6 хүний нэрийг тус тус дэвшүүлж, тэдгээрийг Засгийн газар томилно” гэж заажээ. Гэвч бүх гишүүдийг төрийн байгууллагын төлөөлөл болгож, хараат бус гишүүнгүй байхаар заасан нь төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй, тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байх тухай заасан Компанийн тухай хуулийн 75.4 дэх заалтын зарчим, агуулга, зохицуулалттай зөрчилдөж байна. Түүнчлэн Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.9-т "Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасан нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д заасан компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх тухай зохицуулалттай зөрчилддөг. Ийнхүү Хүний хөгжил сангийн тухай хуулийн дээрх заалтуудаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүний дарга болон гүйцэтгэх захирлыг Засгийн газраас шууд томилж байгаа нь Компанийн тухай хуульд тусгасан хараат бус, бие даасан байх зарчим болон дээр дурдсан тус хуулийн зохицуулалттай зөрчилддөг. Түүнчлэн Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын тодорхойлсон оролцогч талуудын тэгш оролцоог хангах, компанийн удирдлагын оновчтой бүтцийг бүрдүүлэх, аливаа этгээдээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах тухай олон улсын компанийн засаглалын тулгуур зарчмуудтай зөрчилдөж байна. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд компанийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх хяналтын зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж, томилохоор зохицуулсан нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд тодорхой асуудал хариуцсан хороог байгуулан компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих тухай Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйл, компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай Компанийн тухай хуулийн 13 дугаар бүлгийн зохицуулалттай нийцэхгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж, бодлого тодорхойлох үндсэн чиг үүрэг бүхий Улсын Их Хурлыг бизнесийн үйл ажиллагаанд оролцууахад хүргэж байна. Иймд Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэхүү төсөл батлагдсанаар "Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 0
Сэтгэгдэл байхгүй байна.