Сугалаа нэрээр “суйлах” аргаа зогсооё
Өнгөрсөн намраас хойш хэвлэл мэдээлэлээр нэг "хэлбэртэж”, худалдан авсан барааныхаа үнийн дүнгээр сугалаанд оролцож, 100 саятан болоорой хэмээн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг маань амаа чилтэл хэлж ярьж байлаа. Ганц талх аваад бөөн бөөн мөнгө аваарай гэсэн болохоор хэрэндээ л үйлчлүүлсэн газраасаа баримтаа цуглуулж байлаа. Он ч гарлаа, сайд маань шинээр хэрэгжиж буй хуулиа гууль биш гэдгийг онцолж, магтаж рекламдаад авсан. Тодруулбал, энэ оны эхний өдрөөс Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн юм. Угтаа бол тус хуулиар НӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр сугалаанд оролцох эрхтэй болсон юм. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш хэл ам таталж, олон ч иргэдийг бухимдуулав.
Учир нь хэрэгжиж эхлээд хоёр сарын нүүр үзэж буй тус хуулийн хэрэгжилтийг гацааж, орлогоо нууж буй сугалаатай НӨАТ өгөхгүй байгаа олон газар бий.
Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд арай баталгаатай нь сүлжээ их дэлгүүрүүд байх биз хэмээн сэтгэж, Миний дэлгүүр сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн юм. Бодсоноор болж, сугалаатай НӨАТ баримтаа хажуугаас аваарай гээд кассчин бүсгүй үнийн дүнтэй баримтыг минь өгөв. Аргагүй л олон жил болсон дэлгүүр туршлагатай байх гэж найдаад, мөнхүү анх удаа авах гэж буй сугалаатай баримт минь байсан болохоор хэрхэн шалгахыг мэдсэнгүй тул атгаад л гарлаа. Энэ байдлаар тус дэлгүүрээр хэдэнтээ үйлчлүүлсэн юм. Гэтэл яасан байх нь уу, цуглуулсан баримтаа бүртгүүлэх гэтэл НӨАТ нэмсэн атлаа сугалааны код байхгүй бар кодтой баримт өгсөн байсныг яаж мэдхэв дээ. Сугалааны дугаартай төстэй харагдсан бүх л тоог хийж үзсэн ч болохгүй байсан юм. Ингээд хулхитуулснаа мэдсэн юм. Энэ жишээ ганц надад тохиолдоогүй л байх. Харин өчигдөр дахин үйлчлүүлэхэд сугалааны кодтой баримт өгч байна л ээ. Өмнөх алдааг хэлэн, нэхтэл дахиж хэвлэх боломжгүй гэж байх юм. Энэ нь одоо юу гэсэн ч үг юм. Энэ мэтээр хэдэн ч иргэд над шиг хохирсон байх вэ, энэ бол юм шинэхэн дээрээ соньхон гэдэг шиг иргэдийг төөрөгдүүлж орхисон заль юм.
Сар шинийн үед 21-р хорооллын ЮНИТЕЛ төв орж үйлчлүүлж, төлбөр тооцоо хийж, нэгжээр дансаа цэнэглэтэл теллер залуу тус тусад нь тооцоо хийнэ гэж байх юм. Тэгэхээр санасан ч үгүй, баримтаа авна шүү гээд зогсож байтал өгдөггүй шүү. Дахин лавлатал, сүүлийн гүйлгээ болох 5000 нэгжийн минь баримтыг минь өгч байх юм. Гайхаад лавлаж асуутал, та хэлэхгүй яасан юм, бид нар ийм жижиг нэгжийн гүйлгээнд баримт нээх өгөхгүй байгаа гэнэ шүү, та минь. Удтал хүлээсэн бичээч би ч тэсгэл алдаж, яахаараа өгдөггүй юм, харин ч сануулж өгөх ёстой байтал гээд нэхэж гарлаа. Тоодоггүй шүү. Сар шинэ болох гээд битүүн байсан тул дугаарлалт ч их, бэлгэшээлийг бодож хэл ам хийхээ ч болиод дуугүй гараад явсан даа. Тэднийхээр бол бид "жижиг" гүйлгээ хийдэг учраас НӨАТ нэмсэн дүнгээр "жижиг” худалдаа хийдэг болохоор баримт хэвлэж өгөхөд төвөгтэй байдаг байх нь. Угтаа бол үүрэн телефоны томоохон төлөөллийн нэг байж ингэх жаахан бүдүүлгийн дээр орлогоо их багагүй нуух гэсэн ядмаг арга санагдсныг нуух юун.
Ийм байдал чинь тэгээд иргэдэд юун сугалаанд ороод мөнгө төгрөг хожих гэсэн биш бөөн эргэлзээ тээнэгэлзээ бас асуудал дагуулаастай. Уул нь төдийлөн анхаарал хандуулах хүсэлгүй байсан энэ баримтаар хүмүүс хэдэн саяар нь азтан боллоо гэсэн болохоор хүн л болсон хойно бас азаа үзье гэж бодох юм.
Өчигдөр ажлынхаа ойролцоо байдаг, энэ хавьдаа өөр өрсөлдөгчгүй, энүүхэндээ монополь дэлгүүрээр орлоо. Жижиглэнгийн бараатай дэлгүүр ойр байхгүй тул үйлчлүүлэгч олонтой тус дэлгүүрээр ортол нэг нөхөр "Кассын баримттай байж сугалаатай баримтаа авая. Яахаараа өгдөггүй юм. Энэ чинь бараа нэмэгдсэн үнээрээ байна” хэмээн худалдагчийг загнан уурсаж буйтай таарлаа. Худалдагч манайх үнээ нэмээгүй баримт өгөхгүй гэв. Худлаа иргэдийн халааснаас суйлж буй төрийхний муйхар арга. Сугалаатай газрууд нэмсэн дүн дээрээ дахин нэмсэн байгааг иргэд анзаарахгүй юм хэмээн халаглаж байх юм. Өнөөх загнасан хүн ч "за за" гээд гарав.
Начир дээрээ бол худалдагчийн яриатай санал нийлэх юм. Нөгөөтэйгүүр, сугалааны баримт өгөөгүй дэлгүүрүүд барааны үнэд НӨАТ нэмэгдсэн үгүйг мэдэх, мөн сугалаатай дэлгүүрүүд дахин НӨАТ нэмсэн эсэхийг иргэд ялгаж салгах хэрэгтэй. Ажиглах, лавлах хэрэгтэй. Мөн зарим нэг нь иргэдийг луйвардаж байна уу гэлтэй үнийн дүн зөрөх, их дүнтэй баримтыг давхардуулж оруулсан байна гэх зэрэг асуудлууд нийгмийн сүлжээгээр цөөнгүй тархаж буйг анзаарахад гэмгүй байх.
Мөн хамгийн их хар төрүүлж буй зүйл нь, иргэдэд баримтаа авахыг сануулдаггүй "Миний сүлжээ", "ЮНИТЕЛ" зэрэг байгууллагуудын ажилчид өөрсдөө баримтаа аваагүй иргэдийн сугалааг ашиглаж байгаа болов уу гэх хар төрөөд болдоггүй.
Түүнчлэн, аливаа эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг гэгчээр сугалаа өгөхгүй байгаа дэлгүүрүүд төхөөрөмжийн үнэ хэт өндөр байгаагаас сугалаа өгөх боломжгүй гэх тайлбар өгч байгаа юм. Уг нь албаныхны хэлж буйгаар, баримт хэвлэгчээс бүрдсэн 4 төхөөрөмж нийлүүлдэг 20 гаруй байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүх төхөөрөмж нэг сая орчим төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа гэнэ шүү. Харин үнэ хөөрөгдөж төхөөрөмж худалдах хэргээс сэрэмжилж, иргэний үүргээ биелүүлж баримтаа өгөхийг хүсье.
За тэгээд эцэст нь хэлэхэд, иргэдийн сэтгэлзүйгээр наадаж, хошгоруулж байхаар зүгээр л НӨАТ-ынхаа хувийг л навс буулгамаар байгаа юм даа. Иргэн бүр сугалаанд оролцох эрхтэй гэсэн ч хууль иргэн бүрт үйлчлэхгүй байна, та минь.
Ж.ЧИМЭГ