Газны аюул: Үхэл эсвэл шорон
С.УЯНГА
Ахуйн хэрэглээний газ аюулын харанга дэлдэж өсвөр үеийнхний үхлийн шалтгаан болж байгаа бараан мэдээ байсхийгээд сонсогдох боллоо. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, өсвөр үеийнхний сониуч зангийн илрэлээс үүдэлтэй газны хяналтгүй хэрэглээ захаа алдаж, хязгаараас давлаа. Үүнийг ерөнхий боловсролын сурагчид хэсэг бүлгээрээ газ үнэрлэж мансуурсан, эмнэлэгт хүргэгдэж нас барсан хэрэг сүүлийн үед өдөр алгасахгүй шахам цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буйгаас харж болно. Өнгөрсөн жилүүдэд ч гэсэн ийм хэрэг цөөнгүй гарч, хүүхдүүд амь насаа алдаж байсан харамсалтай явдал бий. Уг нь хүүхдүүдийг мансууралд хөтлөөд буй газыг хаана, хэнд худалдахыг зохицуулсан дүрэм, журамтай. НИТХ-ын 2012 онд гаргасан "Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно. Мөн баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад гурваас дээш ширхгийг хадгалахыг хориглоно гэсэн заалт бий. Хэрэв бага насны хүүхдэд газ худалдсан бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг.
Гэвч дагаж мөрддөг газар, залуу хойч үеэ хазгай гишгэхээс хамгаалах ухамсартай хүн цөөхөн байгааг тааралдсан дэлгүүрийн лангуу, ашиг хонжоо хайсан хүмүүсийн үйлдлээс харж болно. Энд зөвхөн худалдааны байгууллагуудыг буруутгахаас илүүтэй эцэг эхчүүдийн хариуцлага, ухамсарын асуудал илүү хөндөгдөнө. Тиймээс онцын шаардлагагүй бол гэртээ ахуйн хэрэглээний газ хадгалахгүй байхыг цагдаагийнхан анхааруулсаар байгаа. Тус байгууллагынхны хэлж буйгаар өсвөр үеийнхэн газ үнэрлэж байгаа нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэх үндэс суурь, эхлэл болж байгаа аж. Тиймээс таны хүүхэд өнөөдөр газ үнэрлэж үзсэн бол маргааш тэр нь даамжирч илүү их аюул дагуулж болзошгүй тул онцын шаардлагагүй бол гэртээ ахуйн хэрэглээний газ хадгалахгүй байх хэрэгтэй юм.
Бага насны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон хоёр тохиолдол өнгөрсөн онд бүртгэгдэж, хууль хяналтынхан шалгаж байгаа. Магадгүй аажим аажмаар мансууралд хөтөлж буй газны хэрэглээ амьдралын нарийн учрыг ухаж ойлгохгүй өсвөр үеийнхнийг ангалд унагааж байгааг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр газ нь хүний оюун ухаанд нөхөж баршгүй аюул учруулж, сэтгэн бодох чадваргүй болгож дийлэнх тохиолдолд пропан бутан гэх бодис үхэлд хүргэх аюултай байдаг.
Тиймээс газ үнэрлэсэн бол нэг бол үхнэ, эсвэл аажим аажмаар донтсоор шоронд орох аюул тосч байгааг эцэг эхчүүд, хүүхдүүд анхаарах цаг иржээ. Энэ бүхний цаана нөгөө л янз бүрийн гэмт хэргийн сэдэл нуугдаж буйг хуулийнхан анхааруулсаар байна. Олон улсын судалгаагаар ч ямар нэг төрлийн мансууруулах бодисын хэрэглээ үхэл, эсвэл шоронгийн өмнө аваачина гэдгийг өдөр хоног, цаг тутам сэрэмжлүүлсээр байна.
Газ үнэрлэж, мансуурсан хүүхдүүд хэнд хандаж зөвлөгөө мэдээлэл авах нь эргэлзээтэй. Нэгдсэн тоо баримт алга. Хордлогын үндэсний төв, Эх нялхасын эрүүл мэндийн төв, дүүрэг хорооны эмнэлэгийн үүдийг татсан боловч газанд хордсон хүүхэд хүлээж авдаггүй гэлээ. Тиймээс мансууруулах төрлийн эмчилгээ голчлон хийдэг Наркологийн эмнэлгийг зорьж, зарим зөвлөгөө мэдээллийг авсан юм.
М.Гансүх: ГАЗ ҮНЭРЛЭСЭН ХҮҮХЭД УНАЖ ТАТАХ, ОЙ УХААН САМУУРАХААС ЭХЛЭЭД СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ БОЛОХ АЮУЛТАЙ
Х.ЦОЛМОНЗАЯА
Наркологийн эмнэлгийн Эмчилгээний тасгийн их эмч М.Гансүхээс газанд хордсонхүүхдүүдийн талаар тодрууллаа.
–Газ үнэртээд мансуурсан хүүхэд хэр их ирдэг вэ?
-Ер нь бол газанд мансуурсан хүүхдүүд ирдэг. Яг миний хүлээж авсан гэх юм бол 2014 онд дөрөв, өнгөрсөн онд нэг хүүхэд ирсэн. Хоёр нь гүн хордлоготой, гурав нь гайгүй байсан. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирэхээс гадна өөрсдөө ханддаг. Хүүхдүүдэд хариуцлага тооцно гэдэг учраас ихэнхдээ хаалттай, их ичиж айсан байдалтай байдаг. Ихэнх тохиолдолд хүүхдүүд бөөнөөрөө дарвиж нийлээд газ хэрэглэсэн байдаг.
–Танай эмнэлэгт хандахдаа хүүхдийн биед ямар өөрчлөлттэй ирдэг вэ?
-Ухаан санаа самуурсан, орон гаран, орон зайн баримжаа алдагдсан. Нүдэнд нь хий юм харагдаж чихэнд нь хий юм сонсогдсон байдалтай байдаг. Үүдээр ороод ирэхэд л газ хамар цоргиж хүүхдийг ярих тоолонд үнэртэнэ. Мөн байн байн гар хөл нүүр амаа маажина. Ер нь тогтворгүй, айдас түгшүүртэй болчихдог.
–Газ үнэрлэх үндэс суурь нь юу болж байна вэ?
-Газ үнэрлэсэн хүүхэд анхны тусламж авахгүйгээр шууд манай эмнэлэгт ирдэг. Газ үнэрлэж, түүндээ донтоно. Донтох шалтгаан нь юу вэ гэдэг их чухал. Тухайн хүүхдийн хүмүүжил, айдас, түгшүүр, стресс, гутрал, гуниг дарамт, бэлгийн хүчирхийлэл гээд бусад олон зүйл нөлөөлж сэтгэлзүйн дарамтанд орсноос болж тэр айдсыг даван туулахын тулд аливаа зүйлд донтдог.
–Хордсон хүүхдүүдэд ямар тусламж үзүүлдэг вэ?
-Эхлээд хордлого тайлах эмчилгээ хийдэг. Тухайн бодисыг биеэс гадагшлуулж бодисын эсрэг үйлчилгээ явуулдаг эм өртөг нь өндөр учир олдоц муутай. Мөн хэвтэн эмчлүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл ар гэр нь мөн тухайн хүүхэд өөрөө ичээд аав ээж нь дургүйцэж өөрсдөө харж хандая гэдэг. Маш удаан хугацааны эмчилгээ шаардлагатай.
–Эмчилгээ хийлгэж явчихаад буцаад ирсэн тохиолдол байна уу?
-Байгаа. Газаа хэрэглэхгүй болоод ирэнгүүт бие организм нь үгүйлнэ. Өөрөөр хэлбэл, никитоны түвшин нь буураад ирэнгүүт цаанаас нь нэхээд байдаг болчихдог. Газ үнэрлэсэн хүүхэд ужиг өвчтэй болно. Наад зах нь амьсгалын бронхит, астом, харшилд амархан өртөмтгий болно. Мөн төв мэдрэлийн систем дарангуйлагдсанаас болж ой ухаан самуурч ой муудах, унаж татна, сэтгэцийн өөрчлөлтүүд илрэх, магадгүй удаан хугацаагаар хэрэглэх юм бол цаашдаа даамжраад сэтгэцийн эмгэг өвчин болох аюултай. Мөн дахин дахин хэрэглэснээр хар тамхи сонирхох зэргээр ноцтой аюул үүсгэх учраас эцэг эхчүүд хүүхэддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхдийн уур бухимдал стрессийг тайлж байх ёстой.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл байхгүй байна.