Хар тамхи хяналтаас гарчихав уу

1
"...17 настай Туяаг найз нь төрсөн өдөртөө урьжээ. Тэр баяр дээр өөрөөсөө гурван насаар ах, царайлаг залуутай танилц­сан байна. Яриа хөөрөө, биеэ авч яваа бай­дал бүх зүйл нь Туяад таа­лагдав.

Тиймээс ч уусан дарсандаа халамцсан түүнийг танилцсан залуу нь татаж буй тамхинаасаа сорохыг санал болгоход татгалзсангүй. Туяагийн кинон дээрээс харж, нэрийг нь сонсч байс­наас өөр төсөөлөлгүй бай­сан хар тамхи гээч ганц­хан мөчид түүний амьд­ралыг сүйрүүлсэн нь энэ.

Учир нь Туяа тэр мөчөөс хойш гурван сар эм­нэлгийн орон дээр ухаан­гүй хэвтсэн гэдэг. Аав ээж нь Бээжин, Улаанбаатарын аль сайн гэсэн эмнэлгүүдээр эмч­лүүл­сээр түүнийг хөл дээр нь арайхийн босго­жээ. Гэвч одоо тэрээр биеэ хянах чадваргүй, мартамхай, үе үе ухаан алдаж унадаг, хар там­хинаас хамааралтай нэгэн болсон байна...”

Энэ бол хар тамхинд орсон монгол охины бодит түүх. Ганцхан удаа хэрэглээд сэтгэц, бие махбодид нь хурц нөлөөлсөн цөөн тохиолдлын нэг. Хүн бүр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй цор ганц төрдөг.

Тиймээс аливаа зүйлийг хүлээж авах, мэдрэх нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан янз бүр байдаг. Үүнийг ойлгохгүй, мэдээлэл дутмаг байдлаас болж "Нэг удаа хэрэглэж үзэхэд хар тамхичин болчихгүй” гэсэн буруу ойлголт нийгэмд түгээмэл байна.

Өсвөр үеийнхэн дунд шургалсан буруу ойлголт


Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн 80 хүн хар тамхинд татагдан ордог гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ.

Гэтэл ийм бодлоор сонирхож хэрэглэж буй хүмүүсийн дийлэнх нь 12-18 насныхан байдаг гэх аймшигтай мэдээлэлд сэтгэл өвдөнө. Амьдралын мөн чанар, сайн мууг ялгаж чадахгүй гэнэн томоогүй хүүхдүүд бусдын нөлөөнд автаж, бие биенээ даган дуурайж хар тамхинд орж байгаа нь харамсалтай.

2010 онд мэргэжлийн байгууллагууд хамтарч Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн 2000 өсвөр үе, залуучуудаас судалгаа авахад 892 нь архи хэрэглэж, 806 нь тамхи татаж, 58 нь бензин цавуу үнэрлэж, 54 нь хар тамхи /36 нь каннабис, 18 нь экстази/ хэрэглэж үзсэн гэжээ.

Энэ бол бага тоо биш. 2000 хүнээс 54 нь хар тамхи хэрэглэгч гэхээр гурван сая хүнд 80 орчим мянган хэрэглэгч байх магадлалтай байна. Тэр дундаа ирээдүй хойч үе болсон өсвөр залуу үеийнхний дунд хэрэглээ түгээмэл байгаа нь маш том аюул юм.

Хүн бүр хар тамхи аюултай гэж мэддэг, ярьдаг. Гэвч ямар аюул дагуулдаг болохыг сонирхдоггүй. Хар тамхи, мансууруулах бодис нь архинаас 60 дахин илүү хор хөнөөлтэй гэдэг нь тогтоогдсон.

Тиймдээ ч нэг донтсон хүн санаан зоргоор гарч чаддаггүй. Гэтэл өвчин зовлонгоо, асуудал проблемаа мартаж, сэтгэл санаа бие махбодийн ханамж авна гэсэн буруу ойлголт түгээмэл байдгаас өдрөөс өдөрт хар тамхинд донтогчид нэмэгдсээр байна.

Ямар шалтгаанаар анх хар тамхи хэрэглэж үзсэн бэ? /хувиар/


Монголд хар тамхи хэрэглэдэг 2000 орчим хүн бий


Монгол Улсын хувьд 1999 онд Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг анхны судалгааг хийсэн байдаг. Тэр үед 45 хэрэглэгчтэй байсан бол 2014 оны арваннэгдүгээр сар буюу өнөөдрийн байдлаар 600 орчим хүн хэрэглэж байгаа бүртгэл байна. Олон улсын жишгээр хар тамхи хэрэглэж буй нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж тооцдог.

Ингэхээр Монгол Улсын хэмжээнд 2000 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн үг. Энэ бол Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн хийсэн түүвэрчилсэн судалгааны дүн. Манай улсын хувьд үндэсний хэмжээнд явуулсан судалгаа байдаггүй. Хэрэв ийм судалгаа явуулбал илүү олон тоо гарах магадлалтайг мэргэжлийн хүмүүс хэлдэг.  

Хар тамхитай холбоотой элдэв хэрэг зөрчил ч жилээс жилд өсч байгааг Цагдаагийн ерөнхий газраас гаргадаг мэдээллүүдээс харж болно. Өнөөдөр агаарын бохирдол, зам тээврийн осол, хавдрын өвчлөл, ДОХ-ын тохиолдлууд нэмэгдэж буйд бид санаа зовж, ярьж байна.

Гэтэл бидэнд хамаагүй мэтээр ойлгож, ойшоож сонирхож байгаагүй хар тамхи гэгч зүйл монголчуудын дунд хэдийнэ нэвтэрчээ. Энэ "чимээгүй дайн” айл бүрийн хаалгыг тогшиж байхад холбогдох байгууллагууд, Хууль зүйн яам, Монголын төр засгаас дорвитой хийсэн ажил алга.    

Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, залуучуудын байгууллагуудад хар тамхины хор хөнөөл, түүнээс урдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа байдаггүй. Тиймдээ ч хүүхэд залуус сонирхож хэрэглэж үзэх нь сүүлийн үед олширсоор байгаа юм.

Цагтаа хар тамхи гэдэг зөвхөн баян чинээлэг хүмүүсийн хэрэглээ байсан бол одоо нийтийг хамрах маягтай болж байгаа нь аюултай юм. Судалгаанд хамрагдсан мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодис хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 90 орчим хувь нь хувь хүнээс авдаг гэсэн бол эмнэлгээс, эмийн сангаас, дэлгүүрээс авдаг, өөрөө түүдэг гэж хариулсан нь ч багагүй хувь эзэлнэ. Энэ бүхнээс харахад хар тамхиар дагнасан нууц бизнес манайд ид цэцэглэж байх шиг.

  Тэдэнд юу тохиолдож байна


Хар тамхи гэхээр барууны кинонд гардаг шиг нунтаг цагаан зүйл гэсэн ерөнхий ойлголт үеэ өнгөрөөжээ. Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисын хэлбэр, төрөл нь улам олширсон. Үүнээс улбаалан судсандаа л тарьж хэрэглэдэггүй бол бусад төрөл нь донтуулахгүй гэсэн өрөөсгөл ойлголттой хүмүүс байна.

Гэтэл үнэндээ хар тамхи болон мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэлүүд нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, хэсэг зуур өвдөлт намдаах, сэтгэл сэргээх үйлчилгээ үзүүлдэг ч долоо хоногоос нэг сарын дотор хүний сэтгэц, биеийг өөртөө дасгаж, улмаар тогтмол хэрэглэхийг шаардсан эмгэг хэрэгцээг бий болгодог байна.

Хар тамхинд донтсон хүн хий юм харах, эцэж турах, мартамхай, ойлгохдоо удаан болох, ходоод өвдөх, хоолондоо дургүй болох, цаашлаад сэтгэцийн өөрчлөлтэй болох, таван цул эрхтэн өвчилдөг байна.

Судалгаанд хамрагдагсдын 49 хувь нь сэтгэл санааны дарамтанд орж, 40 хувь нь ялгаварлан гадуурхагдаж, 37 хувь нь биеийн хүчирхийлэл амсаж, 28 хувь нь гэрээсээ хөөгдөж, таван хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөж, ажил төрлөөсөө гарах, найз нөхдөөсөө холдох зэргээр хүний эрх нь зөрчигддөг байна.

Архи, тамхи шиг түгээмэл, хямд үнэтэй биш учир хар тамхи эдийн засгийн хувьд боолчилно. Тиймдээ ч хар тамхи олж авахын тулд улайран ямар нэг аргаар мөнгө олох гэж гэмт хэрэгт орооцолдох нь ихэсдэг байна.

Хар тамхи хэрэглэгчдэд хандах байгууллага манайд байдаггүй. Тэгээд ч хар тамхи хэрэглэх нь хууль бус үйлдэл тул аль болох нуугддаг. Тэднийг хүлээн авч уулзан, зөвлөгөө өгдөг ганц байгууллага нь Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг юм.

Эмчлүүлэх сонирхолтой хүмүүс ханддаг ч тэднийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өөр явуулах газар байдаггүй. Гэтэл хар тамхи хэрэглэгчид хордлого тайлахаас өөр эмчилгээ байхгүй. Шар хадны эмнэлэггалзуугийн тасагтаа хамт хэвтүүлэн, галзуу хүмүүс шиг харьцсан тохиолдол хүртэл гардаг тухай ярьж байв.

  Төрийн бодлого, хууль, эмчилгээ аль нь ч алга


Өнгөрсөн хугацаанд хар тамхинд орсон нэг ч хүнийг эмчлээгүй гэх юм. Хуулийн зохицуулалт байдаггүйгээс хар тамхинд нэг л орсон хүнд гарах боломж, арга зам хомс болдог тухай Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн ярьж байв.

Үндэсний хэмжээний судалгаа хийж, нийгмийн бүх үе шатанд тохируулж хар тамхины хортой хэрэглээний талаар сургалт зохион байгуулахгүй бол буруу ойлголтоос үүдсэн хэрэглээ ихэссээр байх нь. Одоо хар тамхинд донтсон хүмүүсээ эмчилж эхлэхгүй бол хар тамхи хэрэглэгчид хяналтаа алдаж байна.

Тэдний буруу нөлөөлөл нийгэмд маш их хор уршигтай. Мансуурсан, сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс олширвол бид гудамжинд тайван алхаж чадахгүй болох цаг ойрхон ирснийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

Дэлхийн ихэнх улс хар тамхи хэрэглэхийг хуулиараа хорьсон байхад Голланд зарим нэг төрлийн хар тамхи бага хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрсөнөөр тэнд тив дэлхийн бүх хар тамхичид цуглаж, мөрийтэй тоглох, янхандах, хүний хийдэггүй хэргүүдийг хийдэг болсон тухай мэдээлэл дэлхий нийтийг цочроосон.

Манайд ч хар тамхи хэрэглэгчдийн талаар 15 жилийн өмнөөс ярьж судалж эхэлсэн байхад өнөөдрийг хүртэл Үндэсний хэмжээний судалгаа нэг ч хийгээгүй, хар тамхи, мансууруулах бодисын бие даасан хуульгүй байгаа нь Монголын төр засаг харалган, дүлий бодлоготойг харуулна.

Хар тамхины өндөр хэрэглээтэй хоёр том гүрний дунд оршин буй манай улс энэ тал дээр яаралтай төрийн нэгдсэн бодлого гаргаж, хуулиа батлан энэ тал дээр анхаарч эхлэхгүй бол Голланд улс шиг хар тамхинд бууж өгөх цаг ойрхон болжээ.

Хар тамхины хэрэглээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгааг сануулах мэргэжлийн байгууллагуудын анхааруулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авах цаг болжээ.

Үргэлжлэл бий...

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл