А.Мөнхбат: Залуучуудыг бүү бас
Хар цагаан жагсаалт, хулгайчгүй Монгол гэхчилэн танил бус сэдвүүдийг танил болтол нь ярьж, бичиж, жиргэж буй хүн бол Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат. Бид түүнээс өнгийн тодотголтой жагсаалтууд хийгээд залуучуудын байгууллагыг улс төржүүлэх нь зөв үү, хар жагсаалтаас мултарч үлдэх цагаан улстөрч байна уу гэхчилэн олон асуултад хариу авлаа.
-МЗХ-оос хар болон цагаан жагсаалт гаргаж, улстөрчдийг эрэмбэлэн таниулна гэж мэдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Жагсаалт гарахгүй удаад байгаагийн шалтгаан юү вэ. Хар болон цагаан жагсаалт гаргаж байгаа нь улстөрчдийг шантаажлах нэг хэлбэр гэж хардах хүмүүс ч байна. Жагсаалт хэзээ гарах вэ?
-МЗХ-ны их хурлаас энэхүү жагсаалтыг гаргах шийдвэр гаргасан. Тэр дагуу хар жагсаалтыг боловсруулах шатандаа явж байгаа. Хар жагсаалтыг зүгээр ч нэг гаргачихгүй, үндэслэл хэрэгтэй. 1992 оны үндсэн хууль батлагдсанаас хойш Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэхүйц 100 хар үйл явдлыг олон нийтийн санал асуулгаар нэрлэж байгаа. Олон нийтийн зүгээс 300 гаруй үйл явдлыг хар жагсаалтад оруулахаар нэрлэсэн. Бид түүнийг багцлаад 208 болгосон. Үүнээсээ баримтаар нотлогдож буй 100 үйл явдлыг бид хар жагсаалтад багтаана. Тэрхүү хар үйл явдлыг санаачилсан, оролцсон, УИХ, Засгийн газрын төвшинд шийдвэрийг гаргасан хүмүүсийг хар жагсаалтад оруулна. Журам ч ийм юм. Түүнээс хүнийг нь харж ялгаж буй хэрэг биш.
Улстөрчид сонгуульд нэрээ дэвшүүлж, сонгуулийн сурталчилгаагаа хийж эхлэх үетэй давхцуулж, хар жагсаалтаа танилцуулахаар журамдаа заасан. Манай журам 2015 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн МЗХ-ны их хурлаар батлагдсан шүү дээ. Үе үеийн УИХ сонгууль болохын өмнөхөн Сонгуулийн тухай хуулийг өөрсдөд ашигтай байхаар өөрчилдөг. Энэ жил ч түүнээс гажсангүй. Шинэ сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгаа хийх хугацааг маш богино болгосон. Ердөө 10 гаруй хоног л сурталчилгаа хийхээр хуульчилсан. Тиймээс сонгуулийн наахна талд хар жагсаалтыг олон нийтэд дэлгэнэ.
-Хулгайчгүй Монгол хөдөлгөөн хэдийнэ олны чих, нүдэнд дасал болж эхэлж байна. Энэ хөдөлгөөнийг өрнүүлэх болсон шалтгаан юү вэ. Хулгайч нар нь халаасны, орон гэрийн гэх мэт ахуйн чанартай хулгайч биш гэдгийг хүмүүс ойлгоод байгаа ч тайлбар хэрэгтэй санагддаг?
-Залуучууд залуудаа, эх орондоо сайхан амьдрах гээд зүтгэж байгаа. Гэтэл энэхүү хичээл зүтгэлд хамгийн их тээг болж байгаа зүйл бол хариуцлагагүй байдал, ийм байдлыг албаар бий болгож буй хүмүүс бол улстөрчид, төрийн албанд шургалсан хулгайч нар юм. Тиймээс хулгайн сэтгэлгээгээр төрд шургалсан хүмүүсийг ирж буй сонгуулиар нэгэн зэрэг арчин хаяж, "Хариуцлагатай Монгол”-ыг бий болгохын тулд "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Энэ хөдөлгөөн бол бид мундагтаа өнөөдөр санаачилсан хэрэг биш. Зөвхөн Монголд ч өрнөж буй хэрэг биш.
Тэртээх 810 жилийн өмнө их эзэн Чингис хаан "Хулгайч тохмоо дэвсэх зайгүй сайхан улсыг байгуулж чадлаа. Энэ бол Их Монгол улс” гэж хэлсэн байдаг. Харцаа хааны төвшинд боловсруулж, бүгдийг нийтээрээ шийдэж гэмээнэ хулгайч орогнох орон зай үгүй болно гэдгийг ч мөн хэлсэн нь бий. Тэгэхээр залуучууд бид олонх юм бол, эрт урьдад хулгайчгүй улс орныг байгуулж чадсан юм бол бидэнд боломж байна гэсэн үг. Тиймээс үнэнээр яваад шалгарсан алтан зарчмыг үгүйсгэх аргагүй. Тэр л арга аргачлалаар хулгайчаас ангижиръя гэж МЗХ-ны тавдугаар их хурлаас шийдсэн. МЗХ бол 95 жилийн түүхтэй байгууллага. Анх Бошгыг халах залуучуудын байгууллага нэрээр гарч байсан. 94 жилд бид бошгыг халах гэж зүтгэсэн нь буруу зам байжээ гэдгийг өнгөрсөн онд хэлэлцээд "Бошгыг босгох залуучууд байгууллага байя” гэсэн зорилтыг зоригтой зарласан. Энэ том зорилтын нэгээхэн хэсэг нь төрөө хулгайчаас чөлөөлөх юм.
-Хар жагсаалтын эсрэг цагаан жагсаалт гэж бас бий. Түүнд жагсах үйл явдал 200-300-аараа уралдаж байх юм уу. Хүмүүс нь ч тэр хар жагсаалтаас цөөн байна уу?
-Хэн албан тушаалтай, хэн эрх мэдэлтэй, хэн төрд удсан тэр л хүмүүс хар жагсаалтад багтахаар дүр зураг харагдаж байгаа. Хар жагсаалт гаргаж, төрөө хулгайчдаас ангижруулаад ирэхээр төр эзэнгүй байж болохгүй биз дээ. Тиймээс хулгайч биш хүмүүсийг цагаан жагсаалтын дэнсэн дээр гарч ирээч ээ гэж уриалж байгаа юм. Түүнээс энэ цагаан байж магадгүй гэж МЗХ дуугараад байгаа хэрэг биш. Өөрийгөө цагаан жагсаалтад багтах хүн гэж тодорхойлж буй хүмүүсийг олон нийтэд танилцуулж, санал асуулга явуулна. Үнэхээр но-гүй байх аваас сонгуульд нэр дэвшүүлэн дэмжихэд бид бэлэн байгаа юм.
-Энэ өнцгөөс чинь хүмүүс харахдаа та нарыг сонгуульд хэн нэгнийг гаргах гэж, цагаан болоод хар жагсаалтад оруулахын тулд шантааж хийж мөнгө төгрөг аваад байгаа юм биш үү гэсэн хардалт, эргэлзээ төрөөд байна л даа?
-Өнгөрсөн бүх хугацаанд сонгуулийн үеэр хүмүүсийн хардаад байгаа шиг үйл ажиллагаа явуулдаг шалдир булдир газрууд байсан юм билээ. Үүнээс үүдээд элдэв хардлага гарч байх магадлалтай. ГэвчМЗХ, эсвэл А.Мөнхбат гэдэг хувь хүн хэн нэгнийг шантаажлах гээд байгаа хэрэг биш.
Өнөөдөр та бүхэн эргэлзэж байж болно. Эргэлзэх нь та нарын эрх. Эргэлзээд явж бай. Эргэлзэж байгаа чинь таны буруу огтхон ч биш. Гэхдээ хар жагсаалт гарсны маргааш таны эргэлзээ итгэлээр солигдоно.Таны тэр итгэлийг бид хөсөрдүүлэхгүйн тулд дараагийн төр жолоодох хүмүүсийг хулгайч болгочихгүйд хамгийн ихээр анхаарч ажиллаж байгаагаа хэлье дээ.
-Энэ төрд гарсан хүмүүс чинь бүгдээрээ, анхнаасаа хулгайч байгаагүй биз дээ?
-Би УИХ-ын гишүүн Г.Уянгын хэлсэн "90-ээд оны нянгарууд” гэдэг үгтэй санал нийлээд байгаа юм. Үнэхээр л 90-ээд онд анх Ардчилсан хувьсгалыг үндэслэгчид зөв зүйл хийсэн гэдгийг хэн ч үгүйсгэдэггүй. Харин ардчиллыг Монголын хөрсөнд буулгаж, монгол хүний яс цусанд шингээн өөриймшүүлж чадаагүй. Тиймээс ч ардчиллаас хулгайч нарыг төрүүлсэн. Ардчилалд буруу нь байгаагүй, ард түмэн буруугүй, хулгайч болсон хүмүүс ч буруугүй. Гэхдээ буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, алдаагаа залруулахын төлөө үлдсэн амьдралаа зориулах учиртай. Үгүй гэвээс нийгмийг шууд мөргөлдөөн рүү түлхэнэ.
Бид 1992-2016 онд болсон бүхий л хар үйл явдлыг сануулж байгаа нь залуучууд бол нийгмийн санах ой шүү, нийгмийн шударга бустай эвлэрэхгүй шударга улс гэдгээ харуулах гэснийх. Сайд дарга байх, мөнгө, хөрөнгөтэй байгаагаас тань огт хулчийхгүй гэдгийг сануулах гэж хар жагсаалтыг олон нийтэд дэлгэж байгаа юм. Өмнөх алдаагаа хүлээн зөвшөөрч, засч залруулахгүй гэвээс залуучуудын ээлж ирэх үед та нарыг огтхон ч эргэлзэхгүй дүүжилнэ гэдгийг бүү мартаарай гэж улстөрчдөд хандаж хэлмээр байна.
-Энэ ярилцлагыг уншаад хүмүүс А.Мөнхбат нэг суудлын төлөө зүтгэж байгаа юм байна гэж хардаж болох юм. Та энэ сонгуульд нэр дэвших үү?
-Би УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ бүр эрт зарласан. Цензургүй яриа нэвтрүүлгийн бичлэгээс харсан ч болно. Тиймээс намайг нэр дэвших эсэхэд битгий эргэлз гэж хэлмээр байна. Залуучуудын байгууллага бол 95 жилийн түүхэндээ ихийг бүтээсэн гавьяатай байгууллага шүү дээ. Залуучуудыг ажилтай, орлоготой, орох орон, оочих аягатай байлгах гэж хичээж байгаа.
-Тийм л үүрэгтэй, залуучуудын сайн сайхны төлөө ажиллах ёстой байгууллага юм биш үү. Улстөржих хэрэг байна уу?
-95 жилийн түүхийг орхиод би өөрөө энэ ажлыг хүлээн авснаас хойшхи тохиолдсон хүндрэлийг хэлье л дээ. Залуучууд бид паркын газартайгаа байя, хүүхдийн эмнэлэг байгуулъя гэхчилэн олон сайхан санаачилга гаргасан. Гэвч тэр бүхнийг төр л шийднэ, төр л учрыг олно гэсээр бидний бүх санаачилга нурж унасан.
Нөгөөтэйгүүр ямар ч сайхан санаачилга гаргаж, ажил сэдлээ ч бид ямар нэгэн хулгайчтай тохиролцоонд хүрэхээс аргагүйд хүрч байгаа юм. Бидний санаачилсан зүйл хэн нэг хулгайчид ашиг орлого өгдөг байхаас аргагүйд хүргэж байгаа юм. Залуучуудад хаягласан байр барилаа гэхэд тэнд орсон залуучууд хулгайчийн төлөө саналаа өгөхийг шаардах жишээтэй. Эрх мэдэлтнүүдийн амыг авлига хэрхэн хааж болдгийг Э.Бат-Үүл баатрын паркын газрын тухайд амаа таглуулсан мэт дуугүй байгаагаас харж болно. Ийм байхад бид санаачилга гаргахаас айж байгаа. Санаачилга гаргах л юм бол хулгайч нарын жолоодож буй төрийн машины золиос болчих эрсдэл бидэнд байна. Хулгайчтай нийлсэн залуучууд мэр сэр бий. Тэд яаж нүдэн дээр хөлжиж, баяжиж, албан тушаал нь өсөн дэвжиж байгааг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Тийм болохоор хүссэн хүсээгүй бид улс төр рүү орохоос аргагүйд хүрсэн. Хулгайч нарын чөтгөрийн тойргоос улс орноо бид л салгахгүй юм бол бидний дүү нар, үр хүүхдүүд яг л энэ замаар явах юм. Энэ нь яван явсаар улс орон сүйрлийн даваан дээр очиход хулгайч нар гадаад руу авлигын мөнгөөр худалдаж авсан хаус руугаа зугтана шүү дээ. Чухам тиймээс л бид "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлсэн.
-Залуучууд улстөржих болсон шалтгаан, гаргалгааг маш сайн ойлголоо. Ийм л шалтаг шалтгаанаар олон залуучуудын итгэл алдарсан гэдэгт эргэлзэхгүй байна?
-Тийм ээ, залуучуудын зүрх сэтгэл, итгэл үнэмшлийг хэрхэн алдаж болдгийг дээр цухас өгүүлсэн Э.Бат-Үүл баатар харуулсан. Хэдийгээр паркын газрыг Үүл баатраас өмнө шийдчихсэн байсан хэдий ч улсын баатар л гарч байж үүнийг залруулна гэж залуучууд итгэж байсан юм. Гэтэл Э.Бат-Үүл газрын наймаачин хоёр Санзайн зусланд хөрш болуутаа паркын газрын шийдэх асуудлыг ор тас мартсан. Залуусын итгэл алдарсан. Одоо Э.Бат-Үүл ердөө л нэг бусдын адил худалч, хулгайч өвгөн болж үлдсэн.
-Хар жагсаалтад төрийн өндөр дээд албаныхан бүгд багтана гэж та хэллээ. Одоогийн Монгол Улсын ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар МЗХ-ны ерөнхийлөгч байсан хүмүүс. Нөгөөтэйгүүр төрийн өндөр дээд албаныхан дунд танай байгууллагаас жил тутам шалгаруулдаг "NEXT STOP” наадмын оны шилдэг залуу шагналтнууд цөөнгүй бий. Тэгэхээр МЗХ өмнөх шалгаруулалтаа үгүйсгэж байгаа хэрэг үү. Өмнөх алхмаасаа ухарч байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Бид 2015 онд "NEXT STOP” наадмыг зориуд хийгээгүй, зогсоосон. Өнгөрсөн оны гуравдугаар сард хуралдсан их хурлаараа залуучууд дахин тэр наадмыг хийхээ больё, шалгарсан хүмүүс төрд гараад хулгайч болчихлоо гэсэн учраас уг наадмыг зогсоосон. Их хурлыг шийдвэрийг би ч зөрчих эрхгүй.
-Залуучууд төрд гарч байгаагүй гэвэл түүн шиг худал үгүй. Хамгийн сүүлд л гэхэд Г.Уянга, Д.Батцогт нарыг залуу хүнийх нь хувьд, иргэний нийгмийн төлөөллийн хувьд УИХ-д сонгосон. Гэтэл тэд итгэл биелүүлсэнгүй. Ганц нэгээрээ гараад ч хүчгүйднэ гэдгийг баталлаа. Залуучууд олуулаа байгаад ч туршлага дутах аюул бий шүү дээ?
-Бүх цаг үе удирдагчаа төрүүлдэг. Олон арван чадварлаг залуучууд Монголд бий. Тэд улс төрийг бохир заваан гэдэг өнцгөөс харах нь илүүтэй. Тиймээс ч улстөрчдөөс, улс төрөөс ангид байхыг илүүд үзэж байгаа. Харин одоо тэдгээр залуучуудыг мэдсэн, сурсанаараа улсаа аваад явах боломжийг олгох хэрэгтэй байна. Хэн нэг нам хүчний, улстөрчийн зохиосон чөтгөрийн тойрогт орчихгүй юмсан гэсэн зөв бодолтой, өндөр боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй залуучуудад боломж олгох цаг болсон. Тиймээс залуучуудыг туршлагагүй гэж бүү бас гэж л хэлье дээ.
-Нара болон Эрдэнэ гэсэн харьцуулалт интернэтээр хэсэг цацагдлаа. Залуучууд нь залуучуудаа дэмжинэ гэж байгаа хэдий ч сонгогчдын цөөнгүй хувь нь дундаас дээш насныхан. Тэд Эрдэнийг муулсан хэрнээ л Нарагаас илүүд үзэх юм биш үү?
-Ахмадуудын маань ч итгэл алдарсан. Тэд бидэнтэй ирж уулзаж, бидний санал санаачлагыг дэмжиж байгаа. МАН, МАХН гэсэн хоёр намыг нийлчих болов уу гэж хүлээж, тэр намуудад мэхлүүлж ирснээ ярьж байгаа. Монгол Улсыг маань хулгайч нар яаж хувааж байгааг нүдээр харж буй болохоор "Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг эхэлсэн өдрөөс дэмжиж байгаа. Төрийн шагналт зохиолч Л.Түдэв, СГЗ сэтгүүлч Ц.Дашдондов нарын олон ахмадууд биднийг дэмжиж байна. Малчид бас биднийг ихэд дэмжиж байгаа. Малчид маань яснаасаа хулгайчид дургүй. Дээр нь залуучууд залуусаа л дэмжинэ шүү дээ.
-Сүүлийн хэдэн удаагийн сонгуулиас харахад залуучууд сонгуульд хойрго ханддаг. Залуучуудыг УИХ-д гаргахад хамгийн том саад энэ биш үү?
-Залуучуудын сонгох хүн нэр дэвшдэггүйгээс л тэд сонгуульд хойрго ханддаг. Түүнээс биш залхуудаа биш юм. Өөрийнх нь үеийн, үлгэр дуурайл болсон, шүтэн биширдэг, харлаж хүндэлдэг хүн нь УИХ-д нэр дэвших аваас тэд хүслээрээ сонгуульд оролцох болно. Өнөөг хүртэл хүчээр хулгайч нарыг сонгохоос аргагүйд хүргэдэг болохоор эгдүүцээд сонгуульд оролцдоггүй. Залуу хүн шударга байдаг.
-Хар жагсаалт гарчихлаа гэж бодъё. Энэхүү жагсаалтыг МЗХ гаргах эрхгүй, хууль бус үйлдэл гэж хууль хяналтын үзэх үндэслэл бий юү?
-Тэр хууль хяналтын байгууллагууд монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын манаач нь юм байгаа биз дээ.
-Тэгвэл улстөрчид дуртай хүлээж авахгүй нь мэдээж. "Би ариун цагаан хүн, намайг гүтгэлээ” гээд босоод ирвэл яах вэ?
-Бид баримтад тулгуурлаж жагсаалтыг гаргана. Тулгуурласан баримтууд маань бүгд төрийн өөрийнх нь баримтууд байгаа. Олж авч чадахгүй, замаасаа замхарсан үйл хэрэг ч зөндөө бий. Хар жагсаалтаараа бүх хулгайч нартай шүүхдэхэд бэлэн байна.
-Хар жагсаалтад орсон хүн УИХ-д гараад ирвэл яах вэ. Эргээд танай байгууллагад эсрэгээр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол бий юү?
-Миний тооцоолсноор багадаа 60 хувь, ихдээ 80 хувийг нь шинэчилж чадна гэж итгэж байгаа. Шинэчилж орсон хүмүүс маань эргээд хулгайч болохгүйн тулд шударга ажиллах ёстой. Нам, бүлэг, фракцийн гацаасан хуулиудыг батлах ёстой. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан Хариуцлагын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Төрийн албыг нийтийн алба болгох тухай хуулиудыг санаачлаад байхад хулгайч нар дооглож байгаад гацаалаа шүү дээ. Тиймээс ард түмэн маань хар жагсаалтыг харж байгаад ажлаас нь чөлөөлөх ёстой юм. Хулгайч нар өнөөдөр төрд байгаа учраас л хүчтэй байгаа хэрэг. Эрх мэдэл, албан тушаалаас нь салгачихвал тэд хэн ч биш.
Тиймээс энэ хар жагсаалт 2020 оны сонгуулиар ч дахиад гарна.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛ