ТҮРЭЭСЛЭГЧИД: Бидний лангууг санаатайгаар шатаасан

4

"Нарантуул" худалдааны төвийн торго бөс барааны хэсэгт өчигдөр шөнө гал гарсан. Шөнийн 03.00 цагийн үед гарсан галыг Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллан 05.00 цагийн үед бүрэн унтраасан талаар бид мэдээлсэн.

Одоогоор галын дүгнэлт гараагүй бөгөөд галын шинжээчид шалтгааныг тогтоохоор ажиллаж байна, торго бөс бараа зардаг лангуунуудын 70-80 хувь нь шатсан гэж хамгаалалтад гарсан цагдаа нар хэлсэн юм. Биднийг очиход цагдаагийнхан тор татаад хамгаалалтад гарсан байсан бөгөөд Нарантуул зах руу худалдаа эрхлэгчдийг оруулахгүй байсан юм.

Худалдаа эрхлэгчид, өөрийнх нь лангуу шатсан эсэхийг мэдэх ямар ч боломж алга. Бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байна хэмээн бухимдацгааж байлаа. Мөн тэд "Бид бараагаа бүтээж үлдээгээд өөрсдөө ээлжээр жижүүрлэж хонодог байсан. Гэтэл камер суурилуулсан гээд биднийг хонуулахаа больсон хирнээ камер хянадаг хамгаалалтын хүмүүс нь зах шатаж байхад юу ч мэдээгүй, ойролцоох шатахуун түгээх станцынхан галын дуудлага өгсөн байна лээ. Бидний лангууг дотроосоо санаатайгаар шатаасан гэж бодож байна. Одоо бидний хохирлыг хэн барагдуулах вэ” хэмээн нулимс дуслуулан ярьж байсан юм.

Торго бөс барааны хэсэгт лангуу түрээслэгч:

-Та нар өөрсдөө ээлжээр бараагаа харж хонодог байсан гэсэн. Яагаад больсон юм бэ?

- Бүрэн камержуулж, харуул хамгаалалттай болгосон гээд биднийг хонуулахаа байсан. Гэтэл өчигдөр бидний бараа шатаж байхад тэр харуул хамгаалалтынхан нь мэдээгүй байна лээ.

-Таны лангуунд ойролцоогоор хэдэн төгрөгийн бараа байсан бэ?

-Ойролцоогоор таван сая төгрөгийн бараа байсан.

-Цахилгааны утастай холбоотойгоор гал гарсан байх боломжтой юу?

-Мэдэхгүй байна. Намайг өчигдөр 18.00 цагийн үед тарахад тог асахгүй, харанхуй байсан.

-Та нарыг бараануудаа агуулахад хий гэж шаарддаг байсан гэсэн?

-Цагаан сарын дараа бараагаа авч гар энд үлдээх нь эрсдэлтэй гэж хэлж байсан. Гэхдээ бид нар бараагаа аваад гаръя гэхээр явах газар байхгүй шүү дээ. Миний хувьд голд зогсдог. Баруун, зүүн талаасаа тэрэгнүүдтэй болохоор бараагаа авч гаргахад хэцүү. Бас бараагаа хийх газар ч байхгүй. Бид нар гуравдугаар сарын түрээсээ өгөөд гуравхан хонож байна. Гэтэл өнөөдөр шатчихлаа. Одоо бид нар яах юм бэ. Хэцүү байна шүү дээ. Энд ихэвчлэн олон хүүхэдтэй ядарсан амьдралтай эмэгтэйчүүд зогсдог.

-Гал юунаас болж гарсан гэж бодож байна. Таамаглаж байгаа зүйл байна уу?

-Таамаглаж байгаа зүйл алга гэхдээ би санаатайгаар гэж бодож байна.

-Хэн, яагаад шатаасан гэж бодож байна вэ?

-Том, том захуудын явуулга гэж бодож байна. Анх бид нарыг дүнжингаравт ор гээд бичиг тараагаад байсан. Бид нар орохгүй гэсэн. Тэрний дараахан Нарантуул шатсан. Гэтэл сая бид нарыг нүү гэж шаардаад элдэв янзаар дарамтлаад, сая барьсан "Баялаг ундраа" захруугаа ор гээд байсан. Бид ороогүй гэтэл өчигдөр шөнө дахиад л шатчихлаа шүү дээ.  Бид нарын түрээсийг авангуутаа шатаагаад хаячихлаа.

Торго бөс барааны хэсэгт лангуу түрээслэгч:

 

-Сарын түрээс хэд вэ?

- Нэмэгдсээр байгаад 450 мянган төгрөг болсон. Өмнө нь хүнсний зах шатсан түүнээс хойш бидний түрээсийг нэмж тэрнийхээ алдагдалыг нөхсөн шүү дээ.

-Таны лангуун дээр хэдэн төгрөгийн бараа байсан бэ?

-Би ойролцоогоор 6 метр газар зогсдог байсан. Бараг 200 сая төгрөгийн бараа байсан.

- Торго бөс барааны хэсэгт ойролцоогоор хэчнээн түрээслэгч байдаг вэ?

-Торго, бүдүүн даавуу, дотрын материал гээд маш олон түрээслэгч байдаг.Ойролцоогоор 400 орчим хүн байгаа.

-Та нарт бараагаа гаргахгүй бол эрсдэлтэй гэж хэлж байсан гэсэн. Яагаад гаргаагүй юм бэ?

-Өчигдөр 15.00 цагийн үед байцаагч ирээд бараагаа авч гар гэж хэлсэн. Гэхдээ биднийг бараагаа энд, тэнд хий гэж хэлдэггүй. Бид нар бараагаа аваад хаашаа гарах юм бэ. Бид нарын бараа маш хүнд бас том тэрийг яаж хаашаа зөөх юм бэ. Хэцүү шүү дээ.

Дашрамд сануулахад, 2013 оны наймдугаар сард тус худалдааны төвд томоохон хэмжээний гал гарсаны улмаас их хэмжээний хохирол учирч, мөн нэг эмэгтэй нас барсан хэрэг гарч байв. Мөн 2015 оны аравдугаар сард тус худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч байсан юм.

Т.Болор

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл