“Оргил” супермаркетынхан иргэний хохирлыг барагдуулахгүй луу унжжээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт тавдугаар сарын 22-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Тусгаар тогтнолын ордны Оргил супермаркетад гал гарлаа гэсэн дуудлага ирсний дагуу 10 дугаар ангийн гал унтраах 1,2 дугаар тасаг очиж унтраасан байдаг. Цахилгаанаас үүдэлтэй гэсэн галын дүгнэлт ч гарчээ. Тус дэлгүүрт гал гарсан учир үүдэн дэх ашигтай талбайг түрээслэн, бэлэг дурсгалын зүйл зардаг байсан түрээлэгчийн лангуу, бараа нь шатаж багагүй хэмжээний хохирол амссан байна. Найдвартай, нийгмийн хариуцлагатай байгууллага учир хохирлыг барагдуулж, цаашид үйл ажиллагаагаа үргэжлүүлнэ гэж түрээслэгч найдаж байлаа.
Гэвч Оргил супермаркетын удирдлагууд богино хугацаанд хохиролгүй болгож, уучлал гуйх байтугай өгсөн багахан мөнгийг авбал ав, байвал бай гэж увайгүй аашилжээ. "Оргил” сүлжээ худалдааны төв ашиг, сонирхлыг чухалчлахыг бус хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг чанартай, хямд үнээр түргэн шуурхай хүргэхийг илүүд үздэг. Үүний үр дүнд өдрөөс өдөрт манай худалдааны төвүүдээр үйлчлүүлэгчдийн тоо өсөж байгаа нь бидний бахархал, бид хариуцлагатай, ёсзүйтэй юм хэмээн рекламддаг. Гэтэл энэ ёсзүйтэй байдал нь хаачив. Оргил нам салбарт гал гарч, түрээслэгч хохирол амсчихаад байхад нийт хохирлынх нь ердөө 50 хувийг л төлнө гэжээ. Энэ нь лангуу түрээслэгчдэд дэндүү шударга бус хандаж байгаагийн илрэл. Өөрсдийнх нь буруугаас болсон байхад хохирлын талыг барагдуулсан гэсэн нэр зүүгээд, дахиж талбай түрээслэхгүй гээд хөөгөөд гаргаж болох уу.
Энэ том сүлжээ дэлгүүрийн эзэд жирийн иргэний ганцхан лангуу, бараа шатсан хохирлыг бүрэн барагдууллаа гээд хоосорчихгүй. Тэр нь тийм ч их мөнгө биш. Ердөө 7.2 сая төгрөг. Үүнийг бүрэн төлөөд өгчихгүй луу унжиж, 3.8 саяыг өгнө гэж гэдийгээд, авахгүй гэвэл хууль хяналтын байгууллагаар явахгүй хэмээн мэлзэж байна. Түрээслэгч иргэн хууль хяналтын байгууллагад хандаж өмгөөлөгч хөлслөөд явлаа гэхэд хэр хэмжээний зардал гарах, цаг хугацаа орох, ажил, бизнес нь зогсох гээд чамгүй бэрхшээлтэй нүүр тулна гэдгийг тус дэлгүүрийн удирдлагууд тооцоолж, бидний өгснийг авахгүй гээд яахав гэсэн байдлаар хандаж байна гэж үзэхээс аргагүй юм. Мөн бид МАН-ын байрыг түрээслэн дэлгүүр ажиллуулж байгаа, түрээслүүлэгч аюулгүй байдлыг хангахад анхаарах ёстой, хохирлоо МАН-аас нэхэмжил, бид ч гэсэн хохирсон хэмээн бусад руу нялзаах гэж үзжээ. Түрээслэгч иргэн МАН-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзахад "Бид давхар түрээсийн гэрээ тантай хийгээгүй. Гэрээ байгуулж лангуу ажиллуулах талбай гаргаж өгсөн дэлгүүрийн захиргаандаа ханд” гэсэн хариу өгсөн байна.
Гал гарснаас хойш бүтэн 3 сарын хугацаа өнгөрч, лангуу ч үгүй, бараа ч үгүй, орлого ч үгүй иргэн хүн хохирсоор байна. Оргил худалдааны төвийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ж.Ганбаатар та " Оргил өөд хамтдаа " хэмээн уриалдаг. Танай группын охин компани болох "Моннидэр” –ийн Оргил нам салбарт иргэнийг хохироосон ийм асуудал үүсчихээд байгааг яаралтай шийдэж, түрээслэгчийг хохиролгүй болгож өгмөөр юм. Энэ асуудлыг хэрхэн шийдснийг бид эргэн сурвалжилна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Эх сурвалж: Times.mn