Идшээ авдаг нь малчдаа зориорой
ОБЕГ-ын мэдээлж буйгаар өнөө өглөөний байдлаар долоон аймгийн 20 суманд их цас орж, цасан шуургатай байна.
Харин өнөөдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээнийгазраас анхааруулсан.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас их дээд сургуулиуд хөдөө, орон нутгийн оюутнууддаа БСШУЯ-аас 7-14 хоногийн чөлөө олгож, хөдөө гэртээ очиж туслахыг үүрэгдээд байгаа. Мөн нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд "Нэг хүүхэд-нэг нэмнээ” аяныг эхлүүлээд байна.
Оюутанд чөлөө хэрхэн олгох талаар БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулганаас тодруулахад,"Орон нутагт хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн хугацаатай чөлөө олгохоор болсон. Малчдад туслах оюутнууд сургуулийнхаа захиргаанд өргөдөл гаргаснаар чөлөө авч болно. Ингэхдээ тухайн аймаг орон нутгийн Засаг захиргаа руу сургуулиас нь бичиг гаргаж өгнө. Чөлөөний хугацаа дуусах үед тухайн Засаг захиргааны нэгжээс тодорхойлолттой ирнэ. Мал төллөлтөд явсан оюутнуудын хичээл нөхөх асуудлыг тухайн их дээд сургууль бүрэн хариуцна” гэв.
Орон нутагт хаваржилт хүндэрсэн асуудалд МУГЖ С.Жавхлан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр тогтсон ажилгүй залууст хандаж сайн дураараа хаваржилт хүндрээд байгаа аймгууд руу явж, малчдад туслахыг уриалаад байгаа.
Нээрээ ч, нийслэлчүүд бид идшээ авах болохоор хэдэн малчиндаа сайхан загнаж, маасайтал инээж байгаад авдаг. Гэвч хаврын цагт малчин айлд очиж тусалдаг нь хэд билээ.
Учир нь хаврын хавсаргаар малаа тордоно, төл авна, тэднийгээ өвс тэжээлээр хангана гээд л малчдын хувьд хавар хамгийн ажил ихтэй улирал.
Тиймээс нийслэлүүдээ, "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг үгийг ямагт санаж ядарч яваа малчиддаа чадахын чинээгээрээ туслая.
Ялангуяа намрын цагт идшээ авдагууд нь ажил, хичээлээсээ чөлөө аваад хөдөө байгаа ижий аав, ах дүү, амраг садангаа зориорой.
Үлдсэн хэд нь малчдынхаа өвс тэжээл, гурил будаа, дулаан хувцас, малын нэмнээг нь бэлдэж өгөөд явуулъя.
Увс аймаг 2016 оны 03-р сарын 04-ний өдөр
Б.Дэжид
Сэтгэгдэл байхгүй байна.