Хэлмэгдэлт амсан, гэнэдэж явсан Хадбаатар аварга минь
Хорьдугаар зуунд монгол улсын баяр наадмуудад тодорсон арван долоон аваргын дотроос бяр хүчээрээ гайхагдаж, ард түмнийхээ дотор домог болон алдаршсан алдарт аварга бол Дагвацэрэнгийн Хадбаатар аварга юм. Түүнийг хоёр ч удаа хэлмэгдүүлэн аавынд явуулаагүй бол өлхөн дөрөв, тав түрүүлэх байсныг ард түмэн одоо ч гэсэн дурсан ярьцгаадаг.1951 онд Төв аймгийн Угтаал суманд төрж өссөн. Бөхийн дэвжээн дээр цагаан сараар анх удаа Баянаа аваргыг дүүгүүрдэн эргүүлж эргүүлж тавихад хоёр "Мөнхөд” уйдсан ард түмэн алга нижигнүүлэн ташиж хийморийг нь мялааснаас хойш бөхчүүд бөх сонирхогч нарын анхаарлын төвд байнга байсаар байсан хүчит аварга билээ.
-Хадааг бөхөд чиглүүлсэн тухай
Хадааг 13-14 орчим настай байхад (ээжийнхэн дүүгийн охин) эгч Намжилмаа нь улаанбаатар хотод ирүүлэн өөрийгөө дагуулж зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтээр хичээллүүлэн спортын дөртэй болгосон юм. Намжилмаа бол монголын хөнгөн атлетикийн улсын шигшээ багийн тамирчин төдийгүй олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголоо төлөөлөн амжилттай оролцож дэлхийн жишигт хүрсэн тамирчин юм. Хөнгөн атлетикийн тамирчдын дотроос хамгийн өндөр үзүүлэлттэй нь байсан төдийгүй ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан нэгэн.Тэрээр Хадааг гэрээсээ хаашаа ч гаргахгүй зөвхөн бэлтгэл хийлгээд бэлтгэлийн хувцасаа өгөөд л гэрлүүгээ явуулна. Ийм нэг хэвийн амьдарлаас Хадаа уйдаад яаж ийгээд Намжилмаа эгчээсээ холдохыг бодох болжээ. Тийм ч учраас шигшээ багийн хөнгөн атлетикийн багийн ахлагч байсан Сийлэндоржийн Оймандахад хэлэхэд тэрээр залуу хүүгийн хүслийг биелүүлэхээр шийдэж:” Чи эгчдээ хэлэхгүй юмаа гэхэд хадам ахаа дагуулаад ир! Тэр үед л ямар нэг арга бодье” гэжээ. Удахгүй хадам ах Нордогоо дагуулан ирэхэд нь ярилцаж байгаад цэрэгт явуулахаар шийджээ. Тэр үед шигшээ багийн тамирчдыг цэрэгт явуулдаггүй байсан хэдий ч Оймандах танилаараа дамжуулж цэрэгт нууцаар явуулаад "Алдар” нийгэмлэгийн бөхийн дасгалжуулагч байсан Ж. Лодойд:” Танай бөхөд хэрэгтэй Хадбаатар гэдэг залууг цэрэгт явууллаа шүү! Ийш тийшээ алдахгүй нийгэмлэгтээ татаж аваарай” гэж захижээ. Тэгээд л алдар нийгэмлэгт татагдан бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг.
-Бөхийн анхны анхны гараа
Анх 1972 оны Ардын хувьсгалийн 55 жилийн ойгоор зодоглон Өмнөговийн Бямбаа, улсын заан Булганы Д.Лхагвасүрэн, улсын арслан Архангайн Ж.Чойжилсүрэн нарыг шороодуулан тав давж "Улсын начин” цол хүртжээ. Энэ жилээ улсын баяр наадмын зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтэд түрүүлж "Спортын мастер”-ын болзол хангаж "Рекорт дээд” амжилт тогтоосныг нь саяхан азийн аваргын мөнгөн медальт Магаширий эвджээ. Үүнээс хойш бөхөөр дагнан хичээллэж 1973 онд тав даваад "Өсөх” иэр чимэг, 1975 онд долоо даваад "Улсын заан” цол хүртэж, 1977 онд зургаа, 1978 онд тав, 1984 онд долоо давж байжээ. -Улсын баяр наадамд түрүүлсэн нь Тэрээр 1976 оны Ардын хувьсгалийн 55 жилийн ойн баяр наадмаар улсын начин Сүхбаатарын Д. Одсүрэн, шинэ начин Сэлэнгийн И. Найдан, улсын начин (одоо улсын арслан) Увсын М. Мөнгөн, шинэ заан Өвөрхангайн Д. Долгорсүрэн, улсын арслан Төвийн П. Дагвасүрэн нарыг шороодуулан түрүүлж "Улсын арслан” цол хүртсэн юм. Энэ жил нь монголын үндэсний бөхийн дэвжээг эзэгнэж байсан хоёр"Мөнх” гадаадад тэмцээнд явсан нь таатай нөгцөл бүрджээ. 1979 оны Монголын бүх ард түмний зургаадугаар спартакадын үндэсний бөхийн барилдаанд 2 дугаар байр эзлэн "Хурц идэр” чимэг авсан нь ямар ч барилдаанд хэнээс ч айж бэргэхгүй барилдвал хэд ч түрүүлэх боломжтойгоо олж харжээ. Энэ жилийнхээ наадамд улсын начин Төвийн Д. Сэрээтэр, шинээр начны болзол хангасан Ховдын А. Баатархүүг, улсын заан Өвөрхангайн З. Дүвчин, Дархан аварга Ж. Мөнхбат нарыг шороодуулан дархан аварга Өвөрхангайн Д: Цэрэнтогтоход шороодон үзүүрлэсэн бол 1983 оны наадамд мөн л Д.Цэрэнтогтох аваргатай үлдэн, 1985 оны наадамд Өвөрхангай аймгийн харъяат улсын начин цолтой байсан Б. Ганбаатартай үлдэн үзүүрлэжээ. Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд 1980 онд түрүүлэн,1984 онд үзүүрлэж байсан юм. Тэрээр арван жилийн дараа 1986 оны Ардын хувьсгалын баяр наадамд Улсын начин Баянхонгорын Ш. Чанрав, Увс аймгийн арслан Балдорж, Төв аймгийн арслан Л. Бадарч, улсын начин Өвөрхангайн С. Дамдинбазар, улсын заан Өвөрхангайн Ишгэн, улсын арслан М. Мөнгөн, дархан аварга Д. Цэрэнтогтох нарыг шороодуулан хоёрдахь удаагаа түрүүлжээ. Түүнчлэн цагаан сарын шинийн нэгэнд зориулсан барилдаанд Баямөнх аваргыг хариагүй шахам байхад дүүгүүрдэн олныг шуугиулан байж 1980 онд улсын арслан цолтой байхдаа түрүүлснээс хойш 1984, 1985 онуудад түрүүлж гурван удаа шалгарсан билээ. Ийнхүү улсын баяр наадамд 14 жил зодоглож, хоёр түрүүлж, гурав үзүүрлэж, зургаан удаа шөвгөрөн өсөх идэр, чин зоригт, бат суурьт, хурц идэр, тод сонин, чин зориг, хурц идэр, бууршгүй хүчит, саруул сайжрах чимэгүүдийг хүртэж байжээ.
-Самбо бөхийн спортын хичээллэж явсан нь
Түүнийг анх цэргээс Алдар нийгэмлэгт татагдахад анх Монгол улсын манлай начин, Гавъяат дасгалжуулагч Чойдарын Өвгөнхүү шавилан аваад дэлхийд данстай бөх болгосон юм. 1985 оны Испаний Сан-Севастьян хотноо болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 килограммын жинд гуравдугаар байр эзлэн "Хүрэл”, дэлхийн аваргатай дүйх "Найрамдал-84” тэмцээний "Мөнгөн” медалиуд хүртэж, монголд зохиогддог самбо бөхийн олон улсын тэмцээнд таван удаа, жүдогийн тэмцээнд дөрвөн удаа тус тус түрүүлж "Олон улсын хэмжээний мастер”-ийн болзол хангаж байсан юм. Ийнхүү улсын аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд найман удаа түрүүлж монголынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж явсан хүчит аварга билээ. Хадбаатар аварга хэнийг ч голохгүй нэгэн адил харьдаг, эгэлгүй даруу, хүүхэд шиг ааштай нэгэн байсан юм.
Түүнийг "Аав”-ынд байхад наадмын ажиллагааг радиогоор хөтлөж байсан яруу найрагч Тангадын Галсан ард түмэн хүчит аваргаа үгүйлж байгааг төр засгийн удирдлагад хүргэхээр:” Өрсөлдөгчөө Хадбаатар аварга дүүгүүрдэж байхад Цэнгэлдэх хүрээлэн ханаран салгалж байдаг Өөрөө өөрийгөө пидхийлгэж байхад Арван баллаар газар хөдөлж байдаг Дөрвөн бухаар зүтгүүлэвч Дэнжийхгүй хүчтэн Дөнжин үнээ цуславч Цаддаггүй ходоодтой Хавт Хасарын ХХ зууны дүр Хадаа аварга минь Хойтон жилийн наадамд барилдах болтугай! гэж шүлэглэн наадамчин олны уухайн дуугаар мялаалган "Аав”-ынхаас гаргах нөгцлийг бүрдүүлсэнд баярлан Т. Галсан гуайтай гарчихаад ирж талархлаа илэрхийлж байсныг дурсан ярьж байсан билээ.
Ард түмэн Хадааг Пивоны бөглөөг дээрээс нь нэг хуруугаараа дарж амыг нь сарваалгаад эрхий хуруугаар дээшээ няслан гаргаж байсан тухай ярьдаг юм. Энд нэгэн сонирхолтой тохиолын тухай дурсюу. Тэрээр Гандан хийдэд цэвэрлэгч хийж байсан Хишигдуламтай анх танилцаад байнга ирж уулздаг болсон үед нь Гандан хийдийн аж ахуйн дарга Цэвээндорж нэг өдөр хэдэн лам нараа дуудан:” За нөхдүүдээ! Манай хийдэд том бөх Хадаа байнга айлчилдаг боллоо. Манай цэвэрлэгч Хишигдулам жижигхэн, түүний өрөө бас жижигхэн. Гэтэл тэнд асар том биетэй бөх ирж байдаг. Хэдүүлээ нэг юм бодно байгаа” гээд Хадааг даах бөх бат ор хийж өгье” гээд Одоогийн хамба лам Чойжамц, одоогоор АНУ-ын хийдэд хамбаар уригдаад байгаа Чулуунбаатар болон Балгансүрэн нарыг швеллер төмөр ачихуулахаар явуулаад авч ирүүлсэн нь нилээд удаан хугацаанд гандан хийдийн хашаанд байсан гэдэг.
Хадаа аварга анх удаа аавынд ороход Бэрлэг хариуцсан прокуророор ажиллаж байсан Монгол улсын начин Монломын Мижиддорж ихээхэн анхаарал тавьж түүнийг гэр оронлуу нь чөлөөгөөр гаргах, аль болох боломжийн ажил хийлгэх зэргээр халамжлаж байсан тухай бахархан ярьдаг байж билээ. Энэ мэтээр Хадаа аваргаар бахархахын дээр бяр чадлынхан тухай домоглон ярьсан нь цөөнгүй. Түүний сүүлчийн барилдаан бол 1993 оны Ардын хувьсгалийн 72 жилийн ойн барилдаан бөгөөд тавын даваанд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ж.Намжилдоржийг амлан авч шороодон "Улсын начин” цол олгуулсан бөгөөд харин Намжилдорж эр бяраа гайхуулан зургаа давж "Өсөх идэр” чимэг хүртсэн бол дараахан нь "Улсын баяр наадмын тухай” хуулийн дагуу "Улсын харцага” цол хүртсэн юм.Тэрээр ийм л хүнийг Монгол улсын начин цолонд хүргэсэн ачтан. Энэ л наадам түүний сүүлчийн оролцсон төрийн наадам байлаа. Дараахан болсон аймгийнхаа нэгэн ойн баярын барилдаанд зодоглож байгаад тэндээсээ эмнэлэгт хүргэгдэн ертөнцийн мөнх бусыг үзсэн билээ. Ийнхүү хамгаас онцгой бяртай хүчит аварга маань нутгийнхаа бөхийн талбарт мөнхөрсөн билээ.
Алагийн Буянтогтох МҮБХ