Нийслэлийн удирдлагууд 1000 сэтгүүлчид ажилаа тайлагнав
Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж, хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран "Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын 1000 гаруй сэтгүүлч оролцож байгаа юм.
Форумын үеэр 03 сарын 06-нд болох Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойн өдрийг тэмдэглэж, нээлттэй ил тод засаглал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар ярилцаж, нийслэлд 2012 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээнүүдийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, төрийн байгууллага ба хэвлэл мэдээллийн байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож, бодлогын баримт бичиг гарган олны хүртээл болгоно.
"Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ёслолын арга хэмжээгээр эхлүүлж, Улаанбаатар хотын дөрвөн жилийн ажлыг тайлагнасан видео киног үзүүлж, амжилт бүтээлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нийслэлийн болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал гардууллаа.
Мөн нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний төгсгөлд тунхаг бичиг гаргав.
Б.Дэжид
Сэтгэгдэл байхгүй байна.