Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2016 онд "Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрх”-ийг хангах хүрээнд ЕБС-уудад "Сургууль орчмын бүс байгуулах” төслийг хэрэгжүүлэх боломжыг судлаж байна.
Уг төслийг эхний ээлжинд Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургууль болон Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн А байранд хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүллээ. Тухайлбал Улаанбаатар хотод "Сургууль орчмын бүс байгуулах” төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг судлах зорилгоор аймгийн ГХУСАЗЗ-өөс ажлын хэсэг томилсон бөгөөд /2016.03.02/ нийслэлийн 50 дугаар сургууль болон Сэтгэмж сургуулиудад ажиллалаа.
Нийслэл хот нь Ерөнхий боловсролын 206 сургуультай бөгөөд үүний 70 орчим хувь нь "Эрсдэлтэй бүс” буюу авто машины төв замтай зэргэлдээ оршдог байна.
Энэ нь хүүхдүүд хичээлдээ ирж, буцах замдаа авто машины осолд өртөх өндөр эрсдлийг бий болгодог. Тухайлбал нийслэлийн Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг 50 дугаар сургуулийн баруун талын зорчих хэсэгт гарсан зам тээврийн осол хэргийн судалгааг сүүлийн 3 жил болон 2015 оны эхний хагас жилийн байдлаар гаргахад 2012 онд 6 осол гарч 6 хүн гэмтсэн, 2013 онд 8 осол гарч 8 хүн гэмтсэн тоо мэдээ гарчээ.
Харин "Сургууль орчмын бүс” байгуулсны үр дүнд 2014, 2015 онуудад зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.
"Сургууль орчмын бүс” төслийн хүрээнд стандартын дагуу тэмдэг, тэмдэглэл, хурд сааруулагчийг байрлуулж, зорчих хэсэгтэй ойр байрласан сургуулийн баруун талын төмөр хашааг 1 метр 50 см дотогш татуулж, явган зорчигч явах 100 метр явган хүний зам хийжээ.
Мөн замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 6 ширхэг замын тэмдэг, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах 400 метр хайс шинээр хийж, зорчих хэсгийн 2 талаар байрлуулсан байна.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг хүүхэд багачуудад хүргэх, аюулгүй замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх зорилгоор "Гэрэл сүүдрийн хослол” ТББ-тай хамтран "Шүгэлхүүгийн аялал” 10 цуврал теле хичээлийн сэдвийг сонгож, зураг авалтыг хийж бэлтгэн, сургуулийн төв хаалганы харалдаа байрлуулсан телевизээр тогтмол гарган, хүүхдүүдэд хүргэж байгаа юм байна.
Мөн аймгийн ГХУСАЗЗ-ийн ажлын хэсэг нь Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолборт "Сургууль орчмын бүс” төслийн үйл явцтай танилцлаа.
Уг сургууль нь нийт 1700 гаруй суралцагчидтай. Суралцагчдын 80 гаруй хувь зам хөндлөн гарч, хичээлдээ ирдэг. Сургуулийн хашаанаас гараад л зам руу ордог тул осол, аваар гарах аюултай байдаг. Судалгаанаас үзэхэд зөвхөн Сэтгэмж сургуулийн ойр орчимд жилдээ 2-3 хүүхэд авто замын осолд өртдөг гэсэн дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл автомшины осолд өртсөн хүүхдийн тоогоор өндөрт ордог сургууль юм.
Харин Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв БНСУ-ын Барилгын технологи хөгжлийн хүрээлэн хамтран тус сургуульд "Сургуулийн бүс” төсөл хэрэгжүүлж, гэрлэн дохио, хурд сааруулагч, хурд хэмжигч багаж, явган хүний гарц, замын хашлага, тэмдэг, тэмдэглэгээг сургуулийн орчимд хийсэн байна.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн ажлын хэсэг Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжсэн "Сургууль орчмын бүс” төслийг энэ онд багтаан орон нутагтаа хэрэгжүүлэхээр судлаж байна.
эх сурвалж: Undesten.mn
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.