Үнэний мөрөөр… /эрэн сурвалжилсан нь/
Үнэний мөрөөр /маш ноцтой эрэн сурвалжлах, судалгаанд тулгуурласан материал манай сайтад ирснийг уламжилж байна/
Ирвэс судлаач яагаад нас барав хэмээн олон хүн надаас асуусан. Монголд хамгийн олон жил ирвэс судалж байгаа хүнээс асуухгүй бол өөр хэнээсээ ч асуух билээ. Монгол хүн байна ядаж 49 хоног нь өнгөрөг. Бас багагүй судалж, харах зүйл байснаас өнөөдрийг хүртэл дуугүй байлаа.
НҮДЭЭ НЭЭЦГЭЭЕ. МОНГОЛЧУУД АА.
Бид нэг сайхан залуугаа алдаж оронд нь нутгийнхаа нэг нурууг улсын хамгаалалтанд авлаа. Амьдрахуйн маш нарийн зохилдлогоор холбогддог, бие биенгүйгээрээ оршин тогтнох үндэсгүй, хөрсөн дээр байгаа амьтай болгоныг нийтэд нь мэргэжлийн хэлээр макрофауна гэнэ. Харин хөрсөн дор байдаг бидний нүдэнд харагддаггүй яг ийм зохилдлого бүхий амьд байгалийг микрофауна гэнэ. Иргэд микрофауныг хөрсний үржилт шимт хэсэг гэх нь бий. Олон сая жилийн байгалийн түүхэн хөгжлийн дүнд бий болдог микрофауна маш эмзэг. Ялангуяа говийн микрофауна. Хэрэв микрофауна үгүй болбол макрофауна ч байхгүй болно.Тэгэхээр ирвэс судлаач залуу маань хорвоогийн хамгийн үнэт зүйлийн нэг говийн микрофауныг макрофаунатай нь бүхлээр нь авч үлдэх боломжийг бидэнд амь насаараа олж өгсөн гэсэн үг. Энэ бол үнэхээр том гавъяа. Учир нь манай БОНХАЖЯ-ныхан микрофауны талаар огт дуугардаггүй. Дуугарах юм бол уул уурхайн компаниудад микрофауны нөхөн төлбөр болон нөхөн сэргээх асуудал босч ирнэ. Энэ бол их хэмжээний нэмэлт мөнгө гэсэн үг.
Бид ч яахав ингээд хожсон юм байж. Харин талийгаачийн ар гэрийнхний сэтгэлийн шаналал, уй гашууг яах вэ?!
Шуудхан хэлэхэд WWF буюу "Дэлхийн байгаль хамгаалах сан” гэсэн сайхан нэртэй муухай үйлдэлтэй, улс дамжсан ТББ байгууллага ар гэрийнхэнд нь төлөх ёстой олон сая доллараас зугтахын тулд өөрсдийн гар хөл болсон хүмүүсийн тусламжаар тэднийг чулуу хөөлгөж байна гэж би хардаж байна.
Энэ байгууллагын анхны төлөөлөл Шааллер гэх "нөхөр” өнгөрсөн зууны эцсээр Монголд ирж байсан. Шааллер намайг тахь нутагшуулах ажлаар Нидерланд явсан хойгуур намайг ав гэсэн гээд ирвэсний судалгааны материалыг ширээнээс маань гаргуулж аваад явчихсан байсан. Дараа нь тооллого хийж байгаа нь энэ гээд 300 хавтгайг 900 болгож бөөн хэрүүл тарьсан. Шааллерын дараа Жейксон гэдэг ирвэс судлаач ирэхэд бид бумбаа(ирвэсний эзэмшил нутгийн тэмдэг)-гаар тооллого явуулж болох эсэхийг туршиж буйгаа танилцуулсан. Гэтэл энэ судлаач нутагтаа очоод Хаантер(Анчин овогтой байхдаа ч яахав) гэдэг хүнтэй нийлж бумбаагаар ирвэс тоолох арга зүй гэгчийг гаргачихсан байлаа. Залуу ирвэс бумбаалдаггүй болохоор өндөр алдаа гарах нь тогтоогдсон учир бид энэ аргыг орхичихсон байв. Харин энэ судалгааны ачаар бид ирвэсний өвөрмөц булчирхайг шинжлэх ухаанд шинээр нээсэн билээ.
Гэтэл ирвэс хамгаалах сангийнхан Жейксоны хулгайн бас буруу гэдэг нь тогтоогдсон арга зүйгээр ирвэс тоолж байгаа нь энэ гэж хэдэн жил будлиан хутгасан. Энэ байгууллага мөнгө хатуу байхад 150 сая төгрөгөөр цагаан зээр тоолуулж байгаа нь энэ гэж 3 сая зээрийг 2 дахин өсгөсөн дүн гаргаж амьтан судлаач, агнуур зүйчдийн дунд бас л бөөн хэрүүл тарьсан. Удалгүй Тостын нуруунд ирвэс судалж буй нь энэ гэж дураараа дургиж эхэлсэн. Иймээс бид энэ байгууллагын удирдлагад албан захидал явуулж товчлолыг нь "Өдрийн сонин”-нд хэвлүүлсэн. Захидал товчоор "Та нар ОХУ-ын амарын барыг аварна гэж олон сая доллар зарж энэ мийг устгах (энэ ажил амьтан хамгааллын хамгийн муу жишээ болон одоо ч дурдагддсаар байдаг) шахсан. Одоо та нар монголын ирвэсийг амарын барын замаар оруулах гэж байна. Монголчууд 180-240 улсын тэргүүн гарын үсэг зурж баталгаажуулсан байгалийг хэрхэн хамгаалах, зохистой ашиглах тухай тогтсон нарийн дүрэм, журамтай олон улсын гэрээнүүдээ мөрдөх ёстой болохоос ямар ч дүрэм, журамгүй та нарын үгийг дагах ёсгүй” гэсэн утгатай байв. Гэтэл 2012 оны сонгуулийн дараа өөрийн байгууллагад ажиллаж байсан хүүхнийг яаманд амьтан хариуцсан мэргэжилтнээр томилуулчихав. Энэ үед яам татвар төлөгчдийн мөнгөөр суусар булга, саарал чоно, цоохор ирвэсний тооллого явуулж ШУА-ийн Биологийн хүрээлэн 2012 оны долдугаар сарын 10-ны 101 тоот албан бичгээр шинжлэх ухааны байгууллагын дүгнэлт гаргачихаад байв.
Иймд холбогдох хуулиуд болон олон улсын гэрээний дагуу эдгээр амьтдын тогтоосон нөөцийг 180 улсад гаргах квотыг энэ хүүхэн авах ёстой байсан бөгөөд эдгээр амьтдын зөвшөөрлийн үнийн тал хувь нь хуулийн дагуу эдгээр амьтдыг судлах, тоолох, хамгаалахад зарцуулагдах ёстой байлаа. Бид "Чонын тоо толгой байх ёстой тооноосоо хэтэрчихсэн байна. Иймд байгалийн хуулиар тоо толгой нь зохицуулагдаж удахгүй галзуу өвчин гаарна. Үүнээс сэргийлэх ганц арга нь урьдчилан тоо толгойг нь зохицуулах. Иймээс хуулиа биелүүлж квотоо аваач ээ. Сумын төвийн ойролцоох гэрээсээ сургуульд явдаг хүүхдүүд галзуу чононд бариулбал яах вэ? ” гэж албан бичиг өгөөд байхад хууль зөрчиж суусаар чоно галзуурсан. Ингээд хууль гууль болж тооллого хийсэн мөнгө, эдгээр амьтдаас олох байсан олон сая ам.доллар салхинд хийсэх нь тэр. Хамгийн аймшигтай нь "Галзуурсан чоно малчны хот руу дайрч, хоёр хүнийг урсан тохиолдол Увс аймгийн Малчин суманд өнгөрсөн долоо хоногт гарчээ…гэрийн эзэгтэй 49 настай "А” руу галзуу чоно дайрч нүүрнийх нь арьсыг 8см хэртэй газар урсан аймшигтай явдал болсон….Говь-Алтай аймгийн Цогт суманд айлын гэрт галзуу чоно орж малчин эмэгтэйг үүрдийн тахир дутуу болгожээ….энэ сарын 21,22-ны өдөр гурван хүн тус аймагт галзуу чононд уруулжээ…Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн нутагт галзуу өвчтэй гурван чоно малчин айлын хот руу дайрч хоёр хүнийг урж гэмтээн, нэлээн тооны хонь, ямаа барьсан бол маргааш нь дахин нэг хүний нүүрийг урж гэмтээсэн байна… Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд галзуурсан чоно мал руу дайрч улмаар 25 настай залуу чононд бариулж нас баржээ… 2013 онд Увс аймгийн Малчин суманд нэг хүн галзуугаар өвчилж нас барсан бол Хөвсгөлд нэг хүн галзуурсан чононд бариулан амиа алдаад байна. Галзуурсан мал, амьтанд уруулсан хүний дуудлага энэ оны есдүгээр сарын байдлаар өмнөх жилийнхээс 2.2 дахин нэмэгджээ” гэсэн мэдээнүүд завсар зайгүй цувсан даа. Үүнийг эх орноосоо урвасан үйлдэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэхгүй юм бол өөр тэгээд юуг хэлэх юм бэ?!
Бид WWF эхлээд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийг, дараа нь амьтан судлаачид болон "Ирвэс хамгаалах сан”-гийнхныг, сүүлд нь амьтан судлаачид, агнуур зүйчдийг хооронд нь хагаралдуулж тангараг таслуулсан. Одоо бидний гараар могой бариулж байгалийн яамыг шүүхэд өгч нийт монголчуудыг хагалах гэж байна. Хэрэг хуучрахгүй гэж үзэн тухайн үед таг дуугүй өнгөрөхөөр шийдсэн. Харин амьтан хариуцсан хүүхний талаарх гомдлыг тухайн үед сайдын нэр дээр хаяглан "Өдрийн сонин”, "Зууны мэдээ” сонинд хэвлүүлсэн. Сайд ч энэ хүүхнийг ажлаас нь зайлуулсан. Гэтэл нөгөө хүүхэн удалгүй өөрийн хамсаатнаа яамны амьтан хариуцсан мэргэжилтнээр тавиулчихдаг байгаа. Нөгөөдөх нь Олон улсын гэрээг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийн холбоог татан буулга гээд УБЕГ-ын ажилтанг дарамталсан гэх. Төрийн бус байгууллагын тухай хуулийн Төрөөс төрийн бус байгууллагатай харилцах гэсэн 9 дүгээр зүйлийн 1. Төрөөс төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална. 2. Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна гэсэн тов тодорхой заалт байсаар байтал албан тушаалаа ашиглан ТББ-ын гишүүдийг гишүүнээс нь татгалзуулж байв. Бүр холбооны удирдлагуудад "Наад холбоогоо татан буулга” гэж тулгаж байлаа. Монголчууд бид бусдын гар хөл бологчдын санаатай явуулгаар УИХ-аас баталсан байгальтай хамаатай хуулиуд, олон улсынхаа гэрээг биелүүлж чадалгүй явсаар эх орныхоо 300 гаруй гол, горхийг ширгээн устгаж, газар нутгийнхаа 72,8 хувийг цөлжүүлж, түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамалтай болчихоод сууцгааж байна.
Гэтэл энэ бүхэн багадаад байгаа юм гэнэ. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой чононоос аюултай гэдгийн бодит жишээ энэ. Нөгөө хүүхэн яасан гээч. Өөрийн хамсаатнуудынхаа тусламжаар БОНХАЖЯ-ны сайдын 2015 оны10 дугаар сарын 20-ны А/367 тоот тушаалаар Монгол улсын нэгдэн орсон "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ийн Удирдан зохицуулах зөвлөлийн гишүүн болчихоод сууж байна. Бас нэрнийхээ ард "тохиролцсоноор” гээд бичүүлчихэж. Юугаа тохиролцдог байна аа?! Хэдхэн сарын өмнө ажлын хариуцлага алдаж, олон монголыг тахир дутуу болгож, амь насыг нь үрэгдүүлж яамнаас хөөгдсөн хүн шүү дээ. Нөгөө гадны ямар ч байгууллага тусгаар улсын дотоод хэрэгт ямар ч хэлбэрээр оролцож болохгүй гэсэн НҮБ-ын алтан зарчим хаачив аа?! Хуулиар өөрийн улсын мэргэжлийн ТББ-ын төлөөллийг оруулах ёстой атал ичих ч үгүй харийн төлөөллийг оруулчихаад сууцгааж байдаг.
Түрийний бөөс толгойд гарна гэдэг энэ. Монголчууд хуулиа биелүүлээд эхэлбэл амьтан, ургамал орон нутгийн иргэдийн мэдэлд очиж эд нар судалгаа хийхийн тулд өндөр төлбөр төлж, дураараа дургидаг цаг нь өнгөрнө. Олон улсын гэрээг монголчуудаар биелүүлэхгүй байхын төлөө үхэлдээд буйн цаад утга нь ердөө л энэ. WWF буюу "Дэлхийн байгаль хамгаалах сан” гэдэг байгууллагын тухай маш товч бичихэд ийм байна. Харин талийгаачийн хувьд үүнээс дутахгүй ноцтой асуудал байна. Бид түүний нялх гүем гар дээрээ барьж байгаа болон ирвэсэнд мөс тавьж буй зургийг харсан. Энэ бол байгалийн мий судлаачдад маш хатуу чанд хориглодог зүйл. Яагаад гэвэл ирвэс хүнээс эмээхээ больж хулгайн анчны амархан олз болно. Хамгийн том аюул нь хүн иддэг ирвэс бий болох нөхцөл бүрддэгт байгаа юм.
Учир нь хэдийгээр арслан, барыг бодвол жижиг биетэй ч ирвэс бүр гурван сая жилийн өмнө хүнээр хооллож байсан нь тогтоогдсон төдийгүй орчин үед хамгийн олон хүн барьж идсэн амьтан билээ. Панаарын гэж түүхэнд орсон домогт ирвэсийг мэдэхгүй амьтан судлаач гэж үгүй. Энэ ирвэс өнгөрсөн зууны эхээр Энэтхэгт 500 гаруй хүн барьж идэн түүхэн дээд амжилт тогтоосон. Нутгийнхан нь энэ араатанг буг чөтгөр гэж итгэснээс агнах гэж оролдохоо ч больсон учир засаг захиргаа нь алдарт анчин Жим Коорбеттыг урьж авчран 1910 онд агнуулсан. Хоёрдугаар байранд Шампаваатын гэж нэрлэгддэг хасар ордог. Хималайн нурууны Балбын хэсэгт 200 гаруй энэтхэгчүүдийг барьж идсэн энэ эм барыг 1911 онд бас л нөгөө алдарч анчин Жим Коорбетт аюулгүй болгосон. Харин гуравт 1932 онд Танзаанд хагас мянга гаруй хүний аминд хүрсэн сүрэг арслан, дөрөвт хос бэрс ордог.
Кенид төмөр зам барьж буй англичуудыг хөлсний ажилчидтай нь түйвээдэг хос эр арслангийн тухай Холливуудын киног монголчууд санах байх. Дээрх үйлдэл нь товчоор хэн нэгнийг байнга улаан гэрлээр зам хөндлөн гаргаад байсантай адил явдал. Иймд WWF-ын удирдлага олон улсын журам зөрчиж ирвэс судлаачийн амь насанд санаатай аюул учруулсан энэ үйлдэлдээ ар гэрт нь олон сая ам.доллар төлөх ёстой. Хэрэв олон улсын даатгалд ирвэс судлаачийг хамруулаагүй бол бас судлаач амиа хорлосон нь шүүхээр тогтоогдвол бүр олон сая долларын нөхөн төлбөрийн асуудал босож ирнэ. Монгол хүн урагшаа харахаараа 459 (2015 оны хятадын хүн ам 1 377 583 156) харин хойшоо харахаараа 49 (2015 оны ОХУ-ын хүн ам 146 267 288) хүнтэй тэнцдэг гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл монголын нэг хүний амь 250 хүний амьтай тэнцдэг гэсэн үг. Энэ бол монгол хүний бодит үнэ цэнэ. Бас олон улсын шүүх талийгчийн ар гэрийнхэнд олон сая доллар нөхөн олгох шийдвэр гаргаж, аав ээж нь хүүгийнхээ нэрэмжит сан байгуулж байгалиа жинхэнэ ёсоор нь хамгаалах бүрэн боломж бий гэсэн үг.
Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Юуны урд Хөдөлмөрийн яамныхан 2013-2016 онд галзуу чононоос болж яг хэдэн хүн бэртэж хөдөлмөрийн чадваргүй болсон, хэдэн хүн нас барсныг нарийвчлан тогтооё. Сангийн яамныхан олон улсын гэрээгээ биелүүлээгүйгээс манай улс хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгааг олон улсын байгууллагаар тооцуулъя. Монгол улсыг олон улсын гэрээгээ биелүүлэхгүй байлгахын тулд 1996 оноос хойш төсөл нэрээр WWF БОНХАЖЯ-нд хичнээн долларын авилгал өгсөн эсэх, өгсөн бол хэн хэн яаж юунд зарцуулсныг болон шонхорын зөвшөөрөл нэрээр яамныхан хэдэн долларын авилгал авсан эсэхийг ТЕГ болон АТГ-аар тогтоолгоё. Аргагүйн эрхэнд авилгал өгсөн хүмүүс буруудахгүй заалттай хууль хэрэгжиж эхэлсэн болохоор авилгал өгсөн арабууд дуртайяа мэдүүлэг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн зөвхөн бид ч ингэж хардаад байгаа юм биш.
Олон улсын байгууллагаас ирсэн нууц материалыг болон өнгөрсөн онд Казакстан улсаар дамжин монголын хэдэн шонхор хууль бусаар гарсан баримтыг ч бид холбогдох байгууллагуудад нь өгье. Тэгээд хохирсон талууд Монголын Өмгөөлөгчдийн холбооныхонтой гэрээ байгуулж, гадаадын мэргэжлийн өмгөөлөгчид, хуульчидтай хамтран олон улсын шүүхэд хандаж нөхөн төлбөрөө ном ёсоор нь гаргуулж авъя. Энэ ажилд Засгийн газар тусгай сангаасаа хөрөнгө гаргаж тусалъя. Монгол улсын Ерөнхийлөгч ч тусгайлан анхаарал тавина гэдэгт эргэлзэхгүй байна. Нүдээ нээцгээе. Монголчуудаа. Ядаж нөхөр, дайсан хоёроо ялгаж харцгаая.
Г.Амарсанаа