Н.Алтанхуяг “дайн” зарлав
Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн 2:1 харьцаагаар голын хоёр эрэгт хөдөлшгүй гарсныг сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд гэрчилнэ. Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулган нээгдэж чадалгүй хаалтаа хийж, эдийн засгийн форумд эдийн засаг бус өөр зүйл ярьсны далимд Монголын улс төрд дахин нэг оймсны түүх нэмэгдсэн билээ. Тэгвэл парламентын отгон чуулган нээлтээ хийхийн өмнөх өдөр төрийн ордонд экс Ерөнхий сайд нэг намын угшилтай Ерөнхийлөгчийнхөө эсрэг мэдэгдэл хийж байхад гадна талд нь МАН-ынхан жагсаж парламентын спикерийг огцрохыг шаардав. Экс ҮАБЗ-ийн гишүүн мэдэгдлээрээ олон нийтийн өмнө Ерөнхийлөгчид "битгий давар” гэсэн мессежийг илгээснээр энэ хаврын бужигнаантай улс төр улам бүр хурцлагдаж байна.
Түүний үгийг олон нийт хүлээж авахдаа төрийн гурван өндөрлөг нь хүртэл 2:1 гэсэн харьцаагаар Тавантолгой, төмөр замын асуудал тойрсон их дуулианд ээлж дараалан ил гарч үгээ хэлцгээсэн, өдөр ирэх бүр талцан хуваагдаж байгаа улстөрчдийн аль нэг талд оруулах гэж үзэж тарж байна.
Мэдээж хэрэг Н.Алтанхуягийн үгийн үзүүр Ерөнхийлөгч рүү чиглэсэн тул экс болоод одоогийн Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд 2:2 харьцаагаар талцлаа хэмээх байх.
Тэгвэл энд нэг зүйлийг бодууштай. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдэлд буй "…Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж, хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн засгийн газрыг хуйвалдан огцруулж, Засгийг хууль бусаар авснаар харагдаж байгаа юм…” гэсэн хэсгээс "хуулийн байгууллагад шударга бусын хонгил гаргасан” гэх улсын Ерөнхийлөгчдөө дургүйцэн жигшиж явдгаас гадна, түүний удирдаж байсан Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан нөхөддөө одоо болтол гомдож явдаг болохыг төвөггүй ойлгож болохоор. Тэрхүү гомдлын дэвсгэр дээр Н.Алтанхуяг өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболдтой гар гараа атгалцан сайндаж байгаа нь юу л бол.
Мөн Н.Алтанхуягийн хэлсэн "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдаж, төрөөс төрсөн тэрбумтнууд. Энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад "Авлигатай тэмцэх ч амаргүй ажил. Авлигатай тэмцэх амаргүй ажилд саад учруулж байгаа” мэтээр ард түмнээс тусламж гуйж жүжиглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэсэн үгээс их зүйл ойлгогдож болно.
Тухайлбал нэгэн цагт улс төрд хүсэл сонирхол нэгтэй явсан гэгддэг ”Женко” Х.Баттулга болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг энд хамаатуулан "ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа” гэж тодотгоод "амин найзуудтайгаа намайг хамаатуулаад” хэмээн Х.Баттулгыг өмөөрч мэдэгдэл хийгээгүй шүү гэдэг санаагаа тод илэрхийлсэн гэж ойлгож болох мэт.
Тэгэхээр Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн эсрэг "Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард түмнээ уриалж байна. Шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын тулд би эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээхдээ лавтай З.Энхболд, Х.Баттулга нартай нэг мөр болон зогсохгүй гэдгээ ил, далд утгаар илэрхийлчихлээ.
Нэгэнтээ төрийн өндөрлөгүүд нийгэмд дуулиан дэгдээж байгаа асуудлаар талцан хуваагдаж, бие биенийхээ эсрэг тэмцэж байгаагаа ил тод илэрхийлэх болсон нөхцөл байдал Н.Алтанхуягийг одоо л үгээ хэлэх хэрэгтэй юм байна, одоо л энэ энэ тэмцэлд орох цаг нь болж гэсэн хатгаас болсон нь дамжиггүй.
Тиймээс тэрээр энэ мэдэгдлээрээ дамжуулан бага яривал тойрон хүрээлэгчид, дотно хүмүүсийг нь шүүхийн танхимтай уяж орхисон гэж үзэж байгаа (түүний хэлснээр) "хуйвалдагчид”-аас хариугаа авах, засгийн газрыг нь унагаж, хууль бусаар авсан гэх нөхөдтэй хийх тэмцэл, том ярьвал гагцхүү шударга ёсны төлөө дайн зарласан гэдгээ илэрхийллээ.
Харин одоо сонгууль дөхсөн элдэв янзын шоу, гудамжны жагсаал цуглаантай зэрэгцэн өрнөж байгаа томоохон улстөрчдийн ил гарсан өвөр зуурын тэмцэлд хэн ялах бол гэсэн асуулт тавъя? Хүн бүр янз бүрээр л хэлэх байх. Гэхдээ энэ асуултад яаж ч хайгаад улс орны ирээдүй, жирийн иргэд, ард түмэнд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй гэхээс өөр хариулт олдохгүй.