Нацу башё: "Огт өөр Ичиножёо гарч ирлээ"
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тавдугаар сарын тэмцээн Нацу башёгийн долоодахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр манай бөхчүүдээс Сэйро А.Өнөболд жин ихт Гагамаутай хүч үзэн гуравдахь даваагаа авлаа.
Харин амжилт муутай барилдаж яваа маэгашира Такайнова Тамаваши нараас Тамаваши Садоноумид өвөдөг шороодсон бол,, Такайнова өвөрмонгол сүмоч Сококурайтай барилдан давааныхаа тоог нэмлээ.
Маргааш Сэйро Такеказетай, Такайнова Дайешотой, Тамаваши Сококурайтай барилдана.
Өнөөдөр япон озеки нар бүгд даваагаа ахиулсан ба Ичиножёотой барилдсан Кисеносато туршлага заан өрсөлдөгчөө давсан юм. Өчигдөр Хакүхо аваргын дайралтыг тогтоон дэвжээний зах руу шахаж чадсан Ичиножёо өнөөдөр Кисеносатог мөн л дэвжээний зах руу түрсэн ч хашир озеки гарыг зөрүүлж алгадаад өөрийг нь гаргаж чадсан юм. Ичиножёогийн хувьд тайлбар хийж буй бүх мэргэжилтэнүүд ам сайтай байгаа ба "өмнөхөөсөө тэс өөр Ичиножёо гарч ирж байна" хэмээн магтацгааж байна. Озеки Котошёогикү Икиойг давсан бол Гойёдо Ёшиказег давсан. Маргааш Гойёдо маэгашира Ичиножёотой учраа таарсан ба хоёр бөхийн барилдаан тун сонирхолтой өрнөх биз ээ.
Харин манай Тэрүнофүжи дараалан тав унаж энэ сард Кадобан болох шинжтэй. Түүний хөлийн бэртэл их хөндүүр байгаа бололтой, зүүн хөлөндөө ачаалал авч чадахгүй сөхрөөд байгаа юм. Түүний хувьд энэ сард бараг өнжсөн нь дээр бололтой. Маргааш тэрбээр Окиноумитай барилдах аж.
Өнөөдөр ёкозүна цолтой бөхчүүдээс Какүрюү хоёрдахь унаагаа авлаа. Тэрбээр өрсөлдөгч Котоюукигийн дайралтыг зогсоож чадсангүй, дэвжээнээс түрэгдэн гарсан. Харин Харумафүжи аварга маань өрсөлдөгч Точиношинг зайг нь мэдэрч мухар тонгорч хаясанаар 6 дахь даваагаа авсан байна.
Хамгийн сүүлийн барилдааныг Хакүхо аварга хийж өрсөлдөгч Айояама нь түүний өмнө өөрөө сөхөрч унасанаар ээлжит даваагаа авсан.
Нацу башёг Хакүхо , Кисеносато нар 7 даваатай тэргүүлж байна.
Маргааш Хакүхо Котоюукитай, Какүрюү Аойяаматай барилдахаар болсон бол Харумафүжи озеки Котошёогикүтэй хүч үзнэ.
Ч.Амар
Сэтгэгдэл байхгүй байна.