Тариаланчид сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарыг АТГ-т шалгуулна Том онцлох мэдээ 2016/05/20 1 Монголын үр тариа эрхлэгчдийн "Газар тариалан” холбооноос сүүлийн үед шуугиан дэгдээж буй үрийн улаанбуудайны асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд ХХАА-н сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарыг АТГ-т шалгуулахаар болсон гэж мэдэгдлээ. Тус холбоо тариаланчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болгож, өмгөөлөгч Ц.Баасандоржтой хамтран ажиллаж байна. Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллагууд будаа хувиргадаг газар боллоо. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч П.Болормаа ОХУ-аас импортоор оруулж ирсэн чанаргүй буудайнд чанартай гэсэн дүгнэлт гарган хувиргаж байна” гэсэн юм. Уг дүгнэлт нь Монгол Улсын 2010 оны Стандарчлал хэмжил зүйн үндэсний Төвөөс баталсан MNS02462010 гэсэн стандартын 6.1-д заасныг зөрчиж байгаа бөгөөд түүнд зааснаар улаанбуудайн хог 20-оос дээшгүй хувьтай байх ёстой байтал 30 гарчихаад байхад П.Болормаа II зэрэглэлийн буудай гэх дүгнэлт гаргасан байна. Харин Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч Д.Цэрэндулам өнгөрсөн сарын 28-нд уг буудайг үрийн буудайнд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Энэ дүгнэлт хуулийн хүрээнд хүчин төгөлдөр гэдгийг өмгөөлөгч Ц.Баасандорж хэллээ. Ийнхүү Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргачихаад байхад уг буудайг худалдаалж байгаа нь тариалан эрхлэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл аж, Тиймээс "Газар тариалан” холбооноос Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч П.Болормаа болон холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өгчээ. Мөн ОХУ-аас чанаргүй, хямд улаанбуудай оруулж, сайн буудай гэсэн дүгнэлт гаргуулж хэд дахин нугалж зардаг эдийн засгийн далд бизнес цэцэглэж байна гэдгийг өмгөөлөгч Ц.Баасандорж онцлов. Тэрбээр "МХЕГ-ын хэвлэлийн хурлаар байцаагч П.Болормаа хэлэхдээ "Бид Монгол Улсын стандарт, сайдын тушаалыг мөрдөхгүй. Олон улсын гэрээг мөрдөнө” гэсэн утга бүхий зүйл ярьсан. Монгол Улсын нутаг дэвсгэр, хилийн дотор байгаа бол Монгол Улсын сайдын тушаал, стандартыг мөрдөх ёстой. ХХАА-н сайд Р.Бурмаагийн А-90 тоот тушаалаар хогийн ургамалтай буудайг хилээр оруулж ирэхийг хориглосон. Хортон шавж, хогийн ургамлын жагсаалтад ОХУ-аас оруулж ирсэн улаанбуудай байхад бид энэ тушаалыг мөрдөхгүй гэх утга бүхий дүгнэлт гаргаж байна. Тиймээс дээд шатны байгууллагад нь гомдол гаргасан учир П.Болормаагийн дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Энэ талаар хуулийн байгууллага, дээд шатны даргад нь гомдол гаргасан. Хүлээж авахгүй бол МХЕГ-т гомдол гаргаж, цаашлаад шүүхэд хандана. П.Болормаагийн дүгнэлт хууль бус болох нь тогтоогдвол тариаланчдад учирсан хохирлыг түүгээр төлүүлэх, мэргэжлийн хяналтын байгууллага нь хариуцах хууль эрх зүйн үндэслэл үүснэ” гэв. Б.Эрдэнэбат: АН Р.Бурмаа сайдад хариуцлага тооцох хэрэгтэй ОХУ-аас импортоор оруулж ирсэн буудай Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Хүнсний аюулгүй байдлын лаборантын лавлагаа лабораторийн дүгнэлтээр хогийн ургамал болон өвчтэй гэж гарчээ. Харин лаборантынхаа хариуг уншиж дүгнэлт гаргасан байцаагч нар нь дүгнэлтдээ зөрүүтэй тайлбар өгөөд байна хэмээн "Газар тариалан” холбооны гишүүн Б.Эрдэнэбат тайлбарлалаа. Тэрбээр "Энгийн жишээ дурдахад I сортын буудайны мянган үрийн жин нь 40-45 гр байх ёстой. Гэтэл уг буудайны үрийн жин нь 32-34 гр байна. Энэ бол тэжээлийн буудай. Өөрөөр хэлбэл, гахайн тэжээл гэсэн үг. Дээр нь хөнөөлт хог ургамалтай, үр харлах өвчтэй. Р.Бурмаа сайдын А-90 тушаалаар дээрх хог үрийн буудайнд нэг ч илрэх ёсгүй гэсэн байдаг. Гэтэл дээрх гурван дүгнэлтээр 20, 30, 23 илэрсэн байдаг. Мөн хөлдүү, хорчгор нь 30-40 хувь гэж гарсан байгаа. Бид хөлдүү үрээр тариалалт хийж байсан удаагүй. Анх удаа ийм зүйл тарьж байна. Мэргэжлийн хяналтынхан өвчтэй буудайг дарж, зөвхөн хог ургамлын тоог гаргаж ирээд байна” гэв. Мөн тэрбээр ‘‘ХХААЯ болон Р.Бурмаа сайд тариаланчдынхаа эсрэг төрийн мөнгөөр зохион байгууллалтай PR хийж байна. Тиймээс АН Р.Бурмаа сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Хэрэв тооцож чадахгүй бол бид тооцно. Сонгуулийн сурталчилгаа нь эхэлсэн өдрөөс нь элгээрээ хэвтсэн тариаланчдын төлөөлөл очиж чадах бүхнээ хийнэ” гэж мэдэгдэв. Үрийн улаанбуудайнаас гадна тариаланчид санхүүжилт, шатахуунгүйгээс тариалалтаа хийж чадахгүй оройтож байгаа аж. Уг нь ХХААЯ-наас энэ хаврын тариалалтад зориулж зээл олгохоор болсон ч одоог хүртэл аваагүй байгаа талаар хэллээ. Мөн тариалангийн үеэр шатахууны онцгой албан татварыг өгөхөөр болсон ч мөн л тэдэнд бодит дэмжлэг болж чадахгүй байгаа талаар тариаланчид ярьсан юм. Ингээд тэдний байр суурийг хүргэе. Төв аймгийн Угтаалцайдам сумын "Атар агро” компанийн гүйцэтгэх захирал Н.Алтансувд: -Би 1986 оноос хойш газар тариалангийн салбарт ажилласан. Энэ жилийн хувьд тариалалт оройтсон. Уг нь өдийд соёолж байх үе. Гэтэл өнөөдөр тариаланчид үндсэн үрэлгээндээ ороогүй байна. Гуравдугаар сарын 20 гэхэд ХХААЯ бүх ажлыг цэгцэлсэн байх ёстой боловч ямар ч асуудал цэгцрээгүй байна. Мөн нэг хувийн хүүтэй Засгийн газрын хөнгөлөлттэй зээл байтугай Хөдөө аж ахуйн банкны зээлийг манай сумаас нэг ч тариаланч аваагүй байна. Үүний горыг намар л амсах байх. Тариланчид яарсан, яам хойрогшсон байдалтай л байна. Үрийн буудайгаа өөрсдөө тодорхой хэмжээгээр хураан авсан. Түүнээс биш энэ үрийг харсан бол юу ч үгүй үлдэх байж. Одоо шатахуун дээрээ гацаж байна. Яамнаас хөнгөлөлттэй үнээр өгнө гэж байсан ч үндсэндээ тэр нь худлаа бололтой. Төв аймгийн Цэал сумын "Хөндлөн хангай” компанийн тариапанч Д.Энхсайхан: -Үрийн буудай чанаргүй байгаа талаар ярилаа. Үнэхээр энэ буудай хангалттай сайн буудай биш байна гэж харсан. Сайн үрээс сайн гурил гарна. Миний хувьд үрээ авахад хүндрэлтэй байгаа учир тариалалтаа эхлээгүй байна. Өнгөрсөн жил ганд нэлээд нэрвэгдсэн болохоор тариалалт эхлүүлэхэд хүндрэлтэй байна. Хөнгөлөлттэй зээл өгнө гэсэн ч одоог хүртэл алпа. Тиймээс бид хөдөлж чадахгүй байна. Манай компанийн хувьд 20 гаруй тонн үр шаардлагатай байгаа. Дээр нь шатахуунгүй зогсоод байна. Шатахууныг хөнгөлөлттэй үнээр өгнө гэж ярьсан. Гэхдээ яг одоо хөнгөлөлттэй үнээр аваагүй байна. М.Энхцэцэг 1