Мэргэжлийн хяналтын байцаагч нар 300 мянган ам.долларын хэрэгт холбогджээ
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэд, хэдэн байцаагч залилангийн гэмт хэрэгт холбогдон Улсын мөрдөн байцаах газрын зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх тасагт шалгагдах болсон байна.
Тодруулбал, НМХГ-ын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Насанжаргал нэр бүхий нэг байцаагчийн хамт Нисэхийн Навигацийн барилга байгууламжийн асуудлаар хэрэгт сэжиглэгдэн шалгагдах болсон аж.
Энэхүү хэрэг яагаад илрэх болов гэвэл УМБГ-ын мөрдөгчид барилгын компаниудтай холбоотой хэргийг шалгаж байх явцад 300 мянган ам.доллар сэжиг төрүүлж эхэлсэн ажээ.
Ингээд энэхүү их хэмжээний долларын хэргийг цааш нь ухаад явтал НМХГ-ын байцаагчид төдийгүй, ИНЕГ, ОБЕГ, Үндэсний төв архивын газар гэх зэргээр нэлээд том цар хүрээг хамраад байгаа аж.
Хамгийн анх бидний олж авсан мэдээллээр дээрх нэр бүхий байцаагч нар 2009 онд Нисэхийн Навигацийн барилга байгууламжийг үргэлжүүлж болохгүй гэсэн дүгнэлтийг тус газар ажиллаж байсан Улсын ахлах байцаагч асан Л.Батхүү гаргахад тэд хуурамч дүгнэлт үйлдэн үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн учраас ийнхүү хэрэгт холбогдсон хэмээн мэдээлж байсан юм.
Ингэд бид мэдээллийг нягтлах үүднээс НМХГ-ын холбогдох албаны хүмүүс болон, мөн Улсын байцаагч Н.Насанжаргалаас асууж тодруулахыг хүссэн боловч энэ тухай мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Байцаагч нар залилангийн хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн
Тус газрын зарим хүмүүсийн хэлж буйгаар "Нэр бүхий байцаагч нар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ тэдгээр байцаагч нарыг яг ямар хэрэгт холбогдсоныг нь бид сайн мэдэхгүй байна.
Бидний сонссоноор мөнгө залилсан хэрэгт татан шалгаж байгаа гэсэн. Түүнээс таны асууж байгаачлан хуурамч дүгнэлт гаргана гэж байхгүй.
Товчхондоо Навигацийн барилга байгууламжийн Ангарийн хэрэгт л холбогдон шалгуулж байгаа гэсэн. Ангар гэдэг нь онгоц яваад орчихдог, буцаад нисээд гарчихдаг том байгууламж. Монголчлоод хэлвэл онгоцны гарааш юм даа. Ийм л байгууламжийг барьчихсан юм байна лээ. Үүнийг л барьсныхаа дараа мөнгө төгрөгний асуудалд орчихоод байгаа гэсэн.
Өөрөөр хэлбэл энэ барилга байгууламжийг барих явцад, барьсны дараа ч юмуу энүүгээр далимдуулаад мөнгө завшсан хэрэг байсан гэсэн үг. Иймэрхүү асуудлаар л цагдаад шалгагдаж байгаа даа. Гэхдээ эдгээр хүмүүс шалгагдаж байгаа болохоос биш яг гэмт хэрэгтэн болчихлоо гэсэн үг биш шүү дээ. Одоо зүгээр л сэжиглэгдэж байгаа” гэв.
Юутай ч учир мэдэх хүмүүс дээрх нэр бүхий хүмүүсийг мөнгө төгрөгтэй холбоотой хэрэгт шалгаж байгаа нь үнэн гэсэн хариу өгсөн юм. Хамгийн гол нь дээрх хэрэгт байцаагчдаас гадна хэд, хэдэн хүмүүс байгааг онцлоод зогсохгүй хамрах хүрээ нь нэлээн томорно гэдгийг ч тэд хэлж байсан нь бидний мэдээллийг улам баталгаажуулсан.
Өөрөөр хэлбэл Навигацийн барилга байгууламжийг Улсын комисс хүлээж авахдаа нэлээд ноцтой асуудал гаргасан аж. Тиймээс л таван жилийн дараа энэхүү хэргийн учир нь тайлагдаж хуулийн байгууллагад шалгагдах болсон гэсэн үг.
Мэдээж бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс уг хэргийг шалгаж байгаа УМБГ-ын Зохион байгуулттай гэмт хэргийн мөрдөгч хошууч Н.Дамдинсүрэнгээс тодруулахыг хүссэн боловч "Гадуур ажилтай явна” гэж хариулт өгөхөөс татгалзсан юм.
Энэ талаар МХЕГ-ын холбогдох албаны хүмүүсээс тодруулахыг оролдсон ч мөн л мэдээлэл өгөхөөс цааргалж байсан. Ер нь Навигаци гэж чухам юу болохыг нь мэргэжлийн хүмүүсээс маш энгийнээр тайлбарлаж өгөхийг хүсэхэд "Онгоц хөөрч, буух хяналтын талбайг Навигацийн барилга байгууламж гэж хэлдэг гэж тайлбарлаж байсан юм. Тэгэхээр нэр бүхий байцаагч нар онгоц хөөрч буух зурвасын барилга байгууламжийг Улсын комисст өгөхдөө мөнгөтэй холбогджээ гэж ойлгогдож болохоор байгаа юм.
Гэхдээ энд зөвхөн мэргэжлийн хяналтын байгуулага хэрэгт оролцоотой биш. Үүнд Үндэсний төв архивын газар ч бас холбоотой юм билээ. Энэ нь байцаагч нарын гаргасан дүгнэлт болон бусад холбогдох бичиг баримтыг нь тус газар хадгалдгаараа бас л буруудах шинжтэй болоод байгаа аж.
Юутай ч санамсаргүй байдлаар барилгын компаниудыг шалгаж байх явцад ийнхүү 300 мянган ам.долларын залилангийн хэрэг дэгдсэн нь хэд хэдэн томоохон байгууллагыг хөлдөө чирч нэлээд олон албан тушаалтныг энэхүү хэрэгт хамруулан шалгах болсон нь асуудал дагуулах болоод байгаа юм байна.
Ер нь мэргэжлийн хяналтын байцаагч нарыг авлигад өртөх хамгийн их магадлалтай хүмүүс гэж хуулийн байгууллагынхан тодорхойлсон. Учир нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад Мэргэжлийн хяналтын байцаагч нар өдөр тутам хяналт тавьж ажилладаг.
Өөрөөр хэлбэл, тэдний гараар барилга, зам харилцаа, уул уурхай гээд шалгаж болох бүх л зүйл орж шийдэгддэг гэсэн үг. Тиймээс л тус газрын байцаагчдыг ашиг сонирхолд автах нь их гэж ярьдаг.
Бид дараагийн дугаартаа нэр бүхий байцаагч нар хэдэн онд, хэзээ хэнээс ямар хэмжээний авлига авч залилангийн хэрэгт холбогдсон, мөн ОБЕГ, Үндэсний төв архивын газар, ИНЕГ-ын хэн гэгч албан тушаалтан энэхүү "Өргөн цар хүрээтэй” гэж нэрлэгдэж байгаа хэрэгт холбогдсоныг эрэн сурвалжилж хүргэх болно.
Өглөөний сонин
Р.Саруул