Монгол тулгатны Уудам хүү хаана явна вэ
Одоогоос таван жилийн өмнө Шанхай хотноо болсон "Авьяаслаг хятадууд-2011” шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас ирсэн бяцхан хүү "Алсад суугаа ээж” дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ. Өнчин өрөөсөн, нүдэндээ гунигтай ч олны өмнө нулимсаа харуулахгүй тэвчээр заан зогсох тэр бяцхан хүү Монгол түмний сэтгэлийн утсыг хөндөж орхисон. Эцэг эхээ хар багадаа алдсан хүү тухайн үедээ дэлхийг нов ногоон өвсөөр бүрхдэг шидэт бэх зохион бүтээхийг мөрөөдөж явдгаа ярьсан юм. Хожим нь хүү мориор дэлхийг тойрох хүсэлтэй хэмээн хүсэл мөрөөдлөө уудалсан билээ. Ухаалаг харцтай энэ хүү өдгөө 17 настай том эр болжээ.
Ээжийнхээ дуртай "Алсад суугаа ээж” дууг дэлхий нийтэд таниулсан
Уудам хүү 1999 оны есдүгээр сарын 9-нд Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Шинэбулаг суманд малчин айлын хүү болон мэндэлжээ. 2007 онд хөгжмийн сургуулийнхан Хөлөнбуйраас орчон, эвэнк, дагуур болон монгол үндэстний буриад, барга ястан хүүхдүүд элсүүлэхэд Уудам хүү монгол ардын уртын дуугаараа "Таван тансаг Хөлөнбуйр" хүүхдийн найрал дууны хамтлагийн удирдаач Бүрэнбаяр, Урнаа нарын анхаарлыг ихээхэн татжээ. Энэ үеэс эхлэн хүү "Таван тансаг Хөлөнбуйр" хүүхдийн найрал дууны хамтлагийн гишүүн болсон байна. Ийнхүү Уудам гэрээсээ анх холдож, хамтлагийнхнаа даган Хайлаарт сурахаар явжээ. Бяцхан хүүдээ санаа нь зовнисон ээж нь Шинэ Барга зүүн хошуунаас 200 км явж, Хайлаар хотод хүүгээ эргэж очдог байв. Гэвч нэгэн удаа хүүгээ эргэчихээд буцах замдаа автын осолд орж, удалгүй нас баржээ. Ээжээ алдсан гунигаас салж чадаагүй байтал аав нь ч нас баржээ. Ийнхүү хар багаасаа өнчрөл хагацал амссан хүү ээжийнхээ сонсох дуртай МУГЖ С.Жавхлангийн дуулсан "Алсад суугаа ээж” дууг бүх Хятадын тайзнаа дуулснаар дэлхий нийтэд таниулсан нэгэн юм. "Авьяаслаг хятадууд-2011” наадмаас тэрбээр "Хаан хүүгийн мишээл” шагналыг хүртсэн.
Буриад гаралтай айлд өргүүлсэн үү
Уудам хүүг буриад айл өргөж авсан гэсэн яриа байдаг. Үнэндээ тэрбээр БНХАУ-ын Ардын жүжигчин Бүрэнбаяр, түүний гэргий, буриад гаралтай Урнаа нарын гэр бүлд өргөгдсөн юм. Хүү айлд өргүүлэхээсээ өмнө өдгөө 23 настай том эгч Сургагийнхаа асрамжинд байсан аж. Өргөж авсан аав Бүрэнбаяр нь хүүгээ Францын нэрт зохиолч Экзюперийн бяцхан ханхүү хэмээх баатартай зүйрлэдэг. Тэрбээр "Би бүхий л амьдралаа хөгжим, дуутай холбож өнгөрөөсөн. Миний хувьд мэргэжлийн жүжигчин болохоор эхнэр Урнаатайгаа хөгжмийн сургуульдаа хөвгүүдийн хор дууны хамтлаг бий болгохоор ажилласан. Тэр үед л Уудамын авьяасыг шууд анзаарч байсан. Сурган хүмүүжүүлэх чиглэлээрээ олон дуучин, жүжигчинд хичээл зааж байсан ч Уудам бидний хувьд ховор олз байлаа. Тэр жинхэнэ од болно” хэмээж байжээ.
Канадад суралцаж байна
МУГЖ С.Жавхлангийн дуулсан "Алсад суугаа ээж” дуугаараа танил болсон Уудам хүү "DOZ” энтертайнментын урилгаар "Хөх толбот хүмүүс” кинонд тоглосон билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Уудам хүү өнгөрсөн намраас Канадад суралцаж эхэлсэн бөгөөд тэндээ хэдэн жил амьдрах төлөвтэй байна. Үүнээс гадна өргөж авсан аав нь Уудам хүүг 178 см өндөртэй том залуу болсон, англиар чөлөөтэй ярьж бичдэг болж, хичээлээ гүйцсэн мундаг хүү хэмээн магтан бичжээ.
Эх сурвалж: