Д.Арвин, Д.Пүрэвдаваа хоёрын хэн нь Баянзүрх дүүрэгт ажил хийсэн бэ?
Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг хаа сайгүй ярьж, хэвлэлүүд ид бичиж байна. Намууд бөх, дуучин гээд янз бүрийн авьяасаараа нийтэд танигдсан олон хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. Тэднээс гадна намуудын удирдах байгууллагууд нэр дэвшигчдээ тодруулахдаа тийм ч оновчтой шийдвэр гаргаагүй талаар энд тэндгүй сонсогдож байна. СЕХ-нд өгсөн нэрсээс харвал үнэний ортой л яриа ажээ.
Эндээс ганцхан жишээ харъя. Баянзүрх дүүрэг зургаан мандаттай. Эдний нэг дээр нь Ардчилсан намын дарга нар дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн Д.Арвин хоёрын хэнийг нь нэр дэвшүүлэх вэ гэж баахан "эргэцүүлсэн” гэнэ. Тэгж тэгж "...Д.Арвиныг нэр дэвшүүлэх нь зүйтэй, энэ хүн 2012 оны сонгуулиар энэ намын мөнхийн өрсөлдөгч МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшиж ялсан ч, УИХ-д орж ирүүтээ өнөө муу МАН-ыг "хаяж” манайд ирсэн гавьяатай” гэжээ. Ингээд Д.Арвин тойрогтой үлдэж, Д.Пүрэвдаваа юу ч үгүй хоцрох нь тэр.
Энэ хэр зэрэг шударга сонголт вэ? Олон хүн толгой сэгсрэхийг харлаа. Олны мэдэхээр Д.Пүрэвдаваа 2012 оны сонгуулийн дараа Нийслэлийн Засаг даргын орлогч болсон ч өөрийн хүсэлтээр энэ ажлаа өгч Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилогдож байв. Бас дүүргийн АН-ын даргын сонгуульт ажилтай. Энэ утгаараа өнгөрсөн дөрвөн жилд хотын захын хэмээн адлагддаг, хамгийн асуудал олонтой дүүргийг удирдаж ирсэн. Өнөөдөр харъя.
Баянзүрх дүүрэг зам харгуй сайтай, дэд бүтцийн нэлээд ажил хийсэн, бас ч гэж дүүрэг болон нийслэлийн хөрөнгөөр арваад цэцэрлэг ашиглалтад оруулчихсан. Ер нь л хөгжил, бүтээн байгуулалт нэлээд хийгдсэнийг хэн хүнгүй хэлж байгаа. Өмнөх Засаг дарга Б.Батзоригийн үед Дүүргийн захиргааны араар явдаг "төв” зам ямар байлаа даа. Ямар сайндаа л Б.Батзориг Засаг даргаасаа буугаад ҮХАА-н дэд сайд болсон ч Чулуун овоо, Сансарын тойрог хоёрт хөшөө барихаас өөрийг хийгээгүй гэж шүүмжлүүлж байхав.
Бодит байдал энэ. Хэрэвзээ жингийн туухай дээр тавиад нэр дэвшүүлдэгсэн бол Ардчилсан нам хэнийгээ сойж, сонгогчдын шүүлтүүрээр оруулах нь дэндүү тодорхой харагдаж байгаа юм. Гэхдээ Д.Арвин нэр дэвших нь нэгэнт тодорхой болсон. Харин МАН-аас гараад манайд элссэн гавьяатай гэж З.Энхболд даргын "шагнасан” шиг Баянзүрх дүүргийн иргэд түүнийг шагнах болов уу. Харж л байя.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин