Монгол Улсад Үндэсний Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 103 жилийн ойн өдөр буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн төр захиргааны ордонд нийтийн номын сангийн нээлт боллоо. Тус дүүргийн хувьд нийслэлийн есөн дүүргээс анх удаагаа нийтийн номын сантай болж байгаа юм. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Баясах, Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, дүүргийн албан хаагчид, харьяа, хэлтэс албад болон хороодын Засаг дарга нар оролцлоо. Нээлтийн үеэр Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлсэн үгэндээ, "иргэдэд илүү нээлттэй байж, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор номын сан байгуулахаар шийдсэн. Иймд иргэд та бүхэн нийтийн номын сангаас хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах бүрэн боломжтой” гэсэн юм. Мөн зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа нээлтэд оролцон өөрийн номын дээжээс Баянзүрх дүүргийн нийтийн номын санд гардуулан өгсөн. Тэрбээр төр захиргааны байгууллагаас анх удаа номын сан байгуулж, оюуны талхыг олон нийтэд хүрээж байгаад баяртай байгаагаа нээлтийн үеэр онцлон хэлж байсан. Дашрамд дурдахад, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар байгуулагдаж байгаа нийтийн номын сан нь 7000 гаруй номтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байна. Хууль эрх зүй чиглэлийн 1324, уран зохиолын 500 гаруй, түүхийн чиглэлийн 800 гаруй, гадаад хэл дээр 2000 гаруй номыг тус номын сангаас уншиж, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг хангажээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1 сэтгэгдэл