Ц.Элбэгдорж: Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэнээ бэлтгэхээс эхэлдэг

0

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй Их тэнгэр цогцолборын Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд уулзлаа.

 


Уулзалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ҮАБЗ-ийн удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.


Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ "Монгол эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангаж баталгаажуулах, дотоодын аюулгүй байдлыг улс, нийгмийн бүх түвшинд хангах зэрэг олон талт үүргийг манай төрийн цэргийн байгууллага, хууль сахиулах байгууллагууд хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд ханган биелүүлэх үүргийг гүйцэтгэхдээ аль болох хамтарч, аюулгүй байдлын төлөө нэг зорилгод чиглэн хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлье.


Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа терроризм, улс дамжин зохион байгуулагдаж байгаа гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисын хөнөөл, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг төр, улс, нийгмийн сайн сайхны эсрэг чиглэсэн аливаа аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, идэвхтэй тэмцэхэд төрийн цэргийн байгууллагуудын үүрэг оролцоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.


Үүнийг хөрш зэргэлдээ болон бусад орны байдлаас харж болно. Шинэ зуун, даяаршлын үед зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагууд нэг зорилгод нэгдэж чаддаг, хамтардаг, харилцан дэмжлэг үзүүлдэг болсноор аливаа аюул эрсдлийг даван туулж байгааг та бүхэн анхаарч, энэ чиглэлээр өөр өөрийн хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд нэлээд ажил хийж байгаатай бид танилцаж, дэмжин ажиллаж ирсэн. Бид "Зэвсэгт хүчин-2030” хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, төсөл бүрэн хэрэгжих боломжийг хэрэгжүүлэх, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх журам зэргийг шинээр батлан гаргахаар УИХ-аар хэлэлцэж байгаа Батлан хамгаалах багц хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэх, судлах ажлыг хийж байна.


Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин талархал илэрхийлж байна” гэлээ.


Уулзалтын үеэр Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ҮАБЗ-ийн удирдах албан тушаалтнууд өөр өөрийн салбарын талаар танилцуулав.


Үндэсний эрх ашгийн цаана бүх хүний нэгдмэл эрх ашиг байна


Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж цугларагсдад хандан үг хэллээ.


Тэрээр хэлсэн үгэндээ "Энд хуран цугласан эрхэм генерал, офицерууд, хүрэлцэн ирсэн журмын нөхдийн энэ өглөөний түмэн амгаланг айлтгая.


Цэргийн анги, байгууллагууд,тусгай үүрэг чиглэлтэй байгууллагуудын учир утга, цаашдын үйл ажиллагааны талаар эхлээд товч нэг зүйлийг хэлье. Аливаа орон эрх чөлөөтэй, бие даасан байна гэдэг бол өөрийгөө хамгаалах чадвар нь байнга байж байна гэсэн үг. Өөрийгөө хамгаалах чадвартай байхын тулд хамгаалах чадвар бүхий бүтэц, бие бүрэлдэхүүн байх ёстой. Тэр нь бүрэн бэлтгэгдсэн, байнгын байх ёстой гэж хэлж болно.


Аюулгүй байдал гэдэг ойлголт бий. Үндэсний аюулгүй байдал гэж ямар ойлголт вэ? Хаанаас гардаг юм бэ гэвэл үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголт тухайн үндэстний нийтлэг эрх ашгаас ургаж гардаг. Монголын ард түмний нийтлэг эрх ашиг гэдэгт хамгийн эхэнд нь Монголын ард түмний эрх чөлөө, амар тайван амьдрал орно. Манай улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, дараа нь Монголын Үндсэн хуульт тогтолцоо орно гэж ойлгож болно.


Энэ 3 том ойлголтыг авч үзэх юм бол энэ нь Монголын ард түмний, Монгол Улсын, монгол хүн бүрийн нийтлэг эрх ашиг гэж хэлж болно. Улс орондоо нийтлэг эрх ашгаа тодорхой хууль тогтоомжоор баталгаажуулж хэрэжүүлдэг. Үүнд чиглэсэн Үндсэн хууль, Батлан хамгаалахын хууль, Хилийн цэрэг, Онцгой байдал, Тагнуулын, Цагдаагийн гээд эдгээр хуулиудаар эрх ашиг, хийх ажлыг тодорхойлж гаргадаг.


Үндэсний эрх ашгийн цаана бүх хүний нэгдмэл эрх ашиг байна. Үндэсний эрх ашиг гэдэг бол хувь хүнийхээс дээгүүр эрх ашгийг хэлнэ. Нэг үгээр хэлбэл, хуульчлагдсан эрх ашиг юм. Үүнийг хамгаалах үүрэг нь та бүхэнд байгаа. Энэ эрх ашгийг нийлүүлээд аюулгүй байдал гэдэг.


Монгол Улс өөрийгөө хамгаалахдаа хамгийн түрүүнд нэгдүгээрт нь, бэлтгэгдсэн, тангараг өргөсөн байнгын бие бүрэлдэхүүнээр өөрийгөө хамгаална гэж үздэг. Хоёрт, бэлтгэл хүч. Гуравт, нийт иргэдийнхээ оролцоотойгоор аюулгүй байдлаа бид хамгаалах ёстой.


Өөрийгөө хамгаална гэхээр зөвхөн гаднын халдлагаас хамгаалах тухай ойлголт биш, улс орон, ард иргэдэд тохиох гай гамшиг, янз бүрийн алан хядлага, хууль бус зохион байгуулалт, эмх замбараагүй байдал зэрэг орно. Өөрийгөө хамгаалах, хууль ёсоо хамгаалах гэдэг бол энд орж байгаа ойлголт юм. Шаардлагатай үе гарах юм бол энэ бүтэц маань их үр дүнтэй, шуурхай ажиллах ёстой.


Бид нэг бодлогыг тууштай баримталж байгаа. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал гээд энэ бүхэн бие даасан бүтэцтэй байна. Шаардлагатай тохиолдолд үр дүнтэй, шуурхай, мэргэжлийн хамтын ажиллагаа өрнүүлж чаддаг байх ёстой гэж үзэж байгаа. Хамтын ажиллагааны талаар зарлиг гарсан байгаа. Мөн энэ талаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ чиглэлийн эрх зүйн үндэс бүрдсэн.


Цэргийн алба бол төрийн албаны онцгой төрөл юм


Хоёрт, миний хэлэх нэг зүйл бол цэргийн албан хаагчдад өнөөдөр ямар шинэ шаардлага тавигдаж байна вэ? Ямар онцлогтой үед бид амьдарч байна вэ? Энэ талаар санаа бодлоо хэлье.


Цэргийн алба бол төрийн албаны онцгой төрөл юм. Онцгой гэж хэлж байгаа нь энэ албанд тусгай бэлтгэл шаарддаг. Дээр нь тусгай чиг үүрэгтэй. Онцгой өөрийн чиг үүрэгтэй учраас төрийн албаны онцгой төрөл гэж цэргийн албыг үздэг. Тийм учраас энэ төрийн албаны гол үүрэг бол бүхэлдээ Монгол Улсын нийт ард иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчлэх үүрэгтэй байдаг.


Монгол Улсад цэргийн албыг хоёр үндсэн үүрэгтэй гэж хэлж болно. Эх орноо хамгаалах, үүнд бэлтгэх үүрэгтэй. Мөн эх орноо хамгаалах эх оронч иргэдийг бэлтгэх газар гэж ойлгож болно. Эх орноо хамгаалах байнгын бие бүрэлдэхүүн байх ёстой. Дээр нь иргэдийг бэлтгэх газар гэж хэлж байгаа юм.


Орчин маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас ийм байдал яаж үүсч байна вэ гэдгийг хэлье.Нэгд, орчин өөрчлөгдөж байна гэдэг дотор юу хэлэх вэ гэвэл албан бус аюул заналууд бий болж байна. Төр, армийн бүтцээс гадна төрийн бус бүтцүүд бий болж тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, улс үндэстэн оршин тогтноход хүртэл аюул занал учруулдаг байдал бий боллоо. Жишээ нь, ISIS  буюу Исламын улс бүлэглэл байна.


Хоёрт, мэдээллийн эрин бүхнийг өөрчиллөө. Бид 20-иодхон жилийн өмнө мэдээллээ яаж авдаг байсныг та бүхэн мэднэ. Одоо бол мэдээллээр дамжуулаад бидний амьдарч байгаа орчин бүрэн өөрчлөгдлөө. Өнөөдөр дэлхийн хаана юу болж байна вэ гэдгийг хэрэв мэдэх хэрэгтэй бол дэлхийн 7 тэрбум хүн маш хурдан мэдэж болж байгаа. Бүр дээр үед бол энэ тухай мэдэхгүй өнгөрөх тохиолдол байсан. Мэдээлэл их байгаа учраас ард иргэд, олон түмний зүгээс цэргийн албанд тавих шаардлага өндөр болж байна. Шаардлага нь өөр болж байна.


Цэргийн анги, байгууллагууд иргэдэд нээлттэй болох ёстой


Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэнээ бэлтгэхээс эхэлдэг. Тэгэхээр бид үүргээ өргөн хүрээнд харах шаардлагатай болж байгаа юм. Өргөн хүрээнд харна гэдэг нь бидний алба хааж, сурч байсан хуучин цагт цэргийн анги, байгууллага нь хаалттай, тусгай орчин гэж үздэг байсан. Одоо бол иргэдэд нээлттэй болох ёстой. Нийгэмшинэ гэж хэлдэг. Цэргийн анги, байгууллагууд нийгэмших, одоогийн хэллэгээр иргэнших шаардлага маш өндөр тавигдаж байна. Иргэдийн очих дуртай, иргэдэд хэрэгтэй байгууллага байя. Цэргийн анги, байгууллагууд дээр болж байгаа бэлтгэл сургалтад хамрагдах нь бидэнд хэрэгтэй гэж үздэг газар болж хувирах шаардлагатай.


Цэргийн анги, байгууллага энгийн байгууллагаас нэг л зүйлээр ялгаатай. Тэр нь юу вэ гэхээр тусгай дүрэм, журамтай, өөрийн гэсэн зохион байгуулалттай. Үүнийг цэргийн анги, байгууллагууд байнгын бие бүрэлдэхүүн дээрээ хэрэглэдэг. Тэнд иргэд орж ирээд ажил үүрэг гүйцэтгээд, бэлтгэлд хамрагдаад явж байхад тэдэнд хориглох зүйл заалт нь тодорхой байх ёстой. Ингэж цэргийн анги, байгууллагаа цаашид бид өөрчлөх чиглэлээр бодож ажиллах цаг болжээ.


Эх орны хамгийн сайн хамгаалалт бол бэлтгэгдсэн иргэд байх юм


Гуравдугаарт, бид цаашид юу хийх вэ гэсэн хэсэг рүү оръё. Цэргийн анги, байгууллага бол нэгд, байнгын бие бүрэлдэхүүн ажилладаг, албаа хаадаг, үүргээ гүйцэтгэдэг газар юм. Хоёрт, бэлтгэл бие бүрэлдэхүүнийг бэлддэг, тэдэнд үйлчилдэг газар. Одоо байнгын бие бүрэлдэхүүн, хоёрт нь бэлтгэл бие бүрэлдэхүүн гэсэн ойлголт бий болох нь байна. Зөвхөн үндсэн бие бүрэлдэхүүнээрээ цаашдаа үүргээ гүйцэтгээд явах боломжгүй. Эх орны хамгийн сайн хамгаалалт бол бэлтгэгдсэн иргэд байх юм. Түүний өмнө явах хүмүүс бол байнгын бие бүрэлдэхүүн юм.


Ингэхийн тулд цэргийн анги, байгууллагууд төлөвлөгөөгөө шинэчлэх хэрэгтэй. Дизайнаа шинэчилж гаргах хэрэгтэй. Анги танхим, стандартаа шинэчлэх хэрэгтэй. Та бүхний эргэн тойронд хот, суурин, сум, сургуулиуд бүх зүйлээ шинэчилсэн төлөвлөгөө гаргаад, шинэ нөхцөлд амьдрах гээд явж байна. Үүнийг зөвхөн Улаанбаатарт, Жанжин штаб дээр юм уу Хилийн цэргийн удирдах газар, онцгой байдлын газар, бусад төв газруудад хийдэг биш, бүх газар шинэчлэл, өөрчлөлт явах ёстой.


Цэргийн анги, байгууллагууд стандарт, дүрмээ шинэчлэх хэрэгтэй


Цэргийн анги, байгууллагуудын нэг онцлог бий. Өөрийн стандарт, дүрэм, журамтай. Энэ бүхнээ шинэчлэх хэрэгтэй. Сая тавигдаж байгаа нөхцөлдөө зориулж ингэж өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм.


Манайхан ажил хийнэ гэхээр мөнгө, төсөв шаардаад эхэлдэг. Хамгийн түрүүн сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Дотроосоо харах зүйлгүй байгаа бол дэлхий нээлттэй болсон. Дэлхийгээс хар л даа. Дэлхийн хамгийн гайхалтай нээлттэй, зохион байгуулалттай цэргийн анги, байгууллага хаана байна. Хэлтэй устай хүмүүсийн тусламжийг аваад дэлхийгээс харж үзэх хэрэгтэй. Бид дэлхийн дундаж түвшин, болж өгвөл дунджаас дээгүүр л гарах ёстой. Энэ бол маш чухал, цоо шинэ зүйл.


Цэргийн анги, байгууллага Оюутан-цэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз болж хувирах хэрэгтэй


Бид "Оюутан-цэрэг” гэж том хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэг бүх баримт бичигт орсон. Одоо гарах шинэ хуулиудад орно. Цэргийн анги, байгууллагууд бол Оюутан-цэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз болж хувирах хэрэгтэй. Үүнийг зөвхөн Улаанбаатарт, тусдаа карантилж гаргаад хийдэг ажил биш. "Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа залуусыг харахад "Далайд дусал” гэдэг шиг, хамрагдаж болох залуусын маш өчүүхэн хэсэг нь байгаа юм. Бид дусал биш, далайгаа ашиглах хэрэгтэй. Хамрагдаж болох бүх залуусыг хамруулах хэрэгтэй.  


Тэгж байж хүмүүст эх оронч үзэл суудаг. Тэгж байж хүмүүст сайн сайхан төлөвшдөг. Ямар учраас цэргийн анги, байгууллагуудыг тусад нь зохион байгуулдаг вэ. Ямар учраас бэлтгэлийг жилээр, сараар, цугларалтыг долоо хоногоор хийдэг юм бэ. Үүнд маш их учир шалтгаан байдаг юм. Та нар бодох хэрэгтэй.


Хүнийг аав ээжээс нь, асардаг тэтгэдэг хүмүүсээс нь, эхнэр, хүүхдээс нь холдуулахаар тэднийхээ үнэ цэнийг маш их мэдэрч эхэлдэг. Гал унтраах гээд хэд хоногоор, сараар яваад ирэхэд та бүхэн гэр бүлээ хэчнээн санасан байдаг билээ. Тэднийхээ үнэ цэнийг мэдэрдэг. Хэд хоногоор хилээ манаад отряддаа ирэхэд хилийнхэнд ямар ойлголт төрдөг билээ. Эх орон гэдэг ойлголт төрдөг. Хэдэн өдрөөр сургуулилт хийгээд тусдаа яваад ирэхээр эргээд тэднийхээ үнэ цэнийг мэдэрдэг.

Гэртээ, байнгын тааламжтай орчиндоо байгаа хүн бол хайр халамж, үнэ цэнийг мэдэрдэггүй юм. Гэр бүлээ хайрладаг хүн, үр хүүхдээ, ойр дотнынхноо хайрладаг хүн л эх орноо хайрлана. Тэрний үнэ цэнийг мэдэрсэн хүн л хайрлана.


Эх орноо, аливаа юмыг хайрлахын тулд эхлээд түүнд тохиолдож болох аюулыг мэдрэх хэрэгтэй


Зөвхөн цэргийн тангараг цээжлүүлж өргүүлээд тэр сэтгэл рүү орж ирдэггүй. Үүнийг дотор нь оруулах арга бол сая хэлдэг бэлтгэлээр дамжуулж, цугларалтаар дамжуулж ойлгуулдаг. Үндсэн нэг үзүүлэлт бол эх орноо, аливаа юмыг хайрлахын тулд эхлээд түүнд тохиолдож болох аюулыг мэдрэх хэрэгтэй. Улсад маань ийм аюул, гамшиг тохиолдож болох юм байна. Би үүний төлөө бэлтгэгдэж байна гэж мэдрэх хэрэгтэй. Тэр аюулыг мэдрэх юм бол хайртай хүндтэй бүхнээ, эх орноо хайрлаж эхэлдэг. Үүнийг мэдрүүлж ойлгуулдаг газар бол цэргийн анги, байгууллагууд юм. Ингэж харах хэрэгтэй.


Аюулыг сөрөх бэлтгэлтэй болоод ирэхээр өөртөө итгэлтэй болдог. Бидний бэлтгэл бол хэрийн аюулыг сөрч чадна. Бид даваад гарч чадна гэдэг итгэл олж авах хэрэгтэй.


Заавал бүгдээрээ энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, Өмнөд Суданд, Афганистанд очиж мэдрэх биш. Эх орондоо бэлтгэл сургуулиар дамжуулаад мэдрэх хэрэгтэй. Өөр нэг маш чухал зүйл бий. Ганц цэрэг юу ч хийж чадахгүй. Ганц хүн айл болдоггүй. Хамт олноороо, салаагаараа, тасгаараа, ангиараа бид амжилтад хүрнэ гэдэг хамт олонч, багийн мэдрэмжийг төрүүлдэг газар бол цэргийн анги, байгууллага.


Хатуухан үг сонсч үзээгүй, компьютерийн тоглоомоос цааш гарч үзээгүй хүүхдүүдийг үүгээр дамжулж эх оронч болгох хэрэгтэй. Тийм болчихсон хүүхдээ оюутан-цэрэгт хамруулъя гээд хүсээд явж байгаа хүмүүс байгаа.


Бидний хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөр дотроос хамгийн их дэмжлэг авч байгаа нь  "Оюутан-цэрэг”


Бидний хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөр дотроос хамгийн их дэмжлэг авч байгаа нь  "Оюутан-цэрэг”. Тэгэхэд бид жилд 1000 орчмоос илүүг бэлдэж чадахгүй байна. 18-25 настай, бэлдэж болохоор хэдэн арван мянган залуучууд байна. Бүгдийг нь үүгээр оруулах л хэрэгтэй. Үүнийг иргэд хүсч байна. Хоёр сар карантинд яваад, 2 сар хил дээр ажиллаад,  дахиад 2 сар цэргийн анги, байгууллагад ажиллаад ирэхэд миний хүү эр хүн болж байгаа юм. Хүний үг сонсдог болдог юм байна. Зохион байгуулалтад ордог юм байна. Одоо л нэг төлөвшлөө. Их өөр боллоо. Ямар богино хугацаанд манай цэргийнхэн хүнийг өөрчилж зөв хүн болгож чаддаг юм бэ. Хэрэв ард иргэд дунд ийм ойлголт төрөх юм бол цэрэг, армиа хүндэлдэг, та бүхнийг хүндэлдэг хүндлэл асар их нэмэгдэнэ. Цэрэг, армийн нэр хүнд, энэ хувцас форм өмссөн хүмүүсийн нэр хүнд өсөх юм.


Энэ үүднээс сэтгэлгээгээ задлаач ээ. Зөвхөн анги, байгууллага дээр байгаа хэдэн хүнтэйгээ харилцдаг, тэр хүрээнд сэтгэдгээ боль. Хилийн цэргийнхэн өдөр тутам үүргээ гүйцэтгээд явдаг. Арай нэг өөр өнгөтэй байдаг. Онцгой байдлынхан бол бас тохиолдож байгаа гамшигтай тэмцээд өөр.


Зэвсэгт хүчнийхэн хатуу хэвшмэл байдлаа өөрчлөх хэрэгтэй


Харин зэвсэгт хүчнийхэн нэлээд хатуу хэвшмэл байдалтай байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Шаардлага тохиолдоогүй үед цэргийн анги, байгууллагууд дээр та бүхэн яаж цагаа өнгөрөөж байгааг энд ярих юм бол өмнөөс нь нүүр улайх байх. Яаж энэ бүхнийг өөрчлөх тухай яримаар байна. Цэргийн албан хаагч, офицер гэдэг тэр хэдэн жилийг авахын тулд сууж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэр хэдэн жилийг цоо шинэ агуулгаар баяжуулах хэрэгтэй. Аймагт байгаа цэргийн ангиуд аймагтаа хөтөлбөрт хамрагдах залуусыг бүгдийг нь бүртгэчихсэн, Жанжин штаб руу явуулах хэрэгтэй. Бид жилдээ тэдэн залууг  "Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамруулж байна гэх хэрэгтэй. Энэ хөтөлбөрөөр цэргийн алба хаасан гэдгийг хуулиар биш, Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоож өгье гээд нэлээд чөлөөтэй, боломжтой тогтоох гээд байгаа юм.


Хоёр сар карантинд хамрагдаад, 2 сар хил дээр юм уу, өөр тусгай чиг үүрэг гүйцэтгээд,  дахиад 2 сар цэргийн анги, байгууллагад ажиллаад ирэхэд цэргийн алба хаасанд тооцож болж байгаа юм. Бүх хүмүүсээ ингэж оруулдаг. Эргээд 45 нас хүртлээ наад зах нь жилд нэг удаа цугларалтад ороод гардаг систем рүү бид орох хэрэгтэй.


Бид хэн нэгэнтэй байлдах гээд байгаадаа биш юм. Зүгээр л бэлтгэгдсэн, эрүүл, чадвартай иргэдийг бэлтгэх гээд байгаа юм. Энэ зөвхөн цэрэгт хэрэг болдог биш. Монгол Улсад хэрэгтэй. Ийм сургуулиар орсон хүн сайн аав болдог. Сайн хүмүүжилтэй болдог. Сайн боловсролтой болдог. Цэргийн боловсрол бол амьдралд хамгийн хэрэг болдог боловсрол. Миний явж байгаа үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол миний цэргийн боловсрол. Энэ бол үнэн. Үүнийг тэр хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй.


Тэгэхээр үүнийг мэдрүүлдэг, хийдэг газар бол та нар юм. Одоо ингэж бодож ажлаа харах хэрэгтэй. Тэгэхээр 18-45 настай бүх хүнээ л бүртгэх хэрэгтэй. Энэ талаар цаашдаа хууль гаргаж болно. Эхний ээлжинд бид зарлигаар энэ бүхнийг зохицуулж байгаа. Хуульд нийцсэн зарлиг бол хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг. Ийм зарчимтай. Тийм учраас бидэнд ийм боломж байна.


Батлан хамгаалах, спортын яам болгоё


Үүнээс өмнө та бүхэн сэтгэлгээнийхээ өөрчлөлтийг хийгээд, төлөвлөгөө дизайнаа өөрчлөөд, хүмүүсээ бүртгээд ажиллах хэрэгтэй байгаа юм. Би энэ Батлан хамгаалах яамны нэрийг хүртэл өөрчлөх саналтай байгаа. Батлан хамгаалах, спортын яам болгоё. Цэргийн хүний нэг сайн чанар бол бие бялдрын хөгжил. Бие бялдраа хөгжүүлбэл сэтгэлзүй хөгждөг. Бие бялдраараа, бэлтгэлжилтээрээ ялгарч байх ёстой. Бүх зүйлээ үүрээд хэдэн км газар гүйж байна гэдэг чухал. Та бүхэн мэдэж байгаа байх, өндөр хөгжилтэй улс орнуудад цэргийн бэлтгэл сургуулилт асар хатуу шүү дээ. Харин манайд эрхэлсэн байдалтай байгаа. Би цэргийн сурвалжлагч байхдаа л энэ эрхэлсэн байдлыг шүүмжилж бичдэг байсан. Өнөөдөр ч засагдаж сайжирсэн зүйл бага л байна. Үүнийг засаж сайжруулах хүмүүс бол та нар юм.


Миний харж байгаагаар Батлан хамгаалах, спортын яам гэж нэрлэвэл дээр үед дунд сургуульд хүртэл иргэний хамгаалалтын багш офицер нар байдаг байлаа шүү дээ. Биеийн тамирын багш нарыг тусад нь цэрэгжилтийн бэлтгэлд оруулаад, цэргийн алба хаасныг нь шууд бэлтгэл офицер цол өгөөд, тэгээд биеийн тамир дээр нь цэрэгт заадаг зүйл заая. Цэрэгт заадаг зүйл гэдэг нь хүнд заадаг зүйлээс өөр юм биш. Аливаа хүн мэдэж авах ёстой зүйлийг л цэрэгт заадаг. Бие бялдрынх нь хувьд шүү дээ, тэр зэвсэг техник нь тусдаа л байдаг юм байгаа биз. Ингэж холбож өгсөн газрууд байна. Батлан хамгаалах, спорт хоёроо холбосон. Үүгээрээ дамжуулж ард түмнийхээ эрүүл мэндийг, чийрэгжилтийг сайжруулдаг. Үүгээрээ дамжуулан бодлогоо явуулдаг. Энэ чиглэл рүү явах байх гэж би найдаж байна.


Хүүхдүүдээ цэргийн албатай ямар нэг замаар холбочих хэрэгтэй. Дээр үеийн иргэний хамгаалалт биш юм аа гэхэд биеийн тамираар дамжуулаад холбох хэрэгтэй. Биеийн тамирын багш нь дээр нь нэмээд иргэний хамгаалалтын тодорхой ойлголтуудыг тухайн сургуульд өгдөг байж болно. Наад зах нь газар хөдлөхөд өөрийгөө хэрхэн аварч гарах вэ гэх мэт. Хурдан гүйгээд аюулаас зайлна гэдэг бэлтгэлжилтийн асуудал юм. Олон хоног ус хоолгүй өөрийгөө аваад гарна гэдэг бол бэлтгэлжилт. Тэгээд аюул тохиолдсон үед нөхрөө аварч гарна. Тэгэхээр энэ ойлголтыг бид багаас нь сургуулийнхаа бүтэцтэй, төрийнхөө бүтэцтэй уялдуулж өгөх юм бол сайн болно.


Цэргийн ангиуд фитнес төв болж хувирах хэрэгтэй


Бялдаржуулах, фитнес төвүүд нээгдэж байгааг та бүхэн харж байгаа. Эдгээр төвүүдэд хэдэн зуун мянгаар нь төлбөр төлөөд манай залуус гүйлдээд байх юм. Манай цэргийн ангиуд фитнес төв болж хувирах хэрэгтэй. Тэнд байгаа залуучууд, эхлээд ажиллаж байгаа байнгын бие бүрэлдэхүүнээ оруулах хэрэгтэй. Харин гаднаас хүн орох гэвэл мөнгө төлдөг байя. Бид нарт мөнгө төсөв байхгүй гээд суугаад байх юм. Энэ боломжийг чинь нээж өгье л дөө. Тэгээд үүнийгээ эргээд хөрөнгө оруулалтдаа ашигладаг байя.


Аймгийн төв дээр хэдэн мянган хүний дунд 18-45 настай хүмүүс бэлтгэл хийгээд гардаг ийм гарцыг олго л доо. Тэгээд мөнгийг нь ав, бэлтгэл хийгээд гарахдаа хажуудаа усанд ороод, хоолонд ороод гардаг байя. Хоолных нь мөнгийг ав. Сарын хураамж гээд тогтоочих. Тэгээд л боллоо. Эргүүлээд үүгээрээ баазаа сайжруулаад яв л даа. Манай хилийнхэн мал аж ахуйгаа хөгжүүлээд өөрийгөө хангаад явж болж байна шүү дээ. Ийм их эрэлт байна.


Энэ их фитнес төвүүдээс хямд, тэгсэн мөртөө үйлчилгээгээр илүү өрсөлдөөн бий болго л доо, та нар. Тухайлбал, тэнд яваад очиход турник дээр суниадаг гэх мэт цэргийн дасгалуудыг оруулж болно. Тэгээд бие хамгаалах урлагийг бага зэрэг зааж өг. Өөрсдөө чаддаггүй юм бол үүнийг чаддаг, хийдэг дуртай хүмүүсийг урь. Тэгээд өөрсдийн чадвартай офицерүүдээ үүнд хамруул. Тэгээд хүмүүс дараа нь ирсэн хүмүүстээ зааж сургана шүү дээ. Үүнийг л ард иргэдтэйгээ холбогд гээд байгаа юм.


Цэргийн анги гэж үүдэндээ хоёр цэрэг зогсоочихоод хэн ч орж болдоггүй. Яваад орохоор склад энэ тэр харсан харуулын хоёр цэрэг байдаг. Бид ийм байдалтай байж болохгүй ээ. Жинхэнэ ардын арми цэрэг, ард түмний сайн сайхны төлөө ажилладаг байх хэрэгтэй. Ард түмний сайн сайхны төлөө ажиллана гээд зүгээр суугаад байж болохгүй. "Цэргийг мянган өдөр тэжээнэ, нэг өдөр хэрэглэнэ” гэдэг үг хуучирсан. Мянган өдөр хэрэгтэй байх хэрэгтэй. Өдөр бүхэн ард түмний сайн сайхан амьдрал, эрүүл мэнд, биеийн тамирт цэргүүдээ оруулж байх хэрэгтэй. Долоо хоногт хэдэн зуун мянгаараа төлөөд эрүүлжихүйн хичээл заалгаж байна. Зөвхөн тэр хоол ундны тухай, энэ хоол унд гэдэг чинь яаж шингэдэг юм, ямар хоол биед сайн байдаг юм гээд мэргэжлийн хүмүүс подвалд суугаад, тэр сайд дарга нар, алдартай од бүгд түүнд ирээд суучихсан байна. Ийм их хэрэгцээ байна шүү дээ. Та нар эрүүлжихүйн төв нээгээд хажууд нь суу л даа. Тэр  офицер, тэнд ажилладаг хүмүүст үйлчилдэг мэдлэгтэй болох хэрэгтэй. Хүнд үйлчилж байж өөрсдөө сайжирдаг юм. Та нар нэг зүйлийг ойлго. Хэдэн цэрэг авчраад, тэгээд өөрсдөө сууж байгаад сайжирна гэж байхгүй.


Хүнд юм заагаад үйлчлээд, хэлээд ирэхээр өөрөө түүнийг илүү хийх шаардлагатай болно. Тэр бэлтгэлийн бааз болох юм бол та нар үргэлж сайжирна. Яагаад гэвэл нөгөө үйлчлүүлэгчид үргэлж шинэ шаардлага тавина, та нарт. Үүнийг ойлгооч. Тэгэхээр та нарын цэргийн анги, байгууллагын өнгө улам бүр дээшээ сайжрах хэрэгтэй болно. Хугацаат цэргийн алба гээд тэд заавал сууж байх албагүй. Тэд нар ч гэсэн бэлтгэгчид, хүмүүст юм заадаг байх ёстой.


Тэд хүмүүстэй харилцаад хүмүүсийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийгээд, өөрсдийнхөө ажил хөдөлмөрийн үр дүн хараад ирэхээр бүгд урамшиж эхэлнэ. Бүгд өөр болно, манай цэргийн анги байгууллагууд. Яг өөр өөрийн чиглэлээр, онцгой байдлынхан юу хийж болох вэ, хилийнхэн юу хийж болох вэ. Хилийнхэн дээр хүрээд ирэхэд л наад зах нь хотын хүүхдүүд, сумын төв, аймгийн төвийнхөн ч адилхан шүү дээ. Наад зах нь морин дээр мордож үзээгүй л байгаа. Морьтой хэрхэн харьцах вэ, морь унаад хажуугаар нь бэлтгэлээ хийгээд, анги байгууллага дээр хүрээд ирэхэд нь буу задлуулаад ОВП цув өмсүүлж гүйлгээд байж болно. Тэр хүмүүст маш сонин байх болно.


Энэ чиглэлээр цаашид өдөрлөг зохион байгуулах хэрэгтэй. Тухайн анги дээр долоо хоногт заавал нэг арга хэмжээ болж байдаг. Аав ээж нь хүүхдээ дагуулаад хүрээд ирэг л дээ. Та нар ах дүү ойр хавийн бүх хүмүүсээ хамруул л даа. Тэгээд тэнд очоод нэг шинэ зүйл сонсч болдог. Тэгээд тэр бүх зүйл нь үнэлгээтэй.


Алийг нь үнэлэх вэ, алийг нь үнэлэхгүй байх вэ гэдгээ та нар бүгдийг нь өөрсдөө тогтоодог байя. Хүүхдүүд хүрээд ирэхэд нэг өрөөнд их том дэлгэцтэй байг. Гурван жилийн өмнө би сурч байсан сургуульдаа очиход лав л тийм болсон байсан. Одоо цэргийн сургуулиуд тийм болсон байна лээ. Бүх зүйлийг дэлгэцэн дээр хийж байгаа. Зүгээр л хүүхдүүд компьютерийн ард суугаад байлдаж байгаа юмыг тэр салаа, рот зохион байгуулж, байгаа газар нь дэлгэцэн дээр харуулаад л байдаг. Тийм заалтай байх хэрэгтэй. Тийм мөнгө алга, тийм юм олох гэсэн юм гэх хэрэггүй. Саяын миний хэлж байгаа зүйлүүдээр дамжуулаад хөрөнгө оруулалт хийгээд яв л даа.


Хүмүүс аяндаа мөнгө өгдөг хандив өгдөг болно. Сайн юм хийдэг, дэмждэг хүмүүстэйгээ харилц л даа. Ингэж сэтгэлэ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.