БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд ирэх 9 дүгээр сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцохоор болсон билээ. Жагсаалын бэлтгэлийн явцтай өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар танилцлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр хэлсэн үгэндээ "Бэлтгэл үндсэндээ хангагджээ. Эх орныхоо нүүр царай болж явах учраас жавхаалаг сайхан алхах хэрэгтэй. Хариуцлагатай үе та нарт ирж байна" хэмээн онцлов.

Хятадад болох цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсаас 76 цэрэг эрс оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба хаагч оролцож байна. Мөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат албаны таван цэрэг жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим дайчид Чөлөөлөх дайны ялалтын цэргийн ёслолын жагсаалд дахин оролцохоор болжээ.  

Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой 18-38 насны 76 залуус маргааш буюу энэ сарын 15-ны өглөө БНХАУ-ыг зорино. Тэд дэлхийн бусад орны цэргүүдтэй 6 удаагийн хамтарсан сургуулилтыг гүйцэтгэх юм. Жагсаалыг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалж алхах бол бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар нар удирдан чиглүүлж байна.

БНХАУ-д болох цэргийн ёслолын жагсаалд 16 орны цэрэг эрс оролцохоор болжээ. Бүрэлдэхүүний бэлтгэлийн тухай Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар "Бэлтгэл жигдэрсэн. Жагсаалд оролцох алба хаагчдыг цэргийн ёслолын жагсаалд тавигддаг үндсэн шаардлага болох бие бялдрын хөгжил, нурууны өндөр, эрүүл мэнд, жагсаалын элементийг зөв гүйцэтгэх чадварыг харж, сонгосон. 120 гаруй залуусаас 47-48 залуу шигшигдэж үлдсэн, тэдэн дээр ОХУ-д ёслолын жагсаалд алхсан туршлагатай бүрэлдэхүүнийг нэгтгэсэн” гэсэн юм.