Улс төр гэр бүлийн бизнес биш
Төрд өндөр алба хаших, УИХ-д суухын төлөө улайрах үзэгдэл хэрээс хэтэрч байгааг энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид харуулж байна. Нэг үе гэр бүлийн гишүүд, ах, дүү нар өөр, өөр намд харьяалагдан ёстой л аль ч төрд нэр, нүүртэй байдаг байлаа. Ийм үзэгдэл нэлээд хэдэн жилийн өмнөөс дэлгэрч эхэлсэн. Тухайлбал, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн МАН-ын угшилтай. Харин эхнэр нь УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн С.Одонтуяа. УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Цэцэрлэгт хүрээлэнгээр овоглогддог Б.Саранчимэг нар харуулдаг. Эхнэр нөхөр, эгч дүүс энэ хүмүүс АН, МАН-ын гишүүд байв. Мөн Д.Долгорсүрэн зааны хөвгүүд ч мөн адил үзэл бодлоо дагана хэмээн өөр, өөр намын гишүүн болчихсон яваа.
Харин одоо УИХ-д гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр ээлжилж, бүр зэрэгцэн нэр дэвшиж байна. МАХН-ын дарга Намбарын Энхбаяр Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвших гэсэн авч Сонгуулийн ерөнхий хорооноос ялтайд тооцох хугацаа нь дуусгавар болоогүй хэмээн бүртгэхээс татгалзсан. Мань хүн өөрөө өрсөлдчих санаатай өлсгөлөн хүртэл зарлаад дийлээгүй тул эхнэр Ононгийн Цолмонгоо тус тойрогт нэр дэвшүүлэхээр зүтгэж, нэр дэвшигчийн үнэмлэхийг авахуулж чадлаа. Түүнийг СЕХ хувиараа бизнес эрхлэгч хэмээн бүртгэжээ.
Дайны хажуугаар дажин гэгчээр "Ард түмнээ хайрлая” намын дарга Ламжавын Гүндалай Орхон аймагт нэр дэвшихээр тун эртнээс эрдэнэтчүүдийг тойглосон. Гэтэл нэр дэвших хугацаа тулаад ирмэгц тэр гэнэтхэн шийдвэрээ өөрчилж, Орхон аймгийн 48 дугаар тойрогт "Чингис хаан трайвел” ХХК-ийн захирал, эхнэр Аззаяагаа нэр дэвшүүлэхээр болж өөрөө Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрог руу "хулжив”. Гайхалтай нь эхнэр нөхөр хоёр ив ижил Ламжав овгоор "гоёж” СЕХ-нд бүртгүүлж нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авчээ. "Ард түмнээ хайрлая” нэг намаас УИХ-д өрсөлдөж байгаа Л.Гүндалайн гэргийг уг нь Б.Аззаяа гэдэг. 1992 онд Монголын сайхан бүсгүй тэмцээнд Шүр эрдэнийн өргөмжлөл хүртэж байсан нэгэн. Одоо тэд гурван хүүхэдтэй. Харин яаж яваад нэг овогтой болсныг таашгүй. Ламжав овгоор овоглоод УИХ-д хүч үзвэл сонгогдчихож магадгүй гэж үзсэн ч юм уу мэдэхгүй. Ийм сонирхууштай нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хороо үнэмлэх гардуулсан нь сайтар шалгасан бас сонгогдох эрхээ эдлэж байгаа явдалд нь хориг саад хийх ёсгүй гэж үзсэнтэй холбоотой юм болов уу даа.
Гэвч Монголын улс төр, төрийн эрх барих байгууллага гэдэг гэр бүлийн бизнес биш. Үүнийг УИХ-д суухаар гэр бүлээрээ улайран зүтгэж байгаа хүмүүс мэддэг л байгаа даа. Харин яагаад тэд улс төрд орохын тулд улайран зүтгэнэ вэ. Хэрвээ өрхийн тэргүүн нөхөр нь сонгогдож чадахгүй бол эхнэр нь ялах магадлалтай гэж тооцож буй хэрэг үү. Хэн нэгэн нь парламентад шургачихсан байхад хоёр биенээ хамгаалаад, ашиг сонирхлоо нөхөөд байна гэсэн бодол. Энэ төрөөс хариугаа авна гэсэн хатуу занал уу?
Энэ хоёр өрхийн тэргүүн, хоёр намын дарга нарын хэн хэн нь Монголын төрд голдоо ортол гомдож, "чадлаараа” тэмцэж яваа хүмүүс гэж өөрсдийгөө тодорхойлдог. Тиймдээ ч хамгийн итгэлт хүмүүсээ ийн УИХ-ын сонгуульд сойж байгаа биз. Угтаа гэр бүлийн хүмүүс нэг санаатай байдаг гэж ярьдаг ч дээрхийн адил улс төрд биесээ нөхдөг гэсэн ойлголт бол байхгүй л баймаар. Орон нутагт бол гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр өөр намд харьяалагдчихаад сонгууль болохоор салж, тусдаа амьдраад, дуусахаар нь буцаад нэг гртээ ордог гэх онигоо маягийн явган яриа бий. Харин энэ нь УИХ-д нэр дэвшигчдийн дунд бий болж, хоёр өөр нам бус, нэг нэгнээ нөхөх зорилго өвөрлөж буй нь төрд шургалснаар тэдний ард гэр бүлийн ихээхэн ашиг сонирхол байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Бизнесийн бүлэглэл улс төрийг сонирхож байхтай зэрэгцээд гэр бүлээрээ улс төрд шургаж төрийг бизнес болгох гэж байгаа юм биш биз!
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.