Д.Хаянхярваа: Бадарчин баярлах болоогүй шүү
Чуулганы хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Яг одоо гишүүд уг тогтоолын төсөлтэй холбоотойгоор зарим асуултыг асууж, саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Тойргоо хүссэнээрээ хувааж авлаа. МАН-ыг яаж ч дээрэлхэж болно гэж харж байх шиг байна. Тойрог хувааж байгаа зарчим чинь ард түмэнд таалагдахгүй байна. Улаан цагаан хүнд зориулж тойрог гаргачихлаа шүү дээ. Тэгээд хэлэхээр бараг л би Чингисийн удам. Тиймээс нэг тойрог баттай байх ёстой гэж байх шиг байна. Бадарчин баярлах болоогүй шүү. Улс төрд зөв чиг тогтооё гэж байсан бол зөвшилцөж, тохиролцоод өмнө барьж ирсэн нийтлэг зарчмаараа асуудлуудаа шийдэж явах байлаа. Яг үнэндээ энэ тойрог хувааж байгаа нь намын чинь дотоод асуудлыг чинь ил гаргаж байна. Монголын ард түмэн ухаантай болсон. Улаанбаатар хотод сууж байгаад хаа байсан Увсын хязгаарт очоод нэг тойрог авчихна гэж бодож байгаа бол эндүүрэл. Та бүхэнд сайн үйл бүтээчих гэсэн чин хүсэл байсан уу. Тойргийг энд өмчилж хувааснаар ялалт байгуулсан мэт бодож болохгүй. Ард түмэн асуудлыг шийднэ. Хэрүүл багатайгаар асуудлыг шийдсэн бол сайн байлаа. Дараагийн сонгуульд намын дотоод зөрчлөө арилгаж орж ирээрэй. Ард түмнээ, төрөө гэсэн сэтгэлтэй орж ирээрэй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "АН-ын гишүүд зарчимгүй амьдарч болдог байх. Монголын төрийг зарчимгүй болгож болохгүй шүү. Сая УИХ-ын дарга СЕХ оруулж ирлээ гэж байна. Тэгвэл яагаад тэр хэвээр нь батлахгүй байгаа юм бэ. Бүлгийн дарга нь, намын дарга байсан хүн нэг тойрог нэмдэг юм байна. Монголын ард түмэн та бүхний зургийг зурна шүү. Бид тохирсон гурван зарчимтай. Гэтэл ийм зураг зурчихаад суухаасаа ичээсэй. Яасан их бяртай юм бэ. Ард түмэн та нарыг яах гэж олуулаа болгосон юм бэ. Өчигдөр АН-ын даргын өрөөний үүдэнд бүх аймгийн дарга нар нь ирж байгаад л кордорт энэ зургийг зурж байсан шдээ. Би ганцхан Хөвсгөл гэж ярихгүй. АТГ-ын даргыг долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан. Гэтэл хугацаа нь дуусчихлаа. Ерөнхий сайдынхаа оруулж ирсэн эрүүл мэндийн сайдыг бүгдээрээ орж ирээд кнопдож унагачихаад явсан биз дээ. Одоо бүр сүүлдээ давараад төрийг арьчаагүй болгож байна. Би үнэхээр харамсаж, эмгэнэж байна" гэсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Ч.Ган