Говь-Алтайн О.Амгаланбаатар хууль зөрчиж буйг СЕХ мэдсэн үү
ҮНЭНИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ САНААРХАЛ
Өнгөрөгч сарын 25-нд би өөрийн нүүр номондоо "Монгол төрийн сонгууль тоглоом биш” гэсэн гарчигтай бичвэр байршуулсан. Төрж өссөн Говь-Алтай аймаг минь жаран мянган хүнтэй, газар нутгийнхаа хэмжээгээр Монголдоо 2-т ордог атлаа УИХ-ын сонгуульд ганцхан тойрог болон "агчсан”-д харамсал илэрхийлээд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг Ардчилсан нам энэ удаа нэр дэвшүүлэх гэж байгаа нь буруу сонголт гэж өөрийн бодлоо илэрхийлсэн. Тэр бичвэртээ би Д.Амгаланбаатарын тухай
"Ажил хийх, хүмүүстэй харилцах харилцааны арга барил нь энэ хүнд их эрх мэдэл, өндөр суудал өгвөл ихээхэн буруу арга жишиг дэлгэрүүлэх вий гэж өөрийн эрхгүй бодогдуулдаг. Төрийн хяналт хариуцлага сул байхад хил гааль дээр хор найруулж бужигнуулж явсан арга барилаа улстөрд дээш өгсөх жор болгоно гэдэг осолтой. Хэт намчирхах, захиргаадах, рэкет дарамт хийх, худал амлах, өөрийг нь сураг ч үгүй байхад Алтайд ардчилал бий болгохын төлөө сэтгэл зүрхнээсээ зүтгэж явсан партизануудаа хүртэл алба ажилгүй болгох зэргээр мөн ч их бужигнуулсан даа. Суурь хүмүүжил дундуурын шинж. Ер нь бол аль ч утгаараа дундуур хүн. Ийм хүнийг их улстөрд сойтлоо Алтайн ардчилал ядуурсанд харамсаж байна. Говь-Алтайд Ардчилсан холбоог үзэл бодол нэгтэй зургаан нөхрийн хамт анх байгуулж, эхний цуглаануудыг нь удирдаж явсан хүний хувьд би энэ хэмжээний хатуу үг хэлэх үүрэгтэй. Хатуу боловч үнэн үг юм шүү”
гэж бичсэн. Үүнээс ч хатууг хэлэх үндэслэл, баримт олон бий. Гэвч улстөр улстөрөөрөө, миний үзэл бодол минийхээрээ юм хойно АН энэ удаад Говь-Алтайн тойргийн бооцоог О.Амгаланбаатар дээр тавьсан. Миний сануулж хэлэх АН-д падлийгүй байсан шиг түүний ялах эсэх нь надад падлийгүй. Би хэлдгээ хэлсэн, цаг хугацаа миний зөв байсныг тэртэй тэргүй эргэн сануулна. Гэхдээ тэрхүү бичвэрээс үүдсэн зарим яриа хэлд хариу өгөх нь зүйтэй гэж үзсэн учраас дахин бичиж байна. Дахин бичихээс аргагүйд хүрлээ гэх нь илүү оновчтой байж ч мэднэ.
Нэгдүгээрт, Галаарид Алтайн ардчиллын анхдагч мөртлөө эсрэг дуугарлаа гэх шүүмжид хариу хэлье. Би ардчиллын эсрэг дуугараагүй, харин ардчиллыг хамгаалж дуугарсан. Монгол төрийн босго давах шалгуур хангаагүй, Монгол төрийн түшээ нь байх элдүүр ханаагүй, тэр бүү хэл ерөөсөө тэрхүү өндөр босгоны гадна нь байвал зохих хүмүүс албан тушаал, эрх мэдэлд хүрээд байгаа асуудлыг үзэгдлийнх нь хувьд шүүмжлэн сануулж, 2 жил зургаан сар аймгийн Засаг даргын суудалд суучихаад их улстөр рүү зүтгэж байгаа О.Амгаланбаатараар жишээ авсан минь ардчиллын эсрэг үйл хэрэг болж хувирсанд үнэхээр гайхаж байна. Тэгээд ч Ардчилал бол хэн нэгний өмч биш, нийт ард түмний үнэт зүйл юм шүү.
Хоёрдугаарт, цагаан үнэний мөрч болсон сэтгүүлч мэргэжилдээ амин хайртай, энэ мэргэжлийнхээ нэр хүндийг унагахгүй юм шүү гэж чин зүрхнээсээ хичээж явдаг надад бичвэрээ арилгах санал тавьж, "Та тэгээд хэдийг авах юм бэ?” гэж асуулгах хэмжээнд хүртэл улаан цагаандаа гарсан улстөртэй болсонд харамсаж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчид ийм ёсзүйгүй санал тавьж чадаж байгаа энэ үйлдэл өөрөө Монголын улстөр ямар бохир заваан болсныг л нотлон харуулж байгаа хэрэг.
Гуравдугаарт, намайг ямар нэгэн улстөрийн хүчин, эсвэл сонгуульд өрсөлдөгчөөс нь их хэмжээний мөнгө авчихаад ийнхүү дайрч байна гэх гүтгэлэг яриа гарч буйд харамсаж байна. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй юм гэж амьдралд зөндөө байдгийг ойлгохгүй болтлоо бид чинь доройтчихлоо гэж үү? Миний хувьд мэргэжлийн ёсзүй минь илүү үнэ цэнэтэй. Нэр бүтэн, мөр цагаан амьдраарай гэсэн өвгөдийн минь сургаал үнэ цэнэтэй. Зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим минь үнэ цэнэтэй.
Эцэст нь хэлэхэд Монголын төрд хоёр төрлийн хүмүүс өргөн олны саналыг авч түшээгээр сонгогддог болжээ.Нэг нь, эрдэм боловсрол, шудрага үнэнч зан, сайн чанараараа олонд таалагдаж сонгогдсон хүмүүс. Тэд цөөн байна, дэмжүүштэй, олон болгууштай. Нөгөө нь арга заль, аман мэх, муу аргаар төрд шургалаад монгол түмний заяаг харлуулж, Монгол төрийн дархлааг сулруулж амин хувийн ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьдаг хэсэг хүмүүс. Ямартаа л "Их муу хүн л улстөрд илүү өндөрт гардаг" гэсэн хэлц үг гарах билээ дээ. Тийм хүмүүс олон байна, цөөлмөөр, болж өгвөл бүр гаргаж ирмээргүй. Энэ бол сонгогч та бидний хариуцлагын асуудал...
Үнэнийг үнэгүйдүүлэх санаархалд өгөх миний хариулт ийм болой.
Урианхан Б.Галаарид
2016.06.08.