Шотланд ЕХ-ноос гарахыг хүсэхгүй байна
Европын Холбоонд /ЕХ/ Шотландыг үлдээхэд туслахыг ЕХ-ны албаны хүмүүсээс Шотландын Ерөнхий сайд хүсчээ.
Өнгөрсөн долоо хоногт явуулсан бүх нийтийн санал асуулгаар ЕХ-нд үлдэхийг шотландчуудын 62 хувь нь дэмжсэн нь ЕХ-ноос гарах гэсэн их британичуудын эрмэлзэлтэй зөрчилдөж байгаа юм.
Ерөнхий сайд Никола Стургеон хэлэхдээ "Шотландыг ЕХ-ноос гаргахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гээд "ЕХ-ноос гарахгүйн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна. Тухайлбал, Их Британиас салж, тусгаар тогтнох асуудлыг хөндөнө” гэсэн байна.
Лхагва гарагт хатагтай Стургеон ЕХ-ны Парламентын Ерөнхийлөгч Мартин Шульц болон Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нартай Бельгийн нийслэл Брюссель хотноо уулзжээ.
Тэрбээр уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ "маш нааштай хариу авлаа” гэсэн байна.