Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдын асуудлыг маргааш УИХ-аар хэлэлцүүлнэ
Өчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн. Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд Ж.Эрдэнэбатыг томилох саналаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулсан байна. Энэ дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахгүй байх хуулийг намууд зөвшилцөөд ойлголцсон байгаа. Би Ерөнхий сайдаас бусад сайд УИХ-ын гишүүн байх шаардлагагүй гэсэн байр, суурьтай байгаа. Энэ байр, сууриа хатуу баримтална. Үндсэн чиг үүргийн яамдын сайд нараас бусад нь давхар албан тушаалгүй ажиллана гэж ойлгож байгаа шүү. Нэгэнт ард түмний шийдвэр гараад сонголт хийгдсэн учраас УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг даруйхан эхлүүлэх ёстой гэсэн бодолтой байгаа. Мэргэжлийн Засгийн газарт тухайн салбарт тавигдаж байгаа шаардлагыг хангаж ажиллахуйц хүн ажиллах ёстой. Өндөр шаардлагатай байх хэрэгтэй. Ёс зүйтэй байх ёстой. Хариуцсан ажлаа сайн хийж чаддаг байх ёстой. Хуулийг хэрэгжүүлдэг, тавигдсан үүрэг даалгавар, бодлогыг хэрэгжүүлэх чадвартай байх ёстой. Дараа нь хуулиар хүлээсэн тодорхой шаардлагуудыг хангах ёстой. Өнөөдрийн УИХ-ын бүрэлдэхүүн их онцлогтой. 76 гишүүнээс 65 гишүүнтэй байна гэдэг бол өнөөгийн эрх барьж, бодлого тодорхойлж байгаа улс төрийн хүчинд илүү хяналт хэрэгтэйг харуулж байгаа юм. Ялангуяа Засгийн газарт. Тийм учраас Засгийн газрын гишүүн нь УИХ-аас ангид байж чадвал тэр хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Хийх ажил маш их байна. Тийм учраас нэг хүн олон ажил биш хариуцсан ажлаа л сайн хийх хэрэгтэй. Энэ үүднээс давхар албан тушаал хашмааргүй байна. Хэрвээ өөрөө дэмжигдвэл их азтай Ерөнхий сайд болох нь. Учир нь АСЕМ эхэлж байна. Уг уулзалтанд оролцохоор 20 орчим орны Ерөнхий сайд ирж байгаа. Тэр хүмүүстэй гар бариад, танилцаад ажлаа эхлэнэ гэдэг бол их азтай. Наадам дуусаад бид хоёрын ажил эхэлнэ. Бид хоёр үүрээр ажиллаж эхлээд шөнө дунд амрахаар хувиартай байгаа. Би л гэхэд нэг өдөр 20 гаруй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүлээж авч уулзахаар байна. Иймэрхүү байдлаар бидэнд маш их ажил байна. Засгийн газраас ажил өгөөд ажлаа хийлгэчихсэн тэгсэн мөртлөө мөнгөө өгөөгүй олон гомдол байна. Тэр ажлынх нь мөнгийг өгөх хэрэгтэй. Хүмүүс халамж нэхэхээсээ илүү ажлын байр нэхдэг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй Б.Болороо гэх эмэгтэйн бичлэгийг би үзлээ. Бид хүнлэг байх ёстой. Аж, ахуй нэгжид 25 хүн дотор нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой. Ийм ч хуультай. Би мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахыг уриална. Энэ бол нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага. Бид хүн рүү гээ хандсан ажил хийх ёстой. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг багасгадаггүй баймаар байна. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан сүүлийн гарсан. Уг асуудлыг Засгийн газраас УИХ- руу оруулж хэлэлцүүлэх ёстой. Тэнд ажиллаж буй нэг ч хүний эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Үйлдвэрийн цаашид хэвийн ажиллах ёстой. Ард түмэн мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр дамжуулаад эрх баригчдын алхам бүрийг харж байгаа. Та бүхэн шилэн дээгүүр алхаж байгаа юм шиг л ил харагдаж байгаа. Буруу гишгэсэн алхам бүр чинь ард түмний ой санамжид үлдэнэ. Эхний хоёр жилдээ буруу үйл ажиллагаа явуулаад намынхаа хүмүүс, хамтарч ажилладаг эргэн тойрны хүрээлэгчид, ах, дүүгээ ажилд оруулдаг. Төрийн алба дахь ийм ёс зүйгүй үйлдийг зогсоомоор байна. Төрийн албанд орсон хүн баяждаг, иддэг, уудаг гэсэн ойлголтыг авч хаямаар байна. Ийм л байдал ажиглагдах юм бол ард түмний өгсөн итгэл борооны дараа татсан солонго шиг арилна. Эрх баригчид өөрчлөгдөж байна гэхдээ асуудал үлдсэн. Тэр асуудлыг шийдэх хүн бол Ерөнхий сайд. Ерөнхий сайдын асуудлыг маргаашдаа УИХ-руу оруулж батлуулна гэсэн бодолтой байна. Энэ сарын 18, 19, 20-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ байгуулахад онцгой анхаарах ёстой” гэлээ.
Харин Ж.Эрдэнэбат хамгийн эхэнд АСЕМ-тай холбоотой ажилд онцгой анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр хэллээ.
Т.Хулан
24tsag.mn
Сэтгэгдэл байхгүй байна.