Хар арьстнуудыг буудан хөнөөсөөр байгаа асуудлыг анхааралдаа авах ёстой гэв
Хар арьст залуучуудыг цагдаа нар хөнөөсөн хэрэг удаа дараа гарч байгаа нь бүх америкчуудын анхаарлаа хандуулах ёстой асуудал мөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.
Америкт өнгөрсөн 48 цагийн дотор цагдаа нар хар арьст хоёр залууг буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа Обама дээрх мэдэгдлийг хийжээ. Тэрбээр НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Польш улсад ирээд байгаа юм.
Филандон Кастиле гэх хар арьст залууг лхагва гарагт Миннесота муж улсын замын хажуугийн зогсоол дээр цагдаа нар буудан хөнөөсөн бол үүнээс нэг хоногийн өмнө Луизиана муж улсад Алтон Стерлинг гэдэг залууг хөнөөсөн байна.
Африк гаралтай америкчуудыг цагдаа нар буудан хөнөөж байгааг буруушаан өчигдөр орой АНУ даяар эсэргүүцлийн жагсаал болсон байна.
Хэд хэдэн хотод, тэдгээрийн дотор Даллас, Нью-Йорк, Чикаго, Вашингтоноос гадна сүүлийн хоёр хэрэг гарсан Лиузианагийн Бейтон-Руж болон Миннесотагийн Сент-Пол хотод эсэргүүцлийн жагсаал болжээ. Даллас хотод эсэргүүцлийн жагсаалын үеэр буун дуу гарч, нэг цагдаа шархадсан гэсэн мэдээлэл байна.
Ерөнхийлөгч Обама хэлэхдээ "америкчууд бидэнд одоогийнхоос ч сайхан амьдрах боломж бий. Хамгийн гол нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг үндсээр нь устгах хэрэгтэй” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "энэ бол зөвхөн хар арьстнуудын асуудал биш. Зөвхөн өнгөт арьстнуудын асуудал биш. Энэ бол бид бүгдээрээ санаа тавих ёстой Америкт тулгарсан асуудал. Шударга ёсыг эрхэмлэдэг, эрүүл ухаантай хүн бүр энэ асуудлыг анхаарах хэрэгтэй” гэж онцлон дурдав.
Статистик мэдээллээс үзвэл, 2015 онд АНУ-д цагдаа нар нийт 1152 хүнийг хөнөөжээ. Хохирогчдын 30 хувь нь хар арьстнууд байжээ.
АНУ-ын хүн амын 13 хувийг хар арьстнууд эзэлдэг юм. Хүмүүсийн аминд хүрсэн цагдаа нарын 97 хувь нь ямар нэгэн ял шийтгэл хүлээгээгүй байна.