Төрийн тахилгат хайрханууд
Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол өчигдөр боллоо. Харин Сутай хайрханыг тайх ёслол маргааш буюу долдугаар сарын 24-ний өдөр болно.
Тахилгын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар батлагдсан "Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам"-ыг баримтлан явуулах аж.
Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна. Иймээс төрийн тахилгат хайрхануудыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцох аж. Тэгвэл төрийн тахилгат хайрхануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
Алтай таван богдыг 2012 онд Төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг удаа тахихаар болжээ
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.
Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
Анхлан 1956 онд Монголын уулчид авирч түүнээс хойш 700 гаруй уулчин авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.
1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг Төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг удаа тахихаар болсон билээ.
Алтан Хөхий хайрхан уулыг 1760 оны үеэс ихэс дээдсийн зарлигаар тайн тахиж ирсэн уламжлалтай
Алтан Хөхий хайрхан нь Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан 60 мянга орчим га нутгийг хамарсан үзэсгэлэнт байгалтай, баруун аймгуудын олон ястнуудын шүтээн болсон уул юм. Энэ уулыг 1760 оны үеэс ихэс дээдсийн зарлигаар тайн тахиж ирсэн уламжлалтай болохыг түүх сударт бичиж үлдээжээ.
Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа шүтэн дээдэлдэг өвгөдийн заншлыг уламжлан баруун монголчуудын шүтээн болсон Алтан Хөхий уулыг Төрийн тахилгатай болгох Ерөнхийлөгчийн зарлиг 2012 онд гарснаас хойш энэ уулыг тахих болсон.
Алтан Овоо 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог Төрийн тахилгат уул болгосон байна
Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог 1354 м өндөр унтарсан галт уул. Мөн Дарь-Овоо, Алтан Дарь Овоо хэмээн нэрлэдэг.
Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн. Галт уулсын хүрмэн чулуу их. Амсар нь баруун хойшоо сэтэрч урсчээ. Харьцангуй өндөр нь 100м боловч аль ч талаасаа их алсаас (60км-ээс) сүр бараатай харагддаг сайхан галт уул. Алтан Овоо уулыг бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгосон Монголын их тахилгатай уулсын нэг юм. Энд орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог Төрийн тахилгат уул болгосон юм.
Богд Хан уул 1996 онд ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч байв
Богд Хан уул нь 1778 онд Богд хаант Монгол Улсын үед дархлагдаж байсан, дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар юм. Богд Хан уулыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богд Хан уулыг дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 оны 05 дугаар сард ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгож байжээ.
Бурхан Халдуныг 1995 онд Төрийн тахилгат уул хэмээн нэрлэжээ
Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэн голын баруун талын нэгдүгээр цутгал гол болох Богдын голын эхэнд хойд өргөрөгийн 48045ґ43”, зүүн уртрагийн 109000ґ30”-ын солбицолд, д.т.дээш 2361.5 метрийн өндөрт оршдог.
Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ. 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг газар тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг.
1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх санал боловсруулан хүргүүлэх тухай зарлиг гаргасан.
Бурхан Халдун уулын төрийн тахилгын ёслолыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр, засгийн болон орон нутгийн удирдлагууд, уул усаа бахдан шүтэж байдаг ард түмэн уламжлалт тайлгыг үйлдсээр байна.
Говь Гурван сайхан хайрханыг 2012 оноос Төрийн тахилгат хайрхан болгожээ
Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайхны нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм.
Энэхүү байгалийн цогцолборт газрын нэгээхэн хэсэг Зүүн Сайхан Ууланд байрлах мөсөөр хучигдсан хөндий Ёлийн амыг хамгаалахаар анх 1965 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Манай орны томоохон байгалийн цогцолборт газарт ордог.
1993 онд Монгол Улсын Их хурлаар тус байгалийн цогцолборт газар нутгийн хэмжээг Хонгорын элс, Палентлогийн олдворуудын нутаг Нэмэгт, Хэрмэн цав, Зулганай голын хөндийг хамруулан өргөтгөсөн. Хонгорын элс ойролцоогоор 160 гаруй км урт үргэлжилдэг нь Азидаа хамгийн урт элсэн манханд тооцогддог.
Төрийн их хүндэтгэл, ёслол тайлгын ажиллагаа нь "Монгол туургатны үүрдийн их шүтээн Монгол Алтайн нурууны үргэлжлэл Говь гурван сайхан хайрханы оргил Их тахилгат хэмээх энэхүү хайрханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 153-р тоот зарлигаар Төрийн тахилгат хайрхан болгож, таван жил тутамд тахиж байхаар тогтсон билээ.
Хан-Хөхий хайрханыг 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ
Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм.
Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг заагладаг.
Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыг монголчууд эртнээс тахиж иржээ
Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, "Сүмбэр уул”, "Очирваань хайрхан”, "Цаст цагаан уул”, "Отгонтэнгэр”, "Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг "Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг "Очирвааний орон”, Хөгнө ханыг "Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна.
Отгонтэнгэр хайрханыг "Очирваань” бурхны орон буюу Богд Очирваань хайрхан хэмээн нэрлэх болсон нь Монгол дахь Буддын шашны гурав дахь их дэлгэрэлтийн үе буюу 1585 оны хавиас эхтэй. Очирваань бурхныг арван хангал дотроо төдийгүй бүх ядам бурхдын дунд гойд хүч чадлаараа нэрд гарсан тул "чадал хүч” хайрлагч хэмээн шүтэх явдал XVI зууны сүүлчээс монгол орноо үлэмж дэлгэрсэн байна. Түүнчлэн Очирваань бурхныг "Монголыг даасан ядам” гэж эрхэмлэн үздэгтэй холбоотой Отгонтэнгэр уулыг "Очирваань бурхны орон” гэх буюу эзэн нь "Богд Очирваань” гэж монголчууд билэгшээж тайж шүтсээр ирсэн уламжлалтай.
Монголчууд эрт дээр үеэс газар дэлхийг бие цогц болгон "эх газар” хэмээн нэрлэж шүтээн болгож уул хайрханыг тахилгын орон болгон дээд тэнгэрийг "шүтээн эзэн” хэмээн тахин шүтсээр ирсэн нь уулын эзэн лус савдаг, хан тэнгэртээ өргөл даатгалаа өргөж тэр жилийн буян заяаг даатгадаг зан үйл уламжлагдсаар ирсэн. Буддизм дэлгэрснээс хойш "тэнгэр тайх” бөөгийн зан үйлийг хэлбэрийн хувьд төдийгүй агуулгын хувьд таацуулан өөрийн өвөрмөц нийлмэл зан үйлийг бий болгоод "уулын тэнгэр тайх” тайлга нь төр, шашны хосолмол хэлбэрийн ёслол болон бидэнд уламжлагджээ. Тайлгат уулсыг бурхны орон гэж үзээд Хэнтий ханыг "Намсрай бурхны орон”, Хөгнө ханыг "Улаан сахиусын орон”, Отгонтэнгэрийг "Очирвааний орон” гэж шүтсээр ирсэн байна.
2008 онд Сутай хайрханы анхны тахилгыг хийсэн байна
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна.
Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий.
Сутай хайрхан уулын ихэнх хэсэг нь Говь-Алтай аймгийн нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хаяагаа тэлж тогтсон хайрхан юм. Хан буурал Алтайн хамгийг тольдогч арван гурван мөнх цаст оргилын нэг нь Сутай хайрхан уул юм.
Суварга Хайрханыг 2007 онд ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгожээ
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. Хангайн уулархаг мужид багтах уул юм.
Тус хайрхан нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм.
Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай. 2007 онд ерөнхийлөгчийн зарлигаар Суварга хайрхан уулыг төрийн тахилгат уул болгосон байна.
Сэтгэгдэл байхгүй байна.