Отгонтэнгэр хайрханыг өнөөдөр тахина
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол өнөөдөр болно. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг "Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ нөхөн сэргээх ажил хийхээр болсон байна. Мөн тахилгын үйл ажиллагааг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж төлөв төвшин хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг аймгийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгожээ.
Ийнхүү Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахисаны дараа Сутай хайрханыг тайх ёслол долдугаар сарын 24-ний өдөр болох юм. Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна. Иймээс төрийн тахилгат хайрхануудыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцох юм.
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4000 гаруй метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий. Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршдог ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.