Арьс арчлахдаа гаргадаг 15 алдаа
1 Буруу бүтээгдэхүүн сонгох
Мэдээж бид хамгийн түрүүнд өөрсдийн арьсанд тохирох зөв бүтээгдэхүүнийг сонгох ёстой. Хүмүүс ихэвчлэн бусдын амнаас сонссоноороо л гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг сонгодог бөгөөд энэ нь таны арьсанд тохирохгүй байж мэднэ гэдгийг мартаж орхидог. Иймээс та хамгийн түрүүнд өөрийн арьсыг тодорхойлуулах хэрэгтэй. Ингэснээр өөрт тохирох хамгийн зөв бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэх боломжтой болох юм.
2 Нарны тос хэрэглэдэггүй
Зун цагт хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн бол мэдээж нарны тос байдаг. Хэрэв та эмзэг арьстай нэгэн бол байнга хэрэглэж байхыг зөвлөе. Энэ нь нарны цацрагаас ялгарах хэт ягаан туяанаас таны арьсыг хамгаалж, гэрэлтсэн, зөөлөн хэвээр хадгалдаг юм. Эс бөгөөс нар арьсыг түлж, гэмтээн, үрчлээс тогтоож, толботой болгодог билээ.
3 Арьс хуурайшуулах бүтээгдэхүүн
Тослог арьстай хүмүүс ихэвчлэн арьс хуурайшуулах орц болох сульфат, архи зэргийг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Гэхдээ үүнийг тохируулж хэрэглэхгүй байх аваас арьсыг тань хэт хуурайшуулж эхэлнэ гэдгийг санаарай. Иймээс та зарим тохиолдолд усан үзмийн үрны тос агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж, арьсныхаа тослогыг тэнцвэржүүлээрэй.
4 Чийгтэй арьсан дээр тос түрхэх
Зарим хүмүүс нүүрээ угаасны дараа бага зэргийн чийгтэй, устай байхад нь тос түрхдэг. Үүнийгээ арьсаа чийгшүүлж байна хэмээн буруу ойлгож явдаг боловч эсрэгээрээ арьсыг гэмтээж байдаг гэдгийг мэддэггүй юм. Харин та нүүрээ сайтар арчиж, хатаагаад тос, чийгшүүлэгч зэргээ түрхэн хэрэглэх нь усгүй байсан ч арьсанд тань хангалттай их чийгшлийг өгч чадах аж.
5 Хэт их хөөстэй цэвэрлэгч хэрэглэх
Энэ нь мөн л таны арьсны онцлог байдлаас хамаарах боловч хэт их хөөс хэрэглэж, нүүрээ угаах нь хор хөнөөл ихтэй. Хуурай арьстай бүсгүйчүүдийн тухайд аль болох хөөс, савангаас татгалзаж, сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэх нь тохиромжтой юм. Харин тослог арьстай бол хөөсийг тогтмол хэрэглэх нь тустай бөгөөд энэ нь нүүрэн дээр элдэв батга, толбо гарахаас сэргийлж, нүүрний тослогийг тэнцвэржүүлж байдаг.
6 Хэт халуун, хэт хүйтэн ус
Арьсыг цочроохуйц хэт халуун эсвэл хэт хүйтэн усаар нүүрээ угаах нь тун ч буруу үйлдэл юм. Энэ нь арьсыг гэмтээх эх үндэс нь болдог бөгөөд өнгийг нь алдуулахаас авахуулаад эрсдэл өндөртэй. Иймээс та тогтмол бүлээн усаар нүүрээ угаах ёстой. Учир нь бүлээн ус таны нүүрийг амрааж, зөөлрүүлдэг аж.
7 Хэт их нунтаг энгэсэг хэрэглэдэг
Ихэнхи бүсгүйчүүд халуун өдөр нунтаг хуурай энгэсэгийг илүүд үзэн сонгох нь элбэг. Мэдээж энэ нь шингэн кремээс илүү нүүрийг гялалзсан, толигор харагдуулж чаддаг юм. Гэхдээ тунг нь тааруулж байхгүй аваас арьсыг тань хормын төдийд гэмтээж, хорсгож мэднэ.
8 Зовхио арчилдаггүй
Зовхи болон нүдний доод хэсэг нь нимгэн, эмзэг арьстай байдаг тул биднээс үргэлж онцгой анхаарал халамж шаарддаг. Харин бид үүндээ анхаарал хандуулж, халамжлах тал дээр бага зэрэг маруухан байдаг нь нууц биш. Жаахан л буруу тос хэрэглэх, арчлахгүй байх тохиолдолд түргэн хугацаанд үрчлээтэх гэмтэй. Тиймээс та тогтмол анхаарч, доороос дээш чиглэлтэй тосоо түрхэж хэвшээрэй.
9 Уруулаа мартаж орхидог
Бид өдөр тутамдаа нүүрээ угааж, арчилдаг боловч уруулаа ор тас мартаж орхидог. Хэрэв та нүүрээ угаахдаа урууландаа хөөс хүргэх аваас дорхноо хагарч, хуурайшдаг гэдгийг анзаарсан уу? Энэ мэтчилэн бидний хайхрамжгүй байдлаас болж уруул маань үргэлж хохирч байдаг тул бага зэргийн анхаарал тавьж уруулын бальзам түрхэж, чийгшил өгч байх нь зүйтэй юм.
10 Дэрэндээ нүүрээ нааж унтах
Мэдээж өөрт хамгийн тухтай байрлалаар унтах нь зөв амралт болж чаддаг ч нүүрээ дэрэндээ нааж унтдаг бол энэ нь мөн л алдаа юм шүү. Нүүр тань амьсгалж, өөртөө хүчилтөрөгч хуримтлуулж чадахгүй болох төдийгүй үрчлээ үүсэх өндөр магадлалтай болно. Гоо сайханд золиос хэрэгтэй гэдгийн адилаар гоё хөөрхөн болмоор байвал та тэрхүү зуршлаасаа ангижрах хэрэг гарах нь байна шүү.
11 Тосоо буруу түрхдэг
Нүүрэндээ хэдий сайн чанарын тосыг түрхэж байгаа ч буруу чиглэл, аргаар түрхэх нь тус биш ус болж хувирна. Зурагт үзүүлсний дагуу түрхэх нь арьсанд иллэг болж өгөхөөс гадна арьсыг тэнийлгэж, үрчлээнээс сэргийлж байдаг юм.
12 Дэрээ солихгүй байх
Та 3-4 хоноод дэрний уутаа солин, угааж хэвшээрэй. Учир нь та дэрэндээ шөнийн турш өөрийн ч мэдэлгүй нүүрээрээ наалддаг тул элдэв бактери, нян арьсанд тань нэвчин орж байгаа гэсэн үг. Мөн дэр ихэвчлэн хөлстэй бохир байдаг тул тогтмол цэвэрлэх нь гарч болох эрсдлээс таны арьсыг хамгаалах юм.
13 Тоник хэрэглэдэггүй
Та нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч түрхэхээс өмнө тоникоор нүүрээ арчих нь хамгийн зөв алхам. Энэ нь арьсан дахь илүүдэл тослогийг үгүй хийж, нүх агшаахаас гадна чийгшүүлэх тосыг арьсны гүнд сайтар шингээхэд тус болдог юм.
14 Байнга нүүрэндээ хүрдэг
Хүний гар байнга л бохир зүйлсэд хүрч байдаг тул өөртөө маш их нянг агуулж явдаг. Харин та энэхүү нян, бактерийн үүр уурхай болсон гараараа нүүрээ хэт их оролдох хэрэггүй. Энэ нь нүүрэн дээр батга гарах гол үндэс болдог тул аль болох цааргалж, үйлдлээ хянаж байвал зохилтой.
15 Түргэн хоол хэт их идэх
Нүүрэн дээр батга гарж, өнгөө алдах нь ходоодтой нягт холбоотой байдаг. Таны юу идэж ууж байгаагаас, гоё сайхан харагдах тань шууд хамаарна. Ялангуяа түргэн хоол ихээр идэж, ходоодны шархлаа үүсгэх нь шууд л нүүрэн дээр тань илэрч, батга болон гарч ирдэг. Тиймээс та юу идэж байгаагаа сайтар судалж, гоо сайхан эрүүл мэнддээ анхаараарай.
Сэтгэгдэл байхгүй байна.