Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч битгий зүүгээрэй
Урин дулаан цагт иргэд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нь ихэсдэг. Харин замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртөх эрүүл мэнд болон амь насаараа хохирох хэрэг гарсаар байна.
Тухайлбал, энэ он гарсаар эхний 7 сарын байдлаар унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож яваад машинд мөргүүлж амиа алдсан хоёр хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, нэг нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 43 настай эрэгтэй Г нь машинд мөргүүлж амиа алдсан бол, нэг нь 13 настай хүүхэд байжээ.
Харин унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож байгаад машинд мөргүүлж шүргүүлэх, эсвэл машины араас өөрөө орж бэртсэн 7 хүн байна. Хамгийн эрсдэлтэй нь манайхан унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүдэг нь буруу юм. Тэгээд араас нь машин сигналдах, хажуугаар нь машин хурдтай орж ирэхийг мэдэхгүй, хайнга хэнэггүй явж байгаад мөргүүлдэг байна.
Ер нь дугуй унасан хүн өөрөөсөө болж эрүүл мэнд амь насаараа хохирч байна гэсэн үг.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа унадаг дугуйтай хүмүүсийг харахаар чихэндээ чихэвч хийсэн харагддаг. Чанга дуу сонссон яваа хүн яаж машины чимээ чагнах билээ дээ. Тиймээс эрүүл мэнд амь насандаа анхаарч хариуцлагатай байж чихэвч битгий зүүж байгаарай. Манайд л ингэдэг болохоос олон улсад чихэвч зүүж унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог юм байна. Тэр ч бүү хэл явган хүний гарцаар ногоон гэрлээр гарахдаа малгайтай цамц өмссөн байвал малгайг нь буулгаж замаар гарахыг зөвлөдөг ажээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.