Ээлжит бус чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 25-ны өдөр буюу пүрэв гаригт хуралдуулна гэдгээ УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр мэдэгдлээ. Хуралдаанаар 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник хэрэгсэл, сонгуулийн зардал дээр 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах талаар хэлэлцэх юм. Мөн өмнөх УИХ-аар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг төлөвлөсөн бөгөөд 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, улс орны эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн энэ оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүд, Ю.Цэдэнбал агсны 100 насны алдар гавьяаг мөнхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
Эдгээрээс хамгийн чухал нь төсвийн асуудлууд юм. Эдийн засагт "улаан гэрэл” асч, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөө ч өгч чадахгүй хэмжээнд хүрч буй өнөөгийн нөхцөлд нэн тэргүүнд төсвийн асуудлуудыг хэлэлцэж зөвөөр шийдвэрлэх нь чухал байна. Цаашилбал гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө босгох ажлуудыг дэс дараатайгаар шийдвэрлэх шаардлагатай байгаа билээ.
УИХ дахь АН-ын бүлгээс чуулганы хуралдааныг яаралтай хуралдуулж эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэхийг шаардсан билээ. Тус бүлгийнхэн эдийн засгийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзэж буй. Мөн нийгэмд улс орны эдийн засгийн байдлын талаар буруу мэдээлэл цацсан Ерөнхий сайд, Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм. Гэхдээ АН-ын бүлгийн хүссэн шиг зүйл тийм амархан шийдэгдэхгүй болов уу. УИX-ын дарга М.Энхболд өчигдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзах үеэрээ ирэх дөрвөн жилд нийгэм, эдийн засгийн амаргуй цаг үед ажиллах талаар онцлоод энэ долоо хоногийн сүүлээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан, тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйг хэлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.