Төсөв гацаанд орох уу
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл чуулганаар хэлэлцэх асуудлыг баталж, нэг сар завсарлуулаад байсан чуулганы нээлтийг өнөөдөр хийхээр товлоод байгаа. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын энэ долоо хоногийн дараалалд төсөвтэй холбоотой асуудлуудыг оруулаагүй нь төсөв гацаанд орох вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа аж.
Учир нь хаврын чуулганаар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж батлах тухай холбогдох хуульд заасан. Ийнхүү төсвийг хэлэлцэн баталснаар ирэх оны төсвөө боловсруулах нөхцөлийг парламент бүрдүүлж өгдөг учиртай юм. "Төсөвтэй холбоотой асуудлууд энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт аль нь ч тусгагдсангүй. Төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаар долдугаар сарын 1-нээс эхлэн төсөвт байгууллагууд ирэх оны төсвөө боловсруулж эхлэх учиртай. Гэвч энэ ажил дээр саатал, тасалдал гарч байна. Байнгын хорооны хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдлийн эхний хэлэлцүүлэг хийсэн. Одоо эцсийн хэлэлцүүлгийг УИХ хийх үлдээд байна. Хоёрдугаарт, өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг батлах хуулийн зохицуулалттай. Засгийн газар өнөөг хүртэл 2015 оны төсвийн гүйцэтгэлийг өргөн бариагүй байна. Тиймээс хэлэлцэгдэх нөхцөл бүрдэхгүй байна” гэж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан мэдэгдээд буй.
Гишүүдийн ирц нь бүрдэж хуралдах эсэх нь ч тодорхойгүй байгаа чуулганаар амжиж дээрх хуулийн төслүүдийг батлаагүйгээс болж төсөвт байгууллагууд ирэх 2017 оны төсвийн төслөө боловсруулж чадахгүйд хүрч ч болзошгүй байна.
Д.ЖАРГАЛ
Сэтгэгдэл байхгүй байна.