Татвар нэмэхтэй холбоотой хуулийн төслүүдийг санаачлагчид нь буцаахыг дэмжив
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.09.06/ хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар эхлээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асуух болон зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжсэн.
Дараа нь Засгийн газар санаачлан боловсруулж 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлээд байсан Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн нэрийг Зарим бараанд ногдуулах экспортын татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголыг хамт өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай;Тогтоолд өөрчлөлт оруулах тухай; Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт гаргаагүй юм. Харин тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан болон Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодоор хэлэлцээд ирүүлсэн зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй саналуудаар санал хураах явцад ажлын хэсэг болон санал гаргасан гишүүдээс асуулт асууж, тодруулга авч байв.
Ингээд байнгын хороо хэлэлцүүлгийн явцад санал гаргаагүй хуулийн төслүүдийг багцалж анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг дэмжиж, зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн хуулийн төслүүдийг санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ.
Хуралдааны төгсгөлд 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан хууль санаачлагч болон Төсвийн байнгын хорооноос хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргахаар байгуулагдсан ажлын хэсгээс асуулт асуух гишүүн гараагүй тул ажлын хэсгээс гаргасан татвар нэмэхтэй холбоотой хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо. Харин дээрх хуулийн төслүүдийн татвар нэмэхээс бусад хуулийн төслүүдийн тухайд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.