Д.Төмөр-Очир агсны гэргий С.Нинжбадгар: Ганц манай өвгөнийг биш олон хүнийг хядсан шүү дээ, Гэвч одоо хэр нь буруугаа хүлээхгүй
Монголын төр хатуудаа хатуурхаж явсан үе бий. Нам төрийн нэрт зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очир агсныг ТХ-ны дарга байхад нь эсэргүү болгон зарлаж, бүх ажил албанаас нь буулгаж, бүхэлдээ 23 жилийн турш цөлж хавчиж хэлмэгдүүлж байсныг мартаад орхих учиргүй байх. Эргэн сануулахад, 2006 онд биднийг дээр дооргүй Эзэн Чингисийн 800 жилийн ой гэж хөөрч байхад үүнийг хамгийн анх санаачилснаасаа болж хэлмэгдсэн Д.Төмөр-Очир агсны 85 насны ой давхцсан байдаг юм. Тэгвэл удахгүй төгсөх гэж байгаа энэ 2016 он үүний 95 насны ой тохиож байгаа аж. Тэрээр олон жилийн турш хэлмэгдэж амьдарсны эцэст 1985 оны 10-р сарын 3-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан билээ. Ингээд Д.Төмөр-Очир агсны гэргий Монголын анхны одон оронч С.Нинжбадгартай есөн жилийн өмнө уулзаж ярилцаж байснаа уншигчдадаа хүргэж байна.
-Төмөр-Очир агсан хамгийн анх Чингис хааны ойг тэмдэглэхийг санаачилж, түүнээсээ болж хэлмэгдэж байсан. Харин өнгөрсөн жил их ойн хүрээнд энэ бүхний эхлэлийг нь тавьсан ханийг тань ер дурссангүй. Уг нь 85 насных нь ой давхар тохиож байхад нам гүм байгаа нь таньд нэг юм бодогдуулж байгаа байх?
-Тийм ээ. Тэр тухай УТТ-ны тогтоол гарч манай өвгөн Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэхэд нэлээн хариуцлагатай ажилласан. Ойн хүрээнд дэлхийд хамгийн анхны Чингис хааны хөшөөг төрсөн нутагт нь босгосон. Гэвч Цэдэнбал гуай Оросын үгнээс гарах биш, Орос л дургүйцсэн байх даа. Чингис гэж хэлэхээсээ айдаг байсан цаг шүү дээ. Цэдэнбал гуай бол Чингисийг ерөөсөө ч үзэхгүй. Сүүлдээ тэр бүгдийг өвгөн дээр тохоод албан тушаал, сонгууль бүгдийг нь авч хаяад улс төрийн хэлмэгдэлтэнд өртөж бидний хотоос зайлуулаад цөлж байгаа юм. Эхлээд өвгөнийг Баянхонгорт барилгын конторын даргаар явуулахад нь миний ажил дээр Германаас мэргэжилтнүүд ирж дуран тавих гэж байсан болохоор би дагаж явж чадаагүй. Өвгөн маань тэнд бас нэг байгууллагын дарга юм чинь хурал цуглаан болохоор нь очно биз дээ. Тэгэхэд нь зарим албан тушаалд дуртай юмнууд нүд үзүүрлэж, элдэв янзаар нь хэлдэг байсан юм билээ. Бидний толгойг мэддэг хүн нь Цэдэнбал болохоор Баянхонгороос хөөгөөд наашаа ирж Гэгээрлийн хэлтэст ажиллаж байсан. Тэгээд л цааш цаашаагаа цөлөгдөж явсан даа. Өвгөн маань анхны академичдын нэг шүү дээ. Тийм болохоор 80 насны ойг нь академиас санаачлаад хийсэн. 85 насных нь ой дээр ядахдаа хурал хийх байлгүй гэж бодсон. Юу ч хийхгүй л байна лээ. Бид нэг их хөөцөлдөөгүй. Академи ч хөдлөөгүй. 80 насан дээр нь хийсэн боллоо гэж бодсон юм байлгүй.
-Таныг Монголын хамгийн анхны одон оронч гэдгийг мэднэ. Нөхрийг тань ийш тийш цөлсөн ч, таныг болохоор хотдоо ажлаа хий гэдэг байсан гэж сонссон юм байна?
-Мэргэжлийн хүн цөөхөн байна гэж Төв хорооны зарим дарга нар хэлж л байсан. Гэвч Баянхонгороос буцаж ирснийх нь дараа Эвлэлийн төв хорооны дарга байсан Пүрэвжавтай муудалцсан хэргээр далимдуулан шийтгэж улсын прокурор руу шилжүүлчихсэн. Арай ч тэгж болохгүй л байсан байх. Тэгээд нөгөө Лоохуузын бүлэглэлийн хэрэг гараад, хамтруулж хөөгөөд, бид Хөвсгөлийн Ханхад очсон. Тэгэхэд нь би дарга нарт "Та нар өөрсдөө хүнээ олоод л тавина биз. Тэр газрын мухар руу нөхрөө яаж ганцааранг нь явуулж байдаг юм бэ?” гээд л ажлаа орхиод явсан даа. Тэнд гурван жил болох завсар хүнд өвчин тусаж хагалгаанд орлоо. Хүү гарлаа. Тэгээд Цэдэнбал гуайгаас "Биднийг дассан сурсан газар минь ойртуулж өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн. Энд ирсэн хойно ямар ажил өгөх вэ гэж гэж шийдэж Дарханд музейн даргаар явуулсан. Би политехникумд физикийн багшаар ирсэн.
-Дарханд бол жинхэнэ мөрдлөг, хяхалт хавчилтан дор амьдарч байсан гэсэн. Тэр болгон үнэхээр амаргүй байсан болов уу?
-Дарханд бид хаашаа ч явах эрхгүй хориод жил суусан. Намайг бол хорьсон хүн амьтан байгаагүй. Өмнөхөө бодвол гурван өрөө сайхан байшинтай, цахилгаан гэрэл, халуун хүйтэн ус гээд аятайхан байсан. Тэр тагнаж мөрддөг байсан үнэн. Ямар сайндаа манай яг зэргэлдээ айлын хананд чагнуур тавьчихсан. Манайд хэлж ярьж байгаа юм болгоныг хүн ирж сонсдог байсныг тэр айлын хүү сүүлд бичсэн байсан. Айлын авгай нар хүртэл чагнадаг байсан юм гэнэ лээ. Нөгөө Хөвсгөлөөсөө дордож, дандаа туршсан, дагасан, тагнасан дарамт их байсан. Өвгөн бол харж тагнаж байгааг нь андахгүй. Тэр сүүл явж байна гээд нөгөө улсуудаа ч таньдаг мэддэг. Яая гэхэв дээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байгаа юм. Их л хавчигдсан, тусгаарлагдсан хүн амьтнаас хөндий зожиг болж байгаа юм. Зайлуул. Дандаа л ард түмнээ бодоод "Миний Монгол болохоо байлаа. Оросод эдийн засагаа атгуулчихсан юм чинь улс төр юу байхав дээ гэдэг. Гэхдээ өвгөн маань холын бодол их сайтай хүн учраас цаг өөр болно шинэчлэл, өөрчлөлт эхлэнэ гэдгийг мэдэж байсан.
–Болох бүтэхгүй нэр зүүгээд цөлөгдөөд яваад байхаар найз нөхдийн хандлага ч өөрчлөгдөнө биз? Ингэхэд энд тэнд явахад ард түмэн их тусладаг байсан гэдэг?
-Хэлмэгдүүлээд зожиг болгочихож байгаа юм. Дарга нар ч дээрээсээ үүрэг даалгавартай л байсан байх. Ад үзэх янзтай юм бишгүй л баййна. Гэхдээ манайхаар орж гардаг хүн байсан. Зохиолч Чимэд бол дандаа ирнэ. Өвгөн "Чамайг харж байгаа шүү. Би чамайг хөөдчихнө шүү” гэхээр "Яадаг юм бэ? Хөөдвөл хөөднө биз” гээд тоох ч үгүй. Баахан ярьж, ярьж явдаг байсан. Бас Галмандах гэж зохиолч манайхаар очно. Тэгэхээр Яамны улсууд тосож уулзаж байгаад "Яах гэж очсон, юу ярьсан” гэж асуудаг. Тийм л байлаа. Ажлын оросууд бол бидний байдлыг тэр болгон мэдэхгүй. Тийм болохоор өвгөн маань "Өөрсдийнхнийгөө хөөдчихнө”гээд оросуудтай голдуу найзладаг байсан. Ер нь манай ард түмэн их сүрхий шүү. Бидэнд их элэгтэй сайн байсан. Уруудсан доройтсон, хавчигдсан хүнийгээ өрөвдөж хайрладаг ард түмний сэтгэл гэж байна. Албан тушаалд дуртай дэд дарга нар нь л хэцүү. Тэр үед ямар үнэн мөнийг нь ялгаж салгаж биш. Ханхад мал баазтай болохоор мал туусан тууварчид бидэнд "илүүдэхгүй шүү” гээд хонио ч, үхрээ ч өгнө. Ядахдаа санаа сэтгэлээр баясаад, үнэхээр том дэмжлэг юм шүү дээ. Нэг удаа бүр арваад хоньтой болсон байсан.
-Төмөр-Очир агсан өөрийг нь ингэж хавчиж гадуурхаж байгаад хэрхэн хандаж байв? Та л тэрийг мэднэ шүү дээ?
-Тэр бүгдийг Цэдэнбал л хийсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ Цэдэнбалыг муулахаар их дургүй. Би цаашлуулаад "Дөрвөд хүн хүн бишээ. Танай тэр Цэдэнбал чинь муу хүн юм даа. Өөрийнхөө унаган найзууд Лхамсүрэн, Ширэндэв хоёрыгоо ч өөрөөсөө холдуулаад хөөгөөд явуулчихлаа. Байр суурь, ширээ сандлаа авчих байх гэж тэднээсээ ухаан алдаж байхгүй даа” гэхээр л дургүй шүү. Тэр балайгаа өмөөрөх янзтай. Ямар сайндаа Цэдэнбал дурсамж бичүүлэх гэж байна гэнээ 50 оноос өмнөх Цэдэнбалыг бол би сайн мэднээ. Тэрийг нь биччих юмсан” гэж байхав дээ. Гэтэл ёстой нөгөө ёсгүй, мөсгүй хүн гэж Цэдэнбалыг л хэлдэг байх. Их цагаан цайлган, хүнд хар буруу, элдэв юм санадаггүй хүн байж. Бид хэд хэдэн удаа захидал бичсэн. Хариу ирэхгүй алга болно.
-Бас Хятадын талын хүн гэж их ярьж байсан байх аа?
-Цэдэнбал ч юм уу, хэн ч билээ санаачлаад өвгөнийг Хятад руу явуулсан. Тэр хойгуур нь өвгөнийг ажлаас нь авна. Тэгж явахдаа Мао Зэдунтай таарч гар барьсан. Тэгсэн сүүлдээ өвгөнийг Мао-той уулзсан Хятадын талын хүн гээд энд тэнд баахан яриа хийгээд явдаг байсан. Дараа нь Цэдэнбал зүтгэсээр байгаад өвгөнийг дахиж ажил дээр нь тавьсан. Нэг мөр унагаах гэж бодсон байх гэж одоо боддог юм. Өвгөн ч их урамтай ажиллаж байгаад хавар нь Чингисийн ой руу ороод л юм юм болсон. Чингисийн хөшөөг бүр 9 өрлөг, 2 загалтай нь том цогцолбор хийлгэнэ гэж байхад нь би дотроо айж л байсан. Харин сүүлдээ маш бат бөх хэн ч нурааж чадахгүй ганц хөшөө хийх гээд хийсэн шүү. Цэдэнбал хэд хэдэн удаа нураалгах гээд нутгийн иргэд эсэргүүцээд чадаагүй.
–Хань тань бусдын гарт амиа алдаад хорь гаруй жил болж байна. Тэтгэвэртээ гараад гэртээ сууж байсан хүнийг хөнөөх хэрэг хэнд байсан гэж та боддог вэ?
– "Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр айгаад л байсан юм байна лээ. Тэгээд л аминд нь хүрсэн. Өвгөн маань улсдаа нэр хүндтэй, ард түмэн хайртай хүн байсан болохоор Цэдэнбал түгшиж байсан юм байлгүй. 85 онд намайг хот руу өвчтэй ахыгаа дагаад ороод ирсэн хойгуур, гэртээ ганцаараа байж байхад нь тийм юм болсон. Эзэн олддоггүй бас их сонин. Тэр өдөр Дархан бүр сул болчихсон. Ганцхан дарга л байсан. Бусад нь байгаагүй. Прокурор нь ч байдаггүй. Сэргийлэхийн дарга нь ч тэр өдөр солигдсон, гэрт ч хүн байхгүй ийм л эгзэгтэй цаг байсан даа. Тухайн үед Зөвлөлтөд шинэчлэл гээд цаг үеийн байдал эгзэгтэй байсан юм. Өвгөн ч тэрэнд нэлээн баяртай "Байдал эргэлээ”гэж мэдэж байсан. Нэг тиймэрхүү л үе таарсан даа. Тэгээд өвгөний шарилыг аваад хот руу орж ирж, далан давхарт тавиад хөшөө босгосон.
-Та энэ хэргийг илрүүлж өгөөчээ гээд төр засагт олон удаа хандаад бүр цөхөрсөн байх даа?
-Хүнтэй ажиллаж болохгүй бол өөртэйгээ ажиллалаа гээд өглөө бүр гүйдэг, дасгал хийдэг тамирчин хүн байсан. Аюул өөр талаас гарч ирж байгаа юм. Хүний гарт амь үрэгдээгүй байсан бол өдийд хамтдаа байж л байгаа. Би бол үүнийг хувьсгалт нам л хийсэн гэж боддог юм. Өөр хэн хийх вэ. Ганц манай өвгөнийг биш олон хүнийг хядсан шүү дээ. Гэвч одоо хэр нь буруугаа хүлээхгүй. шалгаж чадахгүй байхгүй юу. Үнэхээр энэ нам шинэчлэгдэж байгаа юм бол олон түмний өмнө буруугаа хүлээх ёстой. Би "Өвгөний хэргийг учрыг нь олж өгөөчээ. Та нар тодорхой мэдэж байх ёстой. Мэддэг газар нь байна шүү дээ” гэж Багабанди ерөнхийлөгчид, Энхбаяр ерөнхийлөгчид ХЗДХ яаманд бичсэн. Гэвч "За ч үгүй, үгүй ч үгүй” таг болчихдог. Ийм л байна шүү дээ.
Э.Болорхажид
Сэтгэгдэл байхгүй байна.