”Хаан банк”-ны харилцагчийн данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болжээ
Орчин цагт бид бэлэн мөнгөө банкинд хадгалахыг илүүд үздэг болсон. Банкууд ч мөн хэрэглэгчдээ татахын тулд янз бүрийн шинэ үйлчилгээ нэвтрүүлж түүнийгээ сурталчилж буй. Тэгвэл банк таны мөнгийг найдвартай хадгална гэсэн баталгаа үгүй болж гэдгийг батлах нэгэн үйл явдал боллоо.
Тухайлбал, өчигдөр "Хаан банк"-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон байна. Түүний дансанд өчигдөр 15:49 минутад хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа зарлага хэлбэрээр гарчээ. Хоёр сая төгрөгийн зарлага хаашаа, яаж гарсан шилжсэн талаар буюу данснаас нь мөнгө гэнэт алга болсон асуудлаар харилцагч Д.Анхбаяр Хаан банкинд өөрийн биеэр хандан асуухад "Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Бид шийдэж мэдэхгүй учир цагдаад ханд” гэх хариуг өгчээ. Эзэн нь олдохгүй энэ хэргийн асуудлаар Д.Анхбаяр хууль хяналтын байгууллагад хандаад байгаа аж.
Хамгийн ноцтой нь "Хаан банк" нь харилцагчдынхаа дансыг найдвартай хамгаалж чаддаггүй гэдгийг энэ үйл явдал тод харууллаа. Битүүмжлэл сайтай, найдвартай, итгэлтэй гэх Хаан банкны харилцагчийн данснаас мөнгө ор, мөргүй алга болсон уг асуудал хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Танд ойрхон түмэнд итгэлтэй гэх уриатай нэг сая гаруй харилцагчтай тус банкныхан харилцагчийнхаа дансан дахь мөнгийг ингэж хамгаалж буй нь мэдээж шүүмжлэл дагуулах сэдэв. Иргэд өөрсдийн хүч хөдөлмөрөө шавхан, хоол нойргүй хонож олсон хэдэн төгрөгөө найдвартай аюулгүй газар хадгалуулахын тулд банкийг сонгодог. Гэтэл данснаас нь гэнэт мөнгө алга болж тэр нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй байгаа нь Хаан банкинд итгэж болох уу гэдгийг анхааруулж байх шиг.