"Мэтью" хар салхи Гаити улсыг дайран өнгөрлөө
Карибын тэнгисийн маш хүчтэй хар салхи Гаити улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрлөө. 230 км/ц-ийн хурдтай "Мэтью” хар салхины улмаас аадар бороо орж, аюултай давалгаа үүсч, шуурга болжээ.
"Мэтью” Гаити улсын баруун нутгийг дайран өнгөрөөд одоо Кубын зүүн эргийг чиглэн урагшилж байна.Хар салхины улмаас Гаитигийн өмнөд нутгийг нийслэл Порт-о-Пренс хоттой холбодог байсан гүүр нурж, зам хаагджээ.
Гаитигийн өмнөд эргийн Ле-Ке хотын орлогч дарга хэлэхдээ, хар салхинд өртсөн газар нутгийн нөхцөл байдлыг "гамшиг” гэж тодорхойллоо. Түүний ярьснаар, "Мэтью” хар салхины улмаас есөн хүн амиа алдаж, 70 мянган хүн үерт нэрвэгдэн, олон байшин барилгын дээвэр салхинд хуурчээ.
Мөн тус улсын хөрш Доминикан улсад хар салхины улмаас хөрсний нуралт болсноор дөрвөн хүн амь эрсэдсэн байна.
Гаити бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд тус улсад 11 сая хүн үерийн аюултай бүсэд амьдардаг ажээ.
"Мэтью” хар салхи Гаитид 2010 оноос хойших хамгийн том хүмүүнлэгийн хямралыг үүсгэжээ. 2010 онд тус улсад газар хөдлөлт болсны улмаас 225 мянга гаруй хүн амиа алдсан юм. Орон гэргүй болсон 10 мянга орчим хүн өдийг хүртэл хоргодох байранд амьдарч байгаа ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.