Баянголын засаг даргаар С.Одонтуяа СОНГОГДОНО гэж мөрийцөх үү?
УИХ-ын гишүүн С.Эрдэнийн шинэхэн нүүдэл Баянгол дүүргийн хэмжээнд сонгогчдын саналыг Ардчилсан нам руу эргүүлж, улс төрчдийн харааг эрхгүй булааж байна. Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болбол тус дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, дүүргийнхээ онцлогийг хамгийн сайн мэддэг, туршлагатай, нэр цэвэр улс төрч Салдангийн Одонтуяаг засаг даргаар сонгон ажиллуулахаар шийдвэрлэсэн гэдгээ С.Эрдэнэ гишүүн гэнэт зарласан нь Баянголчуудын дэмжлэгийг хүлээж, Ардчилсан намын рейтингийг огцом өсгөлөө. Тиймээс Баянгол дүүрэг энэ жил дахин цэнхэртэх нь бараг тодорхой боллоо. Гэхдээ дөрвөн жилийн дараа толгойгоо шааж, өөрийгөө хараан зүхэхгүйн тулд өнөөдрийн сонгуульд анализ хийж, дөрөвхөн асуултанд хариулж үзэцгээе.
Эхний асуулт… Баянгол дүүрэг гэхээр С.Эрдэнэ гэдэг нэр яагаад дагалддаг вэ?
Баянгол дүүрэгт 1996 оноос хойш улс төр хийж байгаа энэ хүн 20 жилийн турш бууриа сэлгэсэнгүй. 1996-2000 онд тус дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад 2000 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон тэрбээр хоёр удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн ч Баянгол дүүргийг орхилгүй улс төрийн карьераа үргэлжлүүлсэн нь өнөөдрийн амжилтынх нь суурь гэж би хувьдаа үздэг. Түүний толгойд Баянголыг орхих бодол хэзээ ч орж байгаагүй гэлтэй. Хүний өөрийн олон нохдод боорлуулан "тарчилж” явахдаа ч "Баянголын төлөө бол үхэж чадна шүү” гэж адарч байхыг нь харж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд АН засгийн эрх барьж байхад Монгол улсын хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж чадсан бүс нутаг бол Баянгол дүүрэг. С.Эрдэнэ гишүүн элдвээр гүтгүүлж, зүсэн бүрэн нэр хочийг өөртөө зүүж байж энэ хөрөнгийг Баянголын иргэдэд татаж өгч чадсан нь бодит үнэн. Тийм ч учраас Ардын нам парламентад 65 суудал авч түүхэн ялалтаа тэмдэглэж байхад Баянгол дүүрэгт С.Эрдэнэ гишүүн дахин сонгогдсон биз.
С.Эрдэнийн талаар улс төр судлаачид маш сонирхолтой үнэлгээ өгсөн байдаг. Түүний улс төрд амжилт олсон цор ганц зарчим бол "үнэнч” байх. Түүнд үнэнч зүтгэсэн хүн хэзээ ч хоосон хоцорч байгаагүй гэдгийг нам дотроос нь ч ил тод ярьдаг. Үүнийг нь өрсөлдөгчид нь хар пи ар болон ашиглах гэдэг ч эргээд С.Эрдэнэд оноо л нэмдэг. Яг энэ араншингаараа С.Эрдэнэ сонгогчдодоо ямагт үнэнч явсан улс төрч. Их улс төрд өдий зэрэгтэй бойжуулсан Баянголын иргэдэд үхтлээ үнэнч зүтгэх ганцхан хүн нь С.Эрдэнэ гэдгийг бидний өнгөрсөн түүх гэрчилж байна. Баянголчуудын саналыг авч, УИХ-ын зөөлөн сэнтийд заларч байсан олон улс төрчийн нэрийг дурьдаж болно. Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, одоогийн гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Форумын Д.Энхбат гээд гялгар гялтгар улс төрчид одоо хаана явна вэ. Баянголчуудын буянаар улсын их хуралд сууж, улс төрд байж болох хамгийн том албан тушаалд хүрсэн энэ хүмүүс дүүргийнхээ сонгогчид руу май гээд ганц тоосго чулуудсан уу?
С.Эрдэнийг идэж уух гэж энэ дүүрэгт хоргодоод байгаа гэх гүтгэлгийг эрх баригчдын пиарчид нийгэмд цацдаг. Тэгвэл Салдангийн Одонтуяа засаг дарга байх ёстой гэсэн түүний улс төрийн шийдэл нь хувийн эрх ашгийн төлөө биш, зөвхөн дүүргийнхээ хөгжил, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажилладгийг баталлаа. Тэгээд ч хөгжингүй улс орнуудад сонгуульд ялвал шилдэг улс төрийн зүтгэлтнээ албан тушаалд томилж ажиллуулна хэмээн зарладаг улс төрийн соёл аль хэдийнэ бүрдсэн байдаг. Түүнээс биш МАН-ынханы яриад байгаачлан сонгуульд нөлөөлөөд, сонгуулийн үр дүнг урьдчилан тооцоод байгаа хэрэг биш юм.
Удаах асуулт… Яагаад Салдангийн Одонтуяа Засаг дарга болох ёстой гэж?
УИХ-ын сонгуульд 65 суудал авч бялуурсан эрх баригчид бүхнийг хүч түрэн шийдэж эхэлснийг сонгогчид харж байна. Тэд сайн бүхнийг зогсоож байгааг сохор хүн ч харж, дүлий хүн ч сонсож байна. Намчирхал талцлын хамгийн том жишээг Монголын түүхэнд МАН харуулж чадлаа. Төрийн залгамж халаа гэдэг зүйл өнөөдөр эцэс болж байна. Өмнөх аль ч засгийн үед зөв зүйтэй ажлуудаа дараагийн засгийн газар нь үргэлжлүүлээд явдаг байлаа. Харин энэ удаад бүгдийг үгүй хийв. Ямар ч хяналтгүй болсон засаг төрийн эрхэнд байгаа МАН-ын дарга нар зөвхөн улс төрийн хонжоо хайж, улс орны эрх ашгийг уландаа гишгэлээ. Тиймээс орон нутгийн сонгуулиар хязгааргүй эрх мэдэлтэй эрх баригчдад өчүүхэн ч гэсэн хяналт тогтоохгүй бол энэ улс орныг юунд хүргэхийг таашгүй. Өлөн чоно хоттой хонь руу дайрах мэт эрх баригчдын аяглал нүдэнд ил цагаан байхад, одоо л хяналт тогтоохгүй бол монголчууд бид муу жишиг бүрээ дахин давтахад хүрлээ. Ийм хяналтыг тогтоохын тулд нийслэлийн дүүргүүдээ Ардчилсан намд өгөх ёстойг иргэд ухаарч эхэлжээ. Баянгол дүүргийн хувьд сайн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, эрх баригчдад хяналт тавьж чадах хамгийн зөв сонголт нь яах аргагүй УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа харагдаж байна. Тийм учраас С.Одонтуяа Баянголын засаг дарга болно гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.
Дараагийн асуулт… Баянгол дүүргийг бизнесийн бүлэглэлд өгч болох уу?
Баянгол дүүргийн ИТХ-ын хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг Оргилын тодотголтой УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэр дэвшүүлэн, сонгуулийн штабыг нь удирдаж байна. Сулхан дуутай, турьхан намтартай энэ эрд "маш их мөнгөтэй” гэхээс өөр тодотгол одоохондоо байхгүй. Гадаад худалдаа эрхлэгч бизнесменүүдийн ярьж байгаагаар гадны компаниудаас авсан асар их зээлэн дунд эргэлдэж, бизнесээ явуулдаг энэ хүн гэнэт л улс төрд ороод ирлээ. Түүнийг бизнесийн шархаа нөхөх гэж улс төрд орж ирсэн гэдэг яриа одоо ч амь бөхтэй оршсоор байгааг зүгээр орхиж болохгүй мэт. Яг үнэндээ тамтаггүй их мөнгө хаяж, МАН-ын фононд чирэгдэж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Ганбаатар тангараг өргөснийхөө маргаашнаас Баянгол дүүргийн МАН-ын хороог хоёр хувааж, мөнгөөр хүч түрэн булаан эзэлснийг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян гуай тоо баримт, өдөр цагаар нь гэрчлэн бичсэнийг олж уншлаа.
Мөнгө улаан, нүд цагаан болсон энэ цагт Ж.Ганбаатарын гарт Баянгол дүүргийн Монгол ардын намын хороо хамгийн хямдхан охин компанийнх нь дайтай ороод ирчихжээ би ойлгосон. Дөнгөж сая улс төрд орж ирсэн энэ залуу яасан их яарна вэ. Одоо түүний дараагийн бай Баянгол дүүрэг болж таарав уу. Ж.Ганбаатар орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд улс төрийн болон мэдлэг боловсролын шалгуур тавиагүй нь харагдана. Харин компанийнхаа гүйцэтгэх захирлаас эхлээд өөрийгөө үг дуугүй дагах хүмүүсийг МАН-аас Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлжээ. Дур зоргоороо аашилж буй Ж.Ганбаатарын энэхүү үйлдэл нь маш том мөнгө үнэр авчихаад улангасан дайрах олигархуудыг л санагдуулж байна. Хаанаас хэзээ орж ирсэн нь үл ойлгогдох, хэзээ гараад явчих нь тодорхойгүй их мөнгөний хүчинд 200 мянган иргэний хувь заяаг даатгаж авч болох уу. Баянгол дүүргийн ядарсан иргэдийн амьдрал Зайсанд тухалж, гадаадын том гаруудтай панз үсэргэдэг их гарын наймаачинд ямар хамаа байна аа. Ж.Ганбаатарыг Баянголын төлөө С.Эрдэнэ шиг ажиллаж чадна гэж Та хэлж чадах уу. Яг ийм учраас Баянгол дүүргийн Монгол ардын намын хорооны хувь заяаг эрх баригчид зөнд нь орхисон байж мэднэ.
Сүүлийн асуулт… С.Одонтуяа биш бол өөр хэн гэж?
Эхний гурван асуултанд хариулсны дараа хамгийн сүүлчийн асуултанд хариулах тийм ч хэцүү биш боллоо. Бодит нөхцөл байдлыг дүгнэж харцгаая. Улс төрийн арвин туршлагатай, дүүргийнхээ ажил амьдралын талаарх гаргуун мэдлэгтэй, нэр цэвэр С.Одонтуяаг Баянголын засаг дарга болно гэхэд олон хүнд итгэл үнэмшил, гэрэл гэгээ төрж байна. За С.Одонтуяаг больё. Тэгвэл өөр хэн гэж. Хэрвээ Ардчилсан нам ялахгүй бол С.Одонтуяа биш Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж буй Ж.Ганбаатар шинэ засаг даргыг томилох нь. Ж.Ганбаатарт "Би энэ хүнийг засаг дарга болгоно” гээд гаргаад ирэх хүн байна уу? С.Одонтуяа шиг биш юмаа гэхэд түүний тэн хагасын хэмжээнд энэ дүүргийг удирдаад явж чадах улс төрч Ж.Ганбаатарын хармаанд байгаа гэвэл та итгэх үү?
Төгсгөлийн оронд…
Эрх баригчид энэ хэвээрээ ажиллабал Монгол улс удахгүй элгээрээ хэвтэнэ. Ирэх дөрвөн жил эдийн засаг илүү аюултай нөхцөл байдалд орно гэдгийг сангийн сайд нь, Монгол банкны ерөнхийлөгч нь өөрсдөө зарлачихсан. Тэгвэл МАН-ын мөхөл маш ойрхон ирсэн гэдэг үгний чинь тайлал ердөө л энэ. Ээлжит 2020 оны сонгууль ирэхэд ард түмэн буцаад л Ардчилсан намд саналаа өгч, төрийн эрхэнд ардчилагчид гарч л таарна. Оодроод байгаа одоогийн засаглагчид улс төрийн тавцангаас үүрд зайлуулагдаж ч мэднэ. Тэр үед бизнесийн заваан сүлжээнд торлогдоод хэмхэрхий араг шиг болсон дүүрэг хүлээж авах уу, Баянголынхоо сайн бүхнийг дөрвөн жил үргэлжлүүлж, Салдангийн Одонтуяа гэдэг чамбайхан улс төрчид тамгаа хадгалуулж, төрөө мануулах уу гэдгийг сонгох цаг ч ирлээ дээ!!!
Эх сурвалж: Nambus.mn