Хөтөлийн “Цемент шохой”-н А.Шоовдор УИХ-ын дэд даргын эрх,үүргийг заадаг болжээ
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт үйлдвэр” ХХК Хөтөлийн "Цемент шохой” ХК, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХК-тай хийсэн гэрээний талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгөөд байгаа. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны эхний найман сарын байдлаар улсад дөнгөж 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсний цаад учир нь нууц гэрээнүүд хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ.
Тэгвэл Хөтөлийн "Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдор Ц.Нямдоржийн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлд "Хоёр компанийн хоорондын гэрээг УИХ-ын дэд дарга дэлгэх шаардлагатай гэж үү” гэх томорсон гарчигтай ярилцлага өгчээ. Тэр хэлэхдээ "Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү… Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг "Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна. Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан. Үүнийг бид зогсоож чадсан” хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр өөрийгөө огт гэм буруугүй байхад баахан шалгуулаад, цагаадсан хүн гэж тодотгожээ. Ер нь бол хүмүүс түүнийг л гүтгээд байгаа болохоос А.Шоовдор гэж хүнд ямар ч асуудал байдаггүй юм байх аа.
Ц.Нямдоржийн хийсэн мэдээллийг эргэн сануулахад, "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр "Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр 36.000 тонн шохой нийлүүлэх бөгөөд урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 15,258,204,000,000 байна гэж заасан байна. Урьдчилгаа төлбөрийг тухайн жилийн эхний сард багтаан худалдагчид төлнө гэж заасан уг гэрээнд худалдагч талыг төлөөлж Хөтөлийн "Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, ерөнхий нягтлан бодогч С.Тунгалаг, хуульч Ч.Алтантогос, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна гэж тэр мэдэгдсэн. Дээр хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэр улсад төлдөг татварынхаа хэмжээг гэнэт бууруулсны учиг шалтгаан нь энэ мэт нууц гэрээнүүдтэй холбоотой байх магадлалтай гэж Дэд дарга Ц.Нямдорж үзээд байгаа юм.
За харин А.Шоовдорын тухайд хууль тогтоох дээд байгууллагын дэд даргын эрх үүргийг заадаг нэгэн болж тодорч байх шиг байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.