МАН өр, авлагыг судалж, орлого олох боломжийг хайж байна гэв
Ч.ЗОТОЛ
МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа төсөв, мөнгөний бодлогын талаарх Монголбанкны байр суурийг сонсч, "Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр”, валютын ханш, урт хугацаатай зээл, "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх тухай, өр авлагатай холбоотой вексель, концесстой холбоотой асуудлууд ямар шатанд байгаа зэрэг асуудлыг ярьжээ. Мөн зарим Ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцсан байна. тухайлбал, Эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Төрөөс 2017 онд мөнгөний талаар баримтлах бодлогын Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж ажилласан талаар бүлэгтээ тайлан тавьжээ. Эрүүл мэндийн асуудлаар салбарын сайд А.Цогцэцэг бүлгийн хуралд оролцож мэдээлэл хийсэн байна. Эдгээр асуудлаар бүлэг ярьсан нь Ерөнхий сайдыг томилолтоос ирэхээс өмнө байр сууриа нэгтгэхэд чиглэсэн гэлээ. Бүлгийн хурлын мэдээллийг МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Б.Баттөмөр нар сэтгүүлчдэд өгсөн юм.
Бүлгийн хурлын мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан 2017 оны төсвийн үндсэн чиглэлийн гол санаа эдийн засгийн хүндрэлээс бонгино хугацаанд эрсдэл багатай гарах, эдийн засгийн өсөлтийн суурийг бий болгох зорилготой гэдгийг онцоллоо. Энэ дотроо нарийвчилж яривал өнөөгийн эдийн засгийн хүндэрээс мөнгөний бодлогын орчинд өөрчлөлт хийснээр гарч чадахгүй. Иймээс 2017-2019 онд мөнгөний бодлогыг Засгийн газрын бодлогтой сайтар уялдуулах хэрэгтэй. Ингэж байж хүндрэлээс хохирол багатай гарна гэдэгт МАН-ын гишүүд, бүлгээс гарсан ажлын хэсгүүд санал нэгджээ.
Монголбанкны мөнгөний бодлогын хүү одоогоор 15 хувь байгаа. Энэ нэлээд хатуу бодлогын шинж. Гэхдээ Төвбанкны мөнгөний бодлогын эцсийн зорилго хатуу байх биш, аль болох зөөлрүүлж бодит эдийн засгаа дэмжих, өсөлтийг бий болгохыг зорьж байгаа гэж Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэгвэл Монголбанк харин ч хатуу байр суурь баримтлах болно. Ямар нэг байдлаар зөөлрүүлэх боломжгүй гэдгээ хэлж байсан юм. Иймээс сэтгүүлчид МАН-ын бүлэг, Монголбанк хоёрын байр суурь зөрж байна гэсэн дүгнэлтийг хийж байсан. Сэтгүүлчдийн сонирхсон асуултад бүлгийн даргын өгсөн байр суурийг тоймлон хүргэе.
-ОУВС-аас саяхан ажлын хэсэг манайд ирж ажиллаад буцсан. Манай улсад ямар шаардлага тавьсан бэ?
-Бид энэ удаагийн төсвийг эдийн засгийн бодит боломжид тулгуурлаж хэлэлцээд явж байна. ОУВС-гийнхан байнгын хороодын дарга нартай уулзаад явсан. ОУВС-гийн зүгээс 2008 онд тавьж байсан шаардлагуудаасаа нөхцөл нь хөнгөрсөн байна гэж гишүүд үзсэн. Энэ хөтөлбөрт хамрагдаад явах боломж байгаа юм байна. Тиймээс арванхоёрдугаар сард дахин ирж хөтөлбөрүүдийнхээ ерөнхий нөхцөлийг хэлэлцэж болох юм гэсэн. Санхүүгийн эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлд хамтарч ажиллах боломжтой гэсэн чиглэл өгсөн.
-Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг А.Цогцэцэг сайдаас сонссон гэсэн. Улаанбаатарын утааг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Хүйтний энэ улиралд ханиад томуу ихэсдэг. Ялангуяа хүүхэд багачууд ханиад тусах нь их байдаг. Тиймээс энэ чиглэлд ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл сонссон.
-Ирэх оны төсөвт яамдын урсгал зардал нэмэгджээ. Хямралын үеийн төсөв ийм байж болох уу?
-Энэ удаагийнх амаргүй төсөв. Урсгал зардал нэмэгдсэн нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой. Яамдыг нэгтгэсэн, гурван төсөвтэй явж ирснийг нэг болгосон. Энэ бүхнийг нэг төсөвтэй болгосноор зарим нэг сайдын багц нэмэгдсэн. Бид ирэх онд шинээр барилга барихгүй гэж шийдсэн. Бид олон улсын хөнгөлөлттэй зээл, гаднын банк гээд ярихаар "Bank of China”-г нэрлэдэг. Гэтэл олон хувилбар яригдаж байгаа. Ойрын үед хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өөрчилж, хөрөнгө оруулалт татах тухай судалж байгаа. Эдийн засгийг сайжруулахын тулд нэлээн хатуу сахилга дэг журамтай байж санхүүгийн хямралаас гарна гэж манай бүлэг үзсэн.
Байр суурь
Б.Бат-Эрдэнэ: БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ТӨСВИЙГ БАГАСГАЖ БОЛОХГҮЙ
УИХ-аар хэлэлцэж буй ирэх оны төсөв, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн асуудлаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх оны төсөвт урсгал зардал нэмэгджээ. Хямралын үед яагаад нэмсэн юм бол?
-Зарим салбарт урсгал зардал нэмэгдсэн. Тэр нь эмнэлэг, сургууль барихтай холбоотой. Нөгөө талаас валютын ханш, монгол мөнгөний үнийн дүнтэй холбоотой. Манай яамны хувьд 364.3 тэрбум төгрөгөөр ирэх оны улсын төсөвт саналаа өгсөн. Улсын төсөв батлагдахдаа 201.8 тэрбум төгрөг болж байна. Ер нь бол эдийн засаг сайн байсан 2012 оны үеэс батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалтын бодлого маш муу явж ирсэн. Ер нь улсын төсвөөр батлан хамгаалах салбар руу маш бага мөнгө хуваарилдаг болжээ. "Чингис”, "Самурай” бонд босгож хөрөнгө мөнгөөр халгиж цалгиж байхдаа энэ салбарыг яагаад орхигдуулж вэ гэж харамсч байна. Манай салбарын хувьд байдал ийм байна.
-Ирэх оны төсөвт танай салбарын гадаад харилцааны санхүүжилтийг тэглэсэн гэсэн. Яаж зохицуулах вэ?
-Батлан хамгаалах салбар Монгол Улсын гадаад харилцааны салбарт чухал үүрэгтэй. Манай яам 32 улстай хамтын ажиллагаатай. Гэтэл манай салбарт гадаад харилцааг ерөөс байхгүй болгосон. Сангийн яаманд бид асуудал тавьж байгаа. Дотоод орлогоо бүрдүүлэх эрх өгсөн. Бид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд бид орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.
Н.Баяртсайхан: ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ХАТУУ БАРИХ БОЛОМЖГҮЙ
МАН бүлгийн өчигдрийн хуралдааны гол сэдэв нь ханшийн өсөлтийг тогтворжуулах тухай байв. Монголбанк ямар бодлого барьж ажиллах талаар тус банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодрууллаа.
-Ирэх оны төсөв, мөнгөний бодлого хоорондоо хэр уялдаж байгаа вэ?
-УИХ-аар хэлэлцэж байгаа 2017 оны улсын төсөв, 2017 онд Монголын төрөөс хэрэгжүүлэх мөнгөний бодлого хоорондоо уялдаатай байгаа. Төсвийг төслийг боловсруулахад бүх тал хамтарч ажилласан.
-Манай улс "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байгаа. ОУВС-гийнхан манайд ажиллахдаа ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-ОУВС-аас сая ирсэн ажлын хэсэг хэлэлцээрийнх биш, судалгааных байсан.Тэд очоод танилцуулгаа хийнэ.ОУВС манай улстай хамтарч ажиллах боломжтой гэж үзвэл хэлэлцээрийн ажлын хэсгийг ирэх сарын эхээр ирүүлнэ. Дараагийн хэлэлцээр 2017 оны эхээр болох байх.
-Ханшийн өсөлт эмзэг сэдэв болж байна. Монголбанк ямар бодлого барьж ажиллах вэ?
-УИХ дээр ч, МАН-ын бүлэг дээр ч ярьж байгаа гол асуудал энэ. Валютын ханшийг тогтвортой байлгахын тулд бид тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой. Ханшийг барихын тулд Монголд орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллая гэж МАН-ын бүлэг дээр ярьж тогтсон. Үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой, саад тотгорыг арилгах учиртай, экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Ер нь бол ханшийг захиргаадалтын аргаар хатуу барих боломж байхгүй. Богино хугацаанд хийж чадна, ханшийг бууруулна гэж би амлаж чадахгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл байхгүй байна.