Б.Баярсайхан: Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарлаа
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу түүнээс тодруулга авлаа.
- Хоёр тал санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар боллоо. Яг ямар чиглэлээр хамтран ажиллахаар болов?
- Өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацитай санамж бичигт гарын үсэг зурлаа. Улсын хөрөнгө оруулалтын төсөлбөр хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийн иж бүрэн үнэлгээ хийх, мөн улсын болон салбаруудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институцийн тогтолцоо, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлыг судалж үнэлгээ хийх гэх мэт хүрээнд хамтран ажиллана. Өнөөдөр Монгол Улсад олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Үүнийг эрэмбэлж цэгцлэх хэрэгцээ шаардлага байна. Иймд юуны түрүүнд судалгаа хийж, төсөл хөтөлбөрүүдээ цэгцлэх, техник эдийн засгийн үндэслэлүүдийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаанд Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарна.
- Гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд яах ёстой бэ. Ямар төсөл хөрөнгө оруулалтыг татна гэж үзэж байна вэ?
- Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан төсөл хөтөлбөрүүд байгаа. Мөн саяхан УИХ-д Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг өргөн барьсан. Үүн дотроос нэн тэргүүнд дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг онцолмоор байна. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татах төсөл хөтөлбөрийн жагсаалт гаргасан бөгөөд ийнхүү олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Мөн гарын үсэг зурах үйл ажиллагааны дараа Дэлхийн банкны группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен дараах мэдээллийг хийлээ:
"Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллах болсонд таатай байна. Уг газраас гадаадын олон улсын байгууллагатай санамж бичиг зурж байгаа анхны тохиолдол болж байна. Бид тодорхой төслүүдийн чиглэлээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол Улсын дэд бүтцийн өрсөлдөх чадварыг сайжруулах хөгжлийн бодлогод энэ газрын гүйцэтгэх үүргийг Олон Улсын Санхүүгийн Корпораци хүлээн зөвшөөрч, дэмжиж байгааг энэхүү хамтын ажиллагаа харуулна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс макро эдийн засгийн хувьд амаргүй нөхцөл байдалд байгаа. Тэгэхээр энэ хүнд нөхцлийг даван туулахад нь тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлэх, нэн ялангуяа хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, итгэлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Дэд бүтцийн тодорхой төслүүд дээр хувийн хэвшлийн оролцоог төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр оруулахаар ажиллана. Энэ хүрээндээ Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж болон нэн яаралтай төслүүд дээр дэмжлэг үзүүлнэ. Цаашид хамтарч ажиллах олон чиглэлүүд байгаа бөгөөд бололцоотой бүхнийг хийх болно”.