Ахуйн түймэрт амиа алдсан 46 хүний 13 нь хүүхэд байжээ

0

Ахуйн түймэрт амиа алдсан 46 хүний 13 нь хүүхэд байжээ

 

-Ахуйн түймэрт иргэд амиа алдах тохиолдол ихсэх хандлагатай байна-

Сүүлийн үед ахуйн гал түймрийн тохиолдол ихсэх хандлагатай талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд энэ оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 3456 удаагийн обьектын гал түймэр гарч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирч 46 хүн амь насаа алдаж, 31 хүн түлэгдэж гэмтжээ. Үүнээс гал түймэрт 13 хүүхэд амь насаа алдсан бөгөөд долоон хүүхэд түлэгдэж гэмтжээ.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ахуйн гал түймэрт өртөж таван хүн амь насаа алджээ.

Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал гарсаар байна.
Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд амь насаа алдах тохиолдол ихсэх хандлагатай байна.

Иймд: Иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд,

-Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах

-Цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачааллаас урьдчилан сэргийлэх

-Шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байх

-Асрамжид байдаг өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

-Пийшин зуухны галлагааны зарчмыг мөрдөх

-Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах

-Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох

-Эзэнгүй  гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

-Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж  хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй. Орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг  заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөлөө.

Түлсэн гал түймрийн үнс нурмыг тагтай төмөр саванд хийж, шатах материалаас зайтай байлгах, цахилгаан хэрэгслийн хүчдэлд тохирсон чанар стандарт хангасан залгуур, разетка ашиглах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, цоожлохгүй байх, хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвших сануулж байна. gogo.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.