Н.Айшолпан: Хоёр жилийн дараа бүргэдээ суллаад, бүргэдийн ан хийхээ болих байх
Энэ жилийн "Сандэнс” /Sundance/ кино наадмын онцгой мэдээнүүдийн нэг бол "The Eagle Huntress” буюу "Бүргэдийн анчин охин” баримтат кино байв. Учир нь энэ кинонд зөвхөн эрчүүдийн наадам болох сургагдсан махчин шувуугаар ан хийдэг спорт руу орохоор сэтгэл шулуудсан Монголын баруун хойд нутгаар амьдардаг, 13 настай казак охины талаар гардаг билээ.
Отто Бэллийн энэхүү кино нь Продюсерийн холбооны шагналд нэр дэвшсэн бөгөөд Оскарын төрөлд ч нэр дэвших хүчтэй өрсөлдөгчийн нэг юм. Энэхүү киноны залуухан од, өдгөө 15 настай Нүргайв Айшолпан, аав, орчуулагч нарынхаа хамтаар Торонто болон Тэллүридийн кино наадмууд (болон бусад) руу өөрийн нутгийн уламжлалт хувцсыг өмсөн аялж, киногоо сурталчилжээ.
Энэхүү цөөн хормын ярилцлагыг нэр алдар нь түгээд буй Айшолпан охиныг гэртээ харих 20 цагийн урт удаан аялалд гарахаас нь өмнө хийсэн юм. Тэрээр гэртээ очоод өөрийн охин дүүдээ бүргэдээр агнах урлагаа заахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.
-ХОЁР ЖИЛИЙН ДАРАА БҮРГЭДЭЭ СУЛЛААД БҮРГЭДИЙН
АН ХИЙХЭЭ БОЛИХ БАЙХ-
-Та Нью-Йорк хотод анх удаа ирж байна уу? Сэтгэгдэл хэр байна?
-Би Нью-Йорк хотод хоёр дахь удаагаа, АНУ-д гурав дахь удаагаа ирж байна. Энд хүмүүс маш их бас хот нь их гоё юм.
-Гэрээ санаж байна уу?
-Би ирээд дөрөв хонож байна. Гэрээ нэг их санаагүй ч үргэлж бодож явдаг. Миний ах одоо бүргэдийг маань арчилж байгаа. Түүнийгээ их санаж байна. Бид хоёрт маш олон сайхан дурсамж байдаг.
-Оттотой хэрхэн уулзсан талаараа яриач, мөн тэр үед бүргэдтэй байсан уу?
-Свиденски Ашер гэдэг зурагчин миний зургийг аваад, дараа нь Оттог манайд дагуулж ирсэн. Тэр үед би өөрийн гэсэн бүргэдгүй байсан ч хааяа аавынхаа бүргэдээр ан хийдэг байлаа. Гэхдээ өөрийн гэсэн бүргэдтэй болно гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Кинон дээр гарч байгаа бүргэд одоо надад байгаа, миний бүргэд. Тэр маань аль хэдийнэ гурван нас хүрчихсэн. Харин би ахлах сургуулиа төгсөхөд хоёр жил үлдсэн. Сургуулиа төгсөөд төрсөн нутаг, бүргэдээсээ хол, өөр хотод сурч магадгүй. Тиймээс хоёр жилийн дараа бүргэдээ суллаад, бүргэдийн ан хийхээ болих байх. Гэхдээ би охин дүүдээ бүргэдийн ан хийхийг заахаар төлөвлөж байгаа.
-Бүргэдийг чинь хэн гэдэг вэ?
-Түүнийг Ак Канаттари буюу цагаан далавч гэдэг. Уг нь уламжлалын дагуу манай нутгийнхан бүргэд, эсвэл амьтдад нэр өгдөггүй байсан. Харин би бүргэддээ нэр өгсөн эхний хүн нь болж байгаа юм.
-ӨМНӨ НЬ ТЭД "ЭНЭ БОЛ ЭМЭГТЭЙ ХҮҮХДИЙН ХИЙХ ЗҮЙЛ БИШ” ГЭЖ БАЙСАН-
-Нутгийн чинь хүмүүс энэ киноны талаар мэдэх үү?
-Тийм ээ. Тэд одоо намайг алдартай болсон гээд надаар аль хэдийнэ бахархаж эхэлсэн. Тэд киног маань үзэж чадаагүй байгаа ч үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Өөрийгөө том дэлгэцэн дээр харах маш сонирхолтой, инээдтэй байсан. Бас өөрийгөө камерт бичигдэж байгааг анзаараагүй мөчүүд ч энэ кинонд орсон байна лээ.
-Кинон дээр хэд хэдэн өндөр настан "Бүргэдийн ан бол эмэгтэй хүүхдийн хийх зүйл биш” гэж хэлж байсан. Тэдний бодол нь өөрчлөгдсөн үү?
-Тийм. Өмнө нь тэд "Энэ бол эмэгтэй хүүхдийн хийх зүйл биш” гэж байсан бол намайг наадамд түрүүлсний дараа, мөн аавын найзуудтай хэсэг ан хийсний дараа, тэд найзууддаа миний юу хийсэн талаар туршлагаа хуваалцсан. Тэгэхээр тэд одоо намайг бүргэдийн анчин гэж бүрэн хүлээн зөвшөөрдөг.
-Чамайг амжилт гаргаснаас хойш бусад охид ч бүргэдийн ан хийхийг хүсдэг болсон уу?
-Тийм ээ. Өмнө жил наадамд өөр нэг охин оролцсон. Харин энэ жил дахиад хоёр ч охин нэмэгдсэн. Одоогоор надтай нийлээд дөрвөн бүргэдийн анчин охин байна.
-Чи хувьсгал эхлүүлчихэж.
-(Инээв.сурв) Тийм ээ.
ЭХ СУРВАЛЖ: www.nytimes.com
Сэтгэгдэл байхгүй байна.