Г.Батбаяр: Өөр өрөөнд шилжүүлж оруулаад цагдаад дуудлага өгөөгүй нь нотлогдсон

1

 


Сүүлийн үед дуучин С.Амармандахын зодуулсан хэргийг тойрсон олон мэдээлэл цацагдсан билээ. Мөн С.Батболд болон Г.Сундуй нар хэргийг мэдсээр байж нуун дарагдуулсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар дуучин С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

-С.БАТБОЛД, Г.СУНДУЙ НАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-

-Таны зүгээс нийслэлийн улирдлагууд болох С.Батболд, Ц.Сундуй нарыг шалгаж өгөх хүсэлт гаргасан гэсэн. Ямар үндэслэлээр шалгуулах болсон юм бэ? 

-Энэ сарын 5-ны өдөр шалгаж өгөөч гэсэн хүсэлт илгээсэн. Ингэхэд дарга болон ахлах нь байгаагүй. Уг нь хүсэлт гомдол гаргахдаа ахлахаар дамжуулан цохолт хийлгэж, мөрдөн байцаагчид хүргүүлдэг юм. Мөрдөн байцаагч нь гадуур ажилтай гээд явсан байсан учраас хүлээгдэж, маргааш нь цохолт хийж оруулсан юм. МАН-ын дарга М.Энхболдод мөн хүсэлт явуулж байгаа.

-Ямар утга агуулгатай хүсэлт вэ?

-Энэ арга хэмжээг зохион байгуулсан хүмүүст зохих хэмжээний арга хэмжээ авч өгнө үү гэсэн байгаа. Хотын удирдлагууд аюулгүй байдлын арга хэмжээ аваагүй байна. Мөн тухайн тайзан дээр миний үйлчлүүлэгч болох дуучин Амараа хөдөлмөр эрхэлж байсан. Гэтэл энд хөдөлмөрийн аюулгүй байдлын журам хангагдаагүй. Ийм нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учраас үүнийг албаны шалгалт явуулж, тухайн албан тушаалтнууд үнэхээр байсан уу, энэ арга хэмжээг хэн зохион байгуулсан, хэрэг гардаг өдөр яагаад эмнэлэг, цагдаа дуудаагүй гэх мэтийг шалгаж гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож өгнө үү гэсэн. Үүнд Төрийн албаны тухай хууль болон МАН–ын ёс зүйн дүрмийн дагуу арга хэмжээ авч өгөөч ээ гэсэн ийм л бичиг байгаа юм.

-Хэрэг гардаг өдөр хотын дарга С.Батболд, Г.Сундуй нар хажууд нь байсан, мөн хүнд харагдуулахгүй өөр өрөөнд оруул гэсэн тушаал өгсөн гэсэн мэдээлэл байна? Энэ үнэн үү?

-Яг тэр бужигнасан зодооныг хараад зогсож байсан уу гэдгийг шалгаж байгаа. Гэхдээ тэдний урьсан зочид ирсэн. Сундуйгийн туслах Амараа руу залгаж урьсан байсан. Мөн зодоон болсны дараа С.Батболд, Г.Сундуй нарын туслахууд болон холбогдох ажилтнууд тэр хавиар явж байсан нь дүрс бичлэгт хадгалагдан үлдсэн байна. Тэнд байсан тэдгээр хүмүүс энэ үйл явдлыг мэдсэн нь нотлогдож байгаа юм. Туслахууд нь цааш даргадаа мэдэгдээгүй байх шалтгаант холбоо одоогоор байхгүй байна. Өнөөдрийг хүртэл цагдаагаас дуудаад байхад аль нь ч очиж мэдүүлэг тайлбар өгөөгүй байна. Би мөрдөн байцаагчид нь удаа дараа амаар эдгээр хүмүүсийг шалгаад өгөөч ээ гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл дуудаад байхад хэн ч ирэхгүй байна гэсэн тайлбарыг надад өгсөн. Эдгээр хүмүүс дипломат эрх ямба эдэлдэг албан тушаалын хүмүүс биш. Тийм учраас хуулиа дээдлэн ирж тайлбар өгөх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэхгүй байна. Мөн хэвлэл мэдээллээр өчнөөн янз бүрийн мэдээлэл цацагдаж байхад ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь өөрсдийгөө хаацайлж, тоомжиргүй хандаж байна гэж үзэж байна. Ийм учраас шалгаант холбоог нь шалгаад өгөөч, хэрэг явдлын талаар мэдүүлэг тайлбар аваад өгөөч, үнэхээр байсан юм бол хариуцлага тооцоод өг гээд байгаа юм.

-ӨӨР ӨРӨӨНД ОРУУЛСАН НЬ НОТЛОГДСОН-

-Цагдаад мэдэгдэлгүй өөр өрөөнд оруулсан гэсэн. Энэ талаар?

-Тухайн хэргийн газраас өргөж аваачин өөр өрөөнд шилжүүлэн оруулсан, цагдаад дуудлага өгөөгүй гэдэг нь камерын бичлэгээр нотлогдоод үлдсэн. Мөн миний хохирогчийн өөрийн яриа болон бусад зүйлээр нотлогдож байгаа. Би үйлчлүүлэгчийнхээ үгээр, хуульд заасан аргаар тэмцэл явуулж байгаа. Намайг худлаа юм ярилаа гэж хардах нэг хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ аль алиндаа хүндрэл учруулалгүй мөрдөн байцаагчийг дуудахад тайлбар мэдүүлгээ өгчих юм бол асуудал үүсэхгүй. Энэ гэмт хэрэгт хамаагүй байж болно. Гэхдээ очиж биеийн байдлыг нь асуугаад уулзах хэрэгтэй. Зохион байгуулсан хүмүүс өөрсдөө дуудаж дуулуулчихаад яагаад одоо болтол уулзаагүй нь сонин. Өнөөдөр Амараа эрүүл явж байна лээ гэсэн мэдээлэл өгчихөөд чимээгүй суугаад байгаа юм.

-Хэрэв хотын удирдлагуудын өөр өрөөнд шилжүүлсэн нь эцэслэн тогтоогдвол ямар хариуцлага хүлээх вэ?

-Тогтоогдвол Эрүүгийн хуулийн 107-д зааснаар бусдын эрүүл мэнд амь нас аюултай байдалд байхад эмнэлгийн тусламж үйлчилгээ дуудаж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэдгээр эрүүгийн хэрэг үүснэ. Мөн Эрүүгийн хуулийн 246-д зааснаар гэмт хэргийг нуун далдалдсан, Мөн 247-д заагдсанаар гэмт хэргийг үл мэдээллэсэн субъектээр тогтоогдох нь тодорхой асуудал.

Мөн би ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчтэй уулзсан. Гэхдээ албаны журмаар уулзлаа гэсэн мэдээлэл гаргаагүй. Албан бусаар уулзалт хийлээ гэсэн мэдээлэл өгсөн. Уулзалтаар ОХУ Элчин сайдын яам асуудлыг хүнд суртал гаргалгүй шийдэхээ хэллээ. Тэд болсон үйл явдалд харамсаж байна. Энэ хэрэгт хэн холбогдолтой болох нь шүүх цаг хугацааны явцад тодорхой болгосон цагт бид уучлалт хүсэх болон бусад ямарваа нэгэн мэдэгдэл гаргана. Мөн бид хүнээ Монголын талд шилжүүлэн өгөх эсэх асуудлыг танай Гадаад харилцааны яамнаас албан тоот ирсний дараа, таны хүсэлт гомдол албажиж тодорхой болсны дараа шийднэ гэж хэлсэн. Мөн бид энэ үйл явдалд манай ажилтан холбоогүй байсан ч гэсэн тухайн хүний эрүүл мэндэд харамсаж байна гэж хэлсэн. Бас манай яамны болон энэ явдлын талаар үнэ зөв мэдээллээрэй гэсэн.

-ОХУ –ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ УУЧЛАЛТ ГУЙГААГҮЙ-

-ОХУ-ын Элчин сайдын яамнаас уучлалт гуйлаа гэж хэвлэл мэдээллээр цацагдаж байна?

-Уучлалт гуйх нь өөр асуудал. Гэтэл миний үгийг гуйвуулж яг одоо уучлалт гуйлаа гэж бичсэн байна. ОХУ-ын ЭСЯ-наас албан бичиг ирсний дараа, нотлогдсоны дараа уучлалт гуйна гэсэн. Уучлалт гуйна гэдэг нь эрхзүйн хувьд өөр асуудал. Хэрэг үйлдсэн хүн өөрөө л уучлалт гуйна шүү дээ.

-Цэнгүүн болсон газар хариуцлага хүлээх үү? Тухайн баарны эзэн Г.Сундуй гэсэн?

-Энэ баарны эзэн хэн болох нь одоогоор мэдэгдээгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон ч би задруулах эрхгүй. Өнөөдрийн байдлаар тэр газраас байцаалт өгөөгүй байна. Хүн олноор цугласан газар заавал аюулгүй ажиллагааны олон нийтээр дагаж мөрдөх тухай хууль мөрдөгдөж байдаг. Ямар нэгэн хүний эрүүл мэндэд харшлах зүйлийг урьдчилан сэргийлэх, хүний аюулгүй байдлыг хангасан хойно олныг хамарсан үйл ажиллагаа явуулах ёстой.

-Тухайн үед Гитлер гэж орилсон, өөрөө согтуу байсан гэсэн мэдээлэл бас цацагдсан шүү дээ?

-Тухайн өдрийн бичлэгт ямар ч тэгж орилсон, очиж мэндэлж гар барьсан юм байхгүй нь нотлогдсон. Согтуу байгаагүй нь эмчийн дүгнэлт болон тэр газрын бичлэгээс тодорхой байсан. Түүнчлэн удирдлагууд болон тэдгээр хүмүүсийн туслахууд ямар нэгэн тайлбар өгөөгүй. "Хайл гитлэр” гэсэн гээд л байгаа. Тэгвэл хэн нотлох юм бэ? Хэн ч байхгүй байна. Гэрч байхгүй байна шүү дээ.

-БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА-

-Шүүх эмнэлгийн шинжилгээний дүн гарсан уу? Одоо биеийн байдал ямар байна?

-Одоо болтол шинжилгээний хариу гараагүй байна. Яагаад ингэж удаад байгаа нь ойлгомжгүй байна. Одоогийн байдлаар биеийн байдал хүнд байна. Босч чадахгүй толгой эргээд гэж байна лээ. Тархинд нь хурсан цусыг шимэгдүүлэх эмчилгээ хийлгэж байна. Энэ эмчилгээ үр дүнгүй болвол хагалгаанд орно.

-Тухайн үед хамт дуулсан хүн хажууд нь байсан гэсэн шүү дээ. Гол гэрч байгаад байхад яагаад шийдэгдэхгүй байгаа юм бол?

-Тухайн үед хамт дуулсан түүний залуу ээж гэгдэх н.Оюунжаргал зодооны үеэр тэр оросыг гүйж очиж үсдсэн гэсэн. "Миний хүүг битгий зод” гээд хажууд нь байж байсан байгаа юм. Одоо тэр хүнийг гэрчээр байцааж байгаа. Амараа тэр өдөр өөрөө л гэр лүүгээ явсан. Гэмтлийн эмнэлэгт ухаангүй очиж, эмнэлгийн цагдаа тэмдэглэж авснаар мэдэж авсан. Тэрнээс биш хэн ч цагдаад дуудлага мэдээлэл өгөөгүй.

medee.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл