Улаанбаатар хотыг теле камерын хяналтад бүрэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулсан хяналтын камерын ашиглалтын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1483 камерыг 2011 оноос хойш байрлуулж эхэлсэн аж.
Уг камерыг нийслэлийн цагдаагийн газрын 56 албан хаагч хянадаг.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд "Камерын хяналтыг ашигласнаар 2016 оны эхний арван сарын байдлаар 42 гэмт хэргийг үйлдэл дээр нь барьж, 163 захиргааны зөрчил илрүүлсэн. Энэ тоо нь гэмт хэрэг гарсан үйлдэл дээр нь хугацаа алдалгүй илрүүлсэн хэргийн статистик тоо.
Харин хэрэг гарсны дараа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авсан хэргийн тоо хэдэн мянгаар тоологдоно. Түүнчлэн гэмт хэргийг нөхөн илрүүлэх арга хэмжээ авахаас гадна иргэдийн хүсэлтийн дагуу эд зүйлээ алдсан, дээрэмдүүлсэн зэрэг хэргийг илрүүлж ажиллаж байна.
Саяхан Баянзүрх дүүргийн 130 камерын асуудлыг Засаг дарга шийдэж өгч одоогоор хэвийн ажиллаж байгаа. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1,483 камер байдгаас 376 нь эвдрэлийн улмаас ажиллахгүй байгаа юм. Эдгээр камерыг засч, солиход шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү
"Хотын гудамж талбайд байгаа камеруудыг цэгцлэх асуудалтай санал нэг байна.
Цаашид тавих камерыг нэгдсэн системтэй болгож хянаж байх шаардлагатай. Эхний удаад нийслэлээс тавьсан камеруудын засварын хөрөнгө гаргаж засварлуулсан нь зөв байх гэж бодож байна. Харин дүүрэг бүрд байгаа камеруудын засварын ажлыг тухайн холбогдох дүүрэг нь хариуцаж байвал яасан юм бэ. Удахгүй дүүргүүдийн төсвийг батлах гэж байгаа шүү дээ. Үнэхээр хуучирсан камерыг засах биш сольсон нь дээр болов уу” гэсэн санал гаргалаа.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотыг телекамерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, иргэдийг амар тайван амьдрах "Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхэд чухал ахиц авчирна гэж үзэж байгаагаа хэлсэн.
Нөгөө талаар телекамерын хяналтыг нэг дор төвлөрүүлж, засвар, хяналт, үйлчилгээг Улаанбаатар хотын цагдаагийн газар авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц авчрах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн телекамергүй газруудыг камержуулах нь зөв гэсэн шийдвэрийг гаргалаа.
Баянзүрх дүүрэг телекамерын бүрэн хяналтад орсон. Одоо ажиллахгүй байгаа дээрх камеруудыг засварлаж, шинэчилсэнээр шинэ жилийн өмнө Улаанбаатар хот телекамерын хяналтад бүрэн шилжиж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл байхгүй байна.