Богд Зонхов Монгол хүн байсан гэж та мэдэх үү?

0

Богд Зонхов Монгол хүн байсан гэж та мэдэх үү?

 

Зонхов богдын сүмээр орж, Зонховын сүрлэг мөнгөн дүрд нь бишрэн бишрэн залбирлаа. Сүртэй мөнгөн сэнтийд нь сүслэн сүслэн мөргөлөө. Сэнтийнх нь ар түшлэгийн хан гарьд хийгээд бусад хүчтэний сийлбэрийн урныг гайхан гайхан нүд хужирлалаа. энэ шуумалд 1139 лан цалин мөнгө, сэнтийд арав гаруй лан цалин мөнгө тус тус оржээ. Ордос, Хөх нуурын монголчууд л үүнд өглөгийн гол эзэн болсон байх юм. Яагаад? Бурханы шашны шарын урсгалын үндсийг тавьсан Зонхов богд Монгол хүн гэдгийг өвөрлөгч эрдэмтэд нэгэнт тогтоожээ.

Домог өгүүлэхүй. Юань улсын хааны зарлигаар Сонгинотод даргачаар тохоогдсон Лүбүнх гэгч буураад, олон хүүхэдтэй ядуу айл болжээ. Зонха буюу Сонгинот голын хөвөөг дагаж аж төрдөг байж. Цөөн хэдэн хонь, ганц алагч үнээтэй юмсанж. Гэтэл үнээ нь тугаллах гээд шилрэн алга болжээ. Эх нь бие давхар боловч алаг үнээнийхээ хойноос явж гэнэ. Үнээ нь харин Зонха голын эхэнд тугалласан байсныг олж, үнээгээ хөтлөн, тугалыг нь тэврэн, гэррүүгээ явж байтал өөрөө хөнгөрөхөөр өвдөж, Зонха голын ар хөвөөнд амаржиж нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Эх Шинжээ хүүгээ аваад явбал тугалаа авч чадахгүй, тугалаа тэвэрвэл хүүгээ авч явж чадахгүй гацаанд ороод бодсон нь: "Манайх олон хүүхэдтэй айл, хүүгээ орхъё, манай олон өлөн амыг үнээ маань тэжээдэг, тугалаа авч харих нь зөв” гээд нярайгаа хээр орхиод, тугалаа аваад харьжээ. Маргааш нь Лүбүнх өвгөн "Ямар ч байсан бидний үр, яасан бол?” гэж бодоод, үнээ тууж ирсэн мөрөөр яваад Сонгинот голын ар хөвөөнд хүртэл нэгэн том шувуу сууж байгаад ниссэнд "За энэ шувуу ч хүүг маань тоншчихсон байх даа” гэж бодон очвол хүүг нь тэр шувуу харин далавчаараа бүтээн хоносон байжээ. Үүнд аав нь баярлаж, ниссэн шувууны хойноос залбираад, "энэ онцгой хувь заяатай хүүхэд байна” гээд хөвүүнээ аваад харьжээ.

Бодот намтрыг өгүүлсү. Зонхов (Зонха гэдэг нь Сонгинтын ам гэсэн төвд үг, Зонхова болохоор Сонгинтын амны хүн гэсэн утгатай болдог ажээ) билгийн улирлын зургадугаар жарны улаагчин тахиа жил буюу аргын нэгэн мянган гурван зуун тавин долоон онд Зонхад эхийн алтан хэвлийгээс унасан авай. Аав нь Бум Лхүмбэ гэж Юань улсын хаанаас томилсон даргач хүн байжээ. Даргачаар гагцхүү монгол хүнийг л тавьдаг байсан байна. Тэрхүү Бум лхүмбэ нэр хятадаар сунжирсаар Лүбүнхэ болсон байна гэж Чүлтэм авгай бичжээ. Зонхов богдын багын нэрийг Гунгаанямбуу гэдэг байжээ.

Домог хүүрнэсү. Торгуудын Хар сайрын Цагаан ван Жагарт хүрч, Жагарын Чагнаадорж бурханы хувилгаан Цэрэв хаанд таван зуун бүхэл(50 лан) алт өргөөд нэгэн сахиулсныг өгөхийг гуйжээ. Цэрэв Жагарын наян хуврагыг жагсаагаад, Цагаан ванд "Та энэ дөвчид дотроос нэгийг нь сонгож ав” гэсэнд бага хүүг зааж "Энэ хүүг авъя” гэсэнд Жагарын хаан "Энэ хүү бидэнд тун хэрэгтэй хүн байлаа. Нэгэнт танд ам алдсан болохоор өгъе” гэжээ. Тэр хүү Хар сайрт ирээд, 21 насандаа гэгээн болж, Цүвчин гэгээн гэж алдаршчээ. Цүвчин гэгээн Цагаан ванд "Би Хөх нуур явахаар боллоо. Тэнд шашны эзэн тодорч байна” гэсэнд Цагаан ван дургүйцэж, гэгээнийг явуулахгүй хэмээн гэрт хорьж, өрхийг бүтээгээд хаалгыг цоожлон, гурван давхар цэргээр бүслүүлэн харгалзжээ. Маргааш өглөө нь үзвэл гэгээнтэн байсангүй, тоонон дээр л хөлнийх нь мөр гарсан байжээ. Цүвчин гэгээн найман дэлбээт лянхуа цэцгийн шинжит ууланд ирэхэд Зонхов гурван настай байлаа. Цүвчин гэгээн голын эрэг дээр чулуугаар тоглож байсан хүүг үзээд "Юу хийж байгаа юм бэ?” гэж асуусанд хөвгүүн: "Би суварга барьж байна” гэж хариулжээ. Тэгээд гэгээнтэн түүнийг "Шашны эзэн мөн байна” гээд ном зааж эхлэжээ. Гэтэл ном сурдаггүй гэнэ. Гэгээн эндүүрсэн юм болов уу гэж гайхаад, түүнийг чулуун дээгүүр дагуулж явбал чулуун дээр мөр нь гарчээ. Андуураагүйдээ дахин итгэн ном заавал бас л сурдаггүй гэнэ. Арванхоёр настай нь дахин дагуулж чулуун дээр гишгүүлбэл улны нь ором гарч байжээ. (Энэ мөртэй чулуу Алтан дээвэрт их дугананд буй гэнэ.) Тэгээд Цүвчин гэгээн түүнийг Шажун хийдэд аваачин, түүгээр дагуулан явж байтал хөвгүүн "Би энэ хадан дотор цамд сууна”, долоодох өдрийн өглөө нар уулын оройд тусахад намайг ирж аваарай” гэж хэлтэл хад гэнэт дуу гаран онгойход, хөвгүүн дотогш орж явчихжээ. Цүвчин гэгээнийг долоодох өдрийн өглөө хадны дэргэд ирээд хүлээж байтал нар тусахтай зэрэг хад бас дуу гаран нээгдэж, дотор нь олон хувилгаан "Ум ара базна ди” хэмээн Манзушри бурхны зүрхэн тарнийг урих дуун хадаж, хүү ч уг тарнийг уншсаар гарч иржээ. Үүнээс хойш Зонхов номондоо цоорсон гэнэ…

Бодот цадигийг хүүрнэсү. Долоон настайдаа Донровринчен хувилгаанаас гэцэлийн санваар авчээ. Түүнчилэн Ямандаг, Дэмчиг, Чагдар зэрэг ядам бурхадын тарнийн авшиг хүртжээ. Донжиддорж гэсэн нууц нэртэй болсон байна. Энэ үед төв хэл бичиг сурч, Бурханы олон зүйлийн судар тарнийн ном заалгаж, эрдмийнхээ суурийг тавьсан байна. Арван зургаатайдаа Түвд оржээ. Сарва Гүнтэнгээс анагаах ухаан, Ричинамжир гүүш ба Сажбад Банчинаас дуун ухаан, Нэхсамбу гүүшээс уянга шүлэг, утга зохиолыг сурчээ. Мөн Сахъя хийдийн Рэндаваа, Цонорүбжи багшаасаа "Төв үзэл”, "Винайн аймаг сав” "Шалгадагийн тайлбар” сэлтийг сурсан байна. Сүмбэ Дэчинчойживоос "Нууц тарнийн хүрдэн”-г сурсан байна. Хорин найман насандаа гэлэнгийн санаваар хүртжээ.

Домог хүүрнэсү. Зонхов богдыг Түвдэд ном сурч ахуйд ээж нь санаад, "Ир” гэж хэлүүлжээ. Чингэхэд Зонхов хамрынхаа цусаар захиа бичээд, өөрийн зургийг зураад, "А” үсэг бичээд ирүүлсэнд "А” үсэг нь "Амаа”/ээж/ гэж дуугарсан гэнэ. Тэгэхэд миний хүү цусаараа захиа бичнэ гэдэг шашин номын төлөө алтан амиа өгөхөд бэлэн байгаа юм байна гэж ойлгоод, дахин "Ир барь” гэж хэлүүлэхийг больсон гэнэ.

Бодот цадигийг хүүрнэсү. Зонхов тийнхүү судар тарнийн хуваргуудыг хэнийг ч болов цөм сахил санваарыг чанад сахиж, гэргий авалгүй, шар малгай өмсөж, сүмд шавилан суухыг номлож, архи, тамхийг цээрлэх, ужид цэнгэлийг тэвчих, амьтны амь хороохгүй байхыг номложээ.
Шар луу жил буюу 1401 онд Зонхов богд "Бодь мөрийн зэрэг” бүтээлээ эхэлж, дараа жил нь дуусгажээ. 1406 онд "Тарнийн мөрийн зэрэг” гэдэг том бүтээлээ туурвисан байна. Энэ хоёр том бүтээлээрээ шарын шашин буюу Гэлүгвэгийн аймгийн онолын үндсийг тавьжээ. Их мэргэдийн оройн чимэг Их богд маань унасан газар, угаасан усныхаа нэрээр Зонхов гэж даян дэлхийд алдаршчээ.

Зонховын аав Юань улсын даргач цолтой монгол хүн байсныг өмнө дурдсан. Үүнийг батлах баримт гэвээс 1922 онд Шанхай хотод хэвлэгдэн "Дундад улсын алдарт хүмүүсийн нэрийн том толь”-д "Зонхов бол түүхэнд нэр алдартай монгол хүн” гэж (590 дэх талд) тэмдэглэсэн байна. Хятадууд энэ тал дээр алдахгүй байх аа. Мөн Лавран хийдийн Жамъяншадав гэгээний ботьд ч тийн дурдсан байдаг гэнэ. Тэрчилэн Ойрдын Гүүш хаан Түвдийг эзэлж, шашин төрийг холсон барьж байсан тухайтад тэр үеийн улааны шашинтаны ном зохиолд "Зонхов монгол хүн болохоор Гүүш хаан Зонховын шашныг дэмжснээс биш Түвдэд сайн үйл үйлдсэнгүй” гэж бичсэн байсныг Агваанчойдор багш(Гүмбумд шавилж байсан бөгөөд Баруун Хойт Үндэсний Их сургуульд багшлаж байсан) Төвийн Үндэсний Их Сургуулийн Дүнгэрлувсанцэнгэл профессорын номоос хуулан авч байжээ. "Баруун тэнгэрийн бурханы шавь, улсын их багш” гэж өргөмжлөгдсөн Зонхов богд монгол хүн, чингэхлээр шарын шашны онолын үндэс суурийг тавигч нь монгол хүн, энэ шашин Хөх нуурын Монголын Сонгинтын амнаас буюу Монгол газраас дөрвөн зүг, найман зовхист, тэр дундаа Түвдэд дэлгэрсний тул Шарын шашин бол Монголын шашин мөн гэж миний бие бардаагаар дүгнэж байна. Шарын шашин Монголын шашин гэж хэлснээ батлах зарим завсрын баримт дурдсу. Их бүтээлчин Гарма багшийг Монголын Юань гүрний их хаан Хувилай залж, оройн багшид өргөмжилсөн. Ингэж залах үедээ Гарма багш, номын хаан Пагва хоёрт Монголын их хаадын хүндэтгэлийн хувцас болох магнаг хэвнэгийг дээдсийн тэмдгийн ёсонд өргөснийг үлгэр болгон хожим нь их хийдийн ширээт ламт соёрхох ёс үүдэж, үүнээс ширээтийн нөмрөг буюу магнаг жанч(Хамба жанч) хэмээн алдаршсан байна. "Богд Зонховын намтар” болон Зава Дамдины "Алтан дэвтэр”-т "…Богд Зонховоос Түвдийн орон сэрүүн учир хантааз адил цээжний хувцсыг Дээд Монголын банди нарын хувцсаар үлгэрлэн цэмбэн захтай цээживч үйлдэж өмсөх болгосон” гэж бичсэн байна. Тэр ч байтугай Зонхов Түвдэд морилохдоо монгол бадарчдын үүргэвчийн жийрэг болгон хэрэглэж асан тэр хувцсыг өмсөж явсан, тэгээд додиг буюу цээживч лам нарын хувцас болон дэлгэрсэн гэсэн аман яриа буй ажээ. Олны үг ортой гэдэг билээ л. Зарим далай ламыг багад нь Монголд сургаж байсан, олонхи нь монгол багштай байсныг ч хэлэх хэрэгтэй. Ялдар дурдахад, өдгөө нас сүүдэр 93 зооглосон эрдэмт Агваанчойдор абугай "Монголын түүхийг ярихгүйгээр шарын шашны түүхийг ярих аргагүй” (Д.Бат. "Агваанчойдор гуайн ярьсан монгол, түвд бурхан шашны аман түүх”) гэж омог төгөлдөр хэлжээ.

Гүмбумын түүхийг туурвисан Их гөрөөчин Лхүндэвийн Чүлтэм абугай "Түмдийн Алтан хаан байгаагүй бол өнөөдрийн Далай лам гэж байхгүй, Хошуудын Гүүш хаан байгаагүй бол өнөөдрийн Банчин эрдэнэ гэж байхгүй байсан” ("Монголчууд ба Гүмбум хийд”) гэж дуун алджээ.Үүнийг нотлох баримт гэвээс 1578 онд Түмдийн Алтан хаан Түвдийн Брайван хийдийн ширээт лам Содномжамцыг Хөх нуурын Цавчаал(Уг газрыг цав цай тавьснаар нь Цав цай нэрлэж байсан боловч яваандаа тэр нь сунжирч Цавчаал болжээ)-д түмэн цэрэг жагсаан угтаж, ном уншуулан их ёслолыг үйлдэж, "таванзуун лан цалин мөнгөөр бүтээсэн долоон эрдэнэ, найман тахил, гучин лангийн алтан аяганд дүүргэсэн эрднийн чулуу өргөж, Содномжамцад "Богд хамгийг мэдэгч Очирдар Далай балам” цол хайрлажээ. Түүнчилэн 4-р дүрийн Далай лам ч монгол хүн юм. Гуравдугаар Далай лам Гэндэнжамц жанч халахынхаа өмнөхөн "Алтан хааны ач Сүмбэр тайжийн малын суурины дээд цавыг дурдаж: "Энэ газраас бурхан төрнө” гэж айлдсан байна. 1588 онд Гуравдугаар Далай лам нирваан дүрийг үзүүлсний дараагаар Сүмбэр тайжийн Багаахан Зул хатан бие шалтгаантай болж, хүүхэд нь эхийнхээ хэвлийд үг ярьжээ. Лам нар "Бурхан мэндлэх нь” гэж баярласан байна. Ингээд 1589 онд Зул хатан нярайлж, Чингис хааны хорьдугаар үеийн хойч, Түмдийн Алтан хааны жич Ёндонжамц тийнхүү мэндэлжээ. Энэ нь дөрөвдүгээр дүрийн Далай лам Ёндонжамц билээ.

Өвөрлөгч тэр эрдэмтэд үндэсний үзэлтэйдээ ч юм уу, эсбөгөөс тийм байх гэж тааварласандаа ч юм уу, цээжний бангаар дуугарсангүй, Хөх нуурын Монголд хийгээд Өвөр Монголд шарын шашны дэлгэрсэн түүх, шарын шашныг үүсгэн дэлгэрүүлэхэд монголчуудын оруулсан нэмэр хандивыг улбируулан судалж, Монгол, Түвдийн түүх, шашны харилцааны улбааг мөшгин хөөсний үрээр тийм дүгнэлтийг баттай хийсэн байна. Тэрчлэн "Түвд үг чухамхүү Монголоос дэлхий даяар өргөн тархсан гэж С.Л. Кузьмин гэгч орос эрдэмтэн бичснийг (Лам нарын сэтгүүл,151 дэх талд) дурдахад илүүдэх юун. Бид "Хамаг цастын мэргэдийн оройн чимэг Зонховын өлмийд залбираму” гэж мэгзэм уншдаг. Тэгвэл одоо "Хамаг Нартын мэргэдийн оройн чимэг Зонховын өлмийд залбираму” хэмээн урих цаг болсон юм биш үү.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.